Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 11

 

Д.*******агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Б.Ариунбаяр

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Ж.Баттогтох

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******

Хариуцагч: Н.*******

Нарийн бичгийн дарга: Э.Баасандэмбэрэл нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаартайшийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******а анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.*******а миний бие газрын харилцаа барилга хот байгуулалтын газар 2006 оноос эхлэн нярав, мэдээллийн технологийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, газрын нөхөн сэргээлт уул уурхай, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгчийн ажлуудыг зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.*******ийн тушаалаар үүрэгт ажлаасаа хууль бусаар халагдсанд гомдолтой байна.

Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалын үндэслэл болох архивын тасгаас хийсэн хяналт шалгалт нь 2016.05.05-ны өдрийн 132 дугаар албан бичгээр хүсэлт хүргүүлсний дагуу байгууллагын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалт авч үр дүнг нь тооцуулан ажилласан юм.

Уг сургалтыг архивын тасгийн дарга Ш.******* зохион явуулж ажилласан. Өөрийн явуулсан сургалтын үр дүнг тооцохдоо сургалтын дараах тест авсан.

Тухайн сургалтыг авах үндсэн зорилго нь өөрийн байгууллагын ажилтнуудын архив, албан хэрэг хөтлөлтөнд хандах хандлагыг дээшлүүлэх албан бичиг төлөвлөхдөө агуулга найруулагын алдаа гаргахгүй байх, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхижуулах үүднээс санаачлан хийсэн ажил юм. Энэ нь тухайн ажилтан байгууллагыг үнэлж дүгнэх үнэлгээгээр хариуцлага тооцох ажлаас халах үндэслэл болохгүй зүйл болно.

Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн зөвлөмж нь цаашид гэрээний биелэлтийг гаргахдаа эдгээр чиглэлүүдийг ингэж ирүүлнэ гэсэн мэргэжлийн дагуух зөвлөмжүүдийг ирүүлж анхааран ажиллах ажилуудыг дурьдаж дүнг нэгтгэн ирүүлсэн албан бичиг болно. Тус ажилтан нь удирдлага хамтын ажиллагааны хэлтэст хамрагдах бөгөөд нийт аймгийнүнэлгээнд 71 оноо өгсөн нь хариуцлага тооцох үнэлгээ биш юм. Тухайн ажилтаны талаар тус байгууллагад ажлын алдаа гаргасан, иргэдтэй зүй бусаар харицсан асуудал байхгүй болно. Аймгийн ЗДТГ-с хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний үр дүнгийн илтгэх хуудсын заалт бүрээр арилган ажиллаж тайлант хугацаанд нь хүргүүлсэн болно. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 01 сарын 05-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Д.*******аг архив, бичиг хэргийн эрхлэгчээр томилж, төрийн үйлчилгээний ТҮ-5 зэрэглэлээр цалинжуулахаар тогтоосон боловч Д.*******атай Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлээгүй байна.

Д.*******а нь энэ ажлыг олон жил хийж байгаа гэх авч ажлын байрны үндсэн чиг үүрэг, ажлын байранд хийгдэх ажлууд нэг ч шаардлага хангахгүй байгааг олон удаагийн хяналт шалгалт болон тус байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөөс харагдаж байна.

1. Зөвхөн архив, албан хэргийн эрхлэгчийн орон тоонд ажиллаж байсан боловч хариутай болон ирсэн бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн бүртгэл хөтөлдөггүй, үүнээс үүдэн ирсэн бичиг, өргөдөл гомдол ор сураггүй алга болдог, архивлагддаггүй, хариуг хүргүүлдэггүй, олон иргэд сар жилээр явж хохирч байсан.

2. Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулан батлуулж, мэргэжилтнүүдээс архивын баримтыг хүлээн аваагүйгээс тайлан мэдээ, бусад архивын материал байхгүй, үүнээс үүдэн олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэд цаашлаад орон нутаг хохирч байна. Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон ажил хийгдсэн боловч тайлан баримт бичгүүд байхгүйгээс төлөвлөлт, зохион байгуулалт холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэхгүй хөгжлөөр хамгийн сул аймгийн нэг болоод байна.

Тус байгууллага нь 2003 онд байгуулагдсан, үүнээс хойш архивын нэгж үүсгэсэн байх ёстой боловч архивын үндсэн зааврыг зөрчиж он жилээр, архивлаагүй, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг бүрэн хийгээгүйгээс архивын материал дутуу, нөхөн бүрдүүлэлт хийдэггүй байгаа нь жил бүрийн хяналт шинжилгээ, үнэлгээ, бусад шалгалтаар нотлогдож байна.

3.Архив албан хэргийн мэдээ тайланг хугацаанд нь хүргүүлдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлдэггүй, байнга тайлбар тавьдаг, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгадаггүй, эргэж тайлагнадаггүй нь цаашид энэ ажлын байранд тэнцэхгүй. Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Аймгийн Засаг даргын тамгын газар, Архивын тасгаас удаа дараа хяналт шалгалт хийж ажил сайжруулах үүрэг даалгавар өгсөн боловч хариу тайлагнаагүй, ажлаа сайжруулаагүй байна.

4. 2016 оны 10 сарын 12-ны өдрөөс АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч комиссар Д.Сайнжаргал тус газарт мэдээллийн мөрөөр шалгалт хийх явцдаа хариуцлагагүй ажилласан ажилтанд арга хэмжээ тооцох, шалгалт оруулах, ажлаас чөлөлөөх даалгаварыг өгч байсан.

5. МХГ-ын улсын байцаагчийн хяналт шалгалтаар тус газрын үйл ажиллагаа их эрсдэлтэйд тооцогдож, ажлаа сайжруулах албан даалгавар өгсөн боловч биелэлтийг тооцож хүргүүлээгүй, албан бичгийг ч үгүй хийсэн байна.

6. Архив болон албан хэрэг хөтлөлтийн программыг суулгаж өгсөн боловч ажиллуулаагүй, цахим архивыг одоо хүртэлүүсгээгүй байна.

Дээр дурдсан удаа дараагийн шалгалт, хяналт шинжилгээгээр Д.*******агийн ажлын хариуцлага сул, тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг удаа дараа хэрэгжүүлээгүй зэргээс Д.*******аг Архив албан хэргийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Анхан шатны шүүх: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн *******аг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгч Д.*******агийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31ний өдрийг хүртэл хугацааны цалин 1.699.929 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******ад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 111.917 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж, шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017. Оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаартай шийдвэрийг хариуцагч Н.******* миний бие 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан зөрчлүүдийг нягталж үзээгүй мэргэжлийн байгууллагын ГХБХБГ-ын даргын хүсэлтээр 2016 оны 05 дугаар сард ажилтан мэргэжилтэнгүүдэд албан бичгийн стандарт, албан хэрэг хөтлөлт архивын баримт бүрдүүлэлтийн чиглэлээр сургалт хийж сургалтын үр дүнгээр тестээр шалгалт авч байгууллагын албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалт архивын ажилд хяналт шалгалтыг архивын тасгийн дарга улсын байцаагч Ш.******* хийж хяналт шалгалтын ажлыг илтгэх хуудсаар хүргүүлсэн байдаг.

Аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт шинжилгээн үнэлгээ хийж 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн зөвлөмжид архив албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр тодорхой хэмжээний зөрчил илэрч архивын албан хэрэг хөтлөлтийн ажил сайжраагүй нь харагддаг. Удаа дараагийн хяналт шалгалтаар хангалтгүй ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн 11 сард Архивын тасаг хяналт шалгалт хийхэд хөтлөх хэргийн нэрийн жагсаалт байхгүй байсан. Гэтэл 12 сард гэнэт хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гэж хуурамч бичиг баримттай болсон. 2010 оноос хойших бүх баримтууд дээр Д.*******а нь удирдлагын гарын үсгийг дуурайлган зурсан нь ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн40.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж заасан 2010 онд архив албан хэрэг хөтлөлтийн програм хангамжийг худалдан авч үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн Д.*******а нь мөн онд програмын сургалтанд хамрагдсан. Боловч цахим архивыг одоо хүртэл үүсгээгүй байгаа нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудсыг өгч байсан ч Д.*******а гарын үсэг зурж аваагүй.

Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архив албан хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан *******аг Хөдөлмөрийн хуудийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь хэсэгт зааснаар ажилдаа мэргэжил ур чадвараар тэнцэхгүй гэдэг үндэслэлээр хариуцлага тооцсон. *******агийн үндсэн ажил нь архив албан хэрэг хөтлөлтийн ажил байсан. Манай байгууллагад ирсэн удаа дараагийн шалгалтаар архив албан хэрэг хөтлөлтийн ажил хангалтгүй үнэлэгдэж байсан. Аймгийн хэмжээнд архив албан хэрэг хөтлөлтийн хяналт шалгалт, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх төрийн чиг үүргийг гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллага болох Завхан аймгийн архивийн тасгийн хяналт шалгалт хийгдэж үнэлгээ өгч байсан. Байгууллагын архив албан хэрэг хөтлөлтөнд 2016 онд 2 удаагийн шалгалт хийсэн, өмнө нь жил бүр жилийн эцсээр ажлыг нь дүгнэхэд архив албан хэрэг хөтлөлт муу гэж дүгнэгдсэн байдаг. Би ажлаас чөлөөлсөн тушаалдаа 2016 онд хийгдсэн 2 шалгалтыг үндэслэл болгосон.

Мөн бичиг хэргийн эрхлэгч *******агийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтанд аймгийн архивын тасагт хүргүүлсэн гэх баримт байгаа боловч Завхан аймгийн архивын тасгийн ирсэн бичгийн бүртгэлд манай байгууллагаас явуулсан гэх бичиг бүртгэгдээгүй байдаг. Энэ талаар архивын тасгийн эрхлэгчээс тодруулахад тухайн үед манай байгууллагад ******* дарга 2 сар орчим хугацаанд ажиллаж байсан бөгөөд архив албан хэрэг хөтлөлтийн ажил муу байна, ажлаа сайжруулах талаар Завхан аймгийн архивын тасгийн даргад амаар хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу аймгийн архивын тасгийн дарга шалгалт хийж арга зүйн зөвлөгөө өгсөн байсан. Энэ явуулсан гээд байгаа бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Учир нь явуулсан бичигний үдээс нь өөр байсан, бүртгэлийн дэвтрийн хуудаснаас 1 хуудас дутсан 25 байх ёстойгоос 24 хуудас болсон байсан.

Надад 11 дүгээр сард олон бичигнүүд ирсэн байснаас 1 бичиг бүртгэлээр орж ирэхэд нь ямар учиртай гэдгийг нь гайхаж байгаад жилийн эцэст баримтаа цэгцлэхдээ устгасан юм.

Явуулсан бичгийн эх хувь дээр хянасан хэсэг дээр дарга гарын үсэг зурсан байх ёстой байхад ******* гэж бичсэнийгээ ******* болгож зассан байсан. Энэ бичгийн агуулгыг харахад сургалтыг зохион байгуулж, сургалтын үр дүнг хянаж өгнө үү гэсэн байдаг. Байгууллага ажлаас сайжруулахаар сургалт явуулж өгнө үү гэсэн албан бичиг явуулдаг түүнээс биш үр дүнг хянаж өгөөч гэж бичсэн байгаа юм. Энэ нь шүүхэд өөрийгөө хамгаалахын тулд мэдүүлэгтэйгээ нийцүүлж хуурамч баримт бүрдүүлсэн бусармаг үйлдэл гэж үзэж байна. Энэ баримтыг шүүх шинжлэн судалж үнэн зөвийг олох ёстой байтал нэхэмжлэгчийн талыг барьж шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч 5 дугаар сард хяналт шалгалт хийлгэсэн нь ямар нэг ач холбогдолгүй зүйл байсан мэтээр тайлбарласан. Төрийн албанд ажил үүргээ 60 хувиас доош дүнтэй гүйцэтгэвэл тухайн ажил мэргэжилд тэнцэхгүй гэж үздэг. Манай байгууллагад ирсэн хариутай бичгийг бүртгэж цаг тухайд нь хариу хүргүүлдэггүй, баримт бичгүүдийг архивладаггүй.

Мөн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. Учир нь хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулж мрэгэжилтэнүүдээс архивт хадгалагдах баримтуудыг бүртгэж авах ёстой байтал хөтлөх хэргийн нэрийн жагсаалтгүйгээс баримт бичиг дутаж байгууллагад хохирол учирсан. Жил бүр хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг гаргасан гэх боловч хуулбарласан буюу албан тушаалтнаас нэг бүрчлэн саналыг авахгүйгээр хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг гаргахдаа даргын гарын үсгийг дуурайлган зурсан нь шүүхийн хэлэлцүүлэгийн үед нотлогдсон. Төрийн албан хаагч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч тухайн ажлын байрын тодорхойлолтонд заасан чиг үүргийг гүйцэтгэхдээ холбогдох хууль журмыг баримталж ажиллах үүрэгтэй. Байнгын ажлын байранд өмнөх гэрээг цуцлах талаар талуудаас санал гараагүй тохиолдолд өмнө байгуулсан гэрээ нь сунгагдаж явах боломжтой гэж үзэж байна.

Би ажлаа 9 дүгээр сард хүлээж авсан оны сүүлчээр ажил дүгнэх үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохыг нь мэдсэн. Архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан *******а 2015 онд Төв архивт баримт шилжүүлэх, өмнөх оны баримтуудыг цэгцлэх, шинэчилж өөрчлөлт оруулахдаа гарын үсэг зурсан гэсэн тайлбар тавьсан.

Гэвч архивын баримтуудыг дахин шинэчлэх ямар ч шаардлагагүй, архивын баримтыг авч хуулбарлаад дахин шинэчлэх ойлголт байдаггүй. Үүнийг шүүх огт анхаарч үзээгүй. Мөн ******* 2014 оны 05 дугаар сараас тус байгууллагын даргаар ажилласан байхад 2010-2016 оны бүх баримтууд дээр дарга ******* гэж бичээд гарын үсэг зурсан байсан. 2010-2012 онд даргаар ажиллаж байсан, 2012-2014 онд даргаар ажиллаж байсан. Байгууллагын архивын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг баримт бичиг нягтлан шалгах комиссоор хэлэлцүүлээд төрийн архивын баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссоор хянуулсаны дараа тухайн жилийн эхний улиралд байгууллагын удирдлагаар баталгаалах ёстой байдаг.

Байгуулагын удирдлагааар хянуулах хугацаа нь оны эхний 3 сарын хугацаа байхад энэ хугацаанд хянуулдаггүй. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгадаггүй цаашид энэ ажлын байранд ажиллах ямар ч боломжгүй юм.

Манай байгууллагын харьяа дээд газар болох Газрын харилцаа геодези зураг зүйн газар мөн Аймгийн засаг даргын тамгын газар, Архивын тасаг зэрэг байгууллагуудаас удаа дараа хяналт шалгалт хийгээд хариуцуулж даалгасан ажил үүргийн талаар хариу тайлагнаагүй. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Аймгийн засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэст хариу хүргүүлсэн гэсэн баримт гаргаж өгсөн боловч энэ бичгийг даргаар хянуулаагүй, энэ талаар мэдэгдээгүй намайг байхгүйд өөрөө дур мэдэж албан бичиг явуулсан байсан. Би хөдөө томилолтоор ажиллах үедээ Жанчивт ажлаа хариуцуулж үлдээгээд явсан байсан. *******а нь манай байгууллагыг төлөөлж өөр байгуллагад албан бичиг явуулах эрхгүй субьект гэж үзэж байна.

Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч манай байгуллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд их эрсдэлтэй гэж дүгнэлт гаргаад ажлаа сайжруулж 7 сарын 1-ний дотор хариу мэдэгдэхийн даалгасан. Архив болон албан хэрэг хөтлөлтийн програмыг компьютерт нь суулгасан ч ажлаа эхлээгүй. Газрын харилцаа геодези зурагзүйн газраас ирүүлсэн жилийн эцсийн ажлыг дүгнэсэн дүнгээс харахад хүргүүлэх ёстой мэдээ тайланг огт хүргүүлээгүй, хугацаа хэтрүүлсэнээс муу үнэлгээ авсан байсан. Энэ нь хугацаатай бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэнд хяналт тавих чиг үүрэг бүхий албан тушаалтны хариуцлагагүй байдал их нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Дээд газраас ирүүлсэн бичигт албан хэрэг хөтлөлтийн талаар хангалтгүй ажиллаж байна гэж дурдсан байсан. Хөдөлмөрийн гэрээг талууд цуцлах санал гаргаагүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцох хуулийн заалт байдаг. Мөн Төрий албаны тухай хуульд заасан төрийн албан хаагч мэргэшсэн байх, хууль дээдлэх зарчмуудыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулиар үйлчилгээний албан хаагчид албан тушаал бууруулах заалт байхгүй учраас ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэв.

Нэхэмжлэгч Д.*******агийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны гол зүйл бол хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон 2017 оны 01 дүгэээр сарны 02-ны өдрийн тушаал байгаа юм. Тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дахь заалтуудыг барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь мэдэгдэл өгөх, мөн ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа талаар нь дүгнэлт гарсан байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Мөн ноцтой зөрчил гаргасан гэж үзэхдээ байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан, байгууллагын нэр хүндийг унагаасан 2 тохиолдлыг хөдөлмөрийн гэрээнд заавал харилцан тохирох шаардлагагүй, бусад тохиолдлыг ноцтой зөрчил гэж үзэхээр бол зайлшгүй хөдөлмөрийн гэрээнд заах ёстой байсан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд дотор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам байхгүй байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ноцтой зөрчил гэсэн ойлголт байх боломжгүй юм. Сахилгын зөрчил дээр мөн хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон зүйл байхгүй учраас сахилгын хариуцлага тооцох үндэслэл байхгүй юм.

Архивын шалгалт 2016 оны 5 сард сургалт явагдаж шалгалт авсан байдаг. Энэ шалгалт нь түвшин тогтоох шалгалт биш энэ хүнд арга хэмжээ авах зорилготой байсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа. Архивын байгууллагаас ирүүлсэн илтгэх хуудсыг зөрчил гэж үзэж байгаа бол 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой байсан. Илтгэх хуудсыг хариуцагч байгууллагын төлөөлөгч хүлээж аваад 2016 оны 11 сарын 22-ны өдөр хэлтсийн дарга нарт үүрэг өгч цохолт хийсэн байдаг. Энэ цохолт хийсэн хугацаанд тухайн зөрчлийг ажил олгогч мэдсэн гэж үзэж байна. Ажил олгогч мэдсэнээс хойш 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой байхад хуульд заасан хугацаанд арга хэмжээ аваагүй.

Нэхэмжлэгчээс архив албан хэрэг хөтлөлтөнд гаргасан зөрчлийг арилгаад тайланг нь албан бичгээр явуулсан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Үүнийг хариуцагч байгууллагаас ямар нэгэн байдлаар үгүйсгэсэн тайлбар гаргаагүй.

Мөн баримтанд удирдлагын гарын үсэг зурсан тухайд хариуцагчаас гаргасан эхний тайлбартаа энэ талаар дурдаагүй, шүүх хуралдаан эхлэхээс 7 хоногийн өмнө хуурамчаар гарын үсэг зурсан байна гэсэн тайлбар өгсөн байсан. Улсын дээд шүүхийн 2012 оны зөвлөмжинд зааснаар тухайн шийдвэрт баримталсан хуулийн заалт нь үндэслэл агуулгатайгаа нийцсэн байх ёстой гэж заасан. Гэтэл шийдвэрт агуулга нь тусгагдаагүй, яг ямар зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халж байгааг тусгаагүй байсан. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Анхан шатны шүүх зохигчдийн хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Хөдөлмөрийн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Д.*******а нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстөй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг хариуцагч Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.*******аг тус байгууллагын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалтууд, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалтыг тус тус баримталжээ.

Нэхэмжлэгч Д.*******а үндэслэлээ ... тус байгууллагад ажлын алдаа дутагдал гаргасан, иргэдтэй зүй бус харьцсан асуудал байхгүй, архивын тасгаас хийсэн хяналт шалгалт нь өөрийн байгууллагын ажилтануудын архив, албан хэрэг хөтлөлтөнд хандах хандлагыг нэмэгдүүлэх зорилготой байснаас биш миний мэдлэг, ур чадваруудыг шалгаж дүгнэсэн шалгалт биш ...гэж тайлбарлажээ.

Хариуцагч байгууллага үндэслэлээ ...Д.*******а нь энэ ажлыг олон жил хийж байгаа боловч ажлын байрны үндсэн чиг үүрэг, ажлын байранд хийгдэх ажлууд нь нэг нь ч шаардлага хангахгүй байгааг олон удаагийн хяналт шалгалт тогтоосон... гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар Д.*******а нь мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон, мөн ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хариуцагч байгууллага нь Д.*******аг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон тайланд хийсэн хяналт шинжилгээний дүн аймгийн ЗДТГ-аас хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнг үндэслэж, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн зөвлөмж хүргүүлэх тухай 1/1167 тоот албан бичиг, аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарын 2016 оны эхний хагас жилийн ажлыг дүгнэсэн тайлан, аймгуудын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэнд өгсөн дундаж үнэлгээ зэргийг шүүхэд ирүүлжээ.

Эдгээр баримтуудад тус газрын архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаар дурдаагүй, харин аймгийн засаг даргын тамгын газраас тус газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн илтгэх хуудсанд тус газрын архив, албан хэрэг хөтлөлттөй холбоотой хэд хэдэн алдаа дутагдалууд байгааг дурдаад цаашид зөрчил дутагдалаа арилгаж, байгуулагадаа ажлаа эхнээс нь шинэчлэн хэрэгжүүлэхийг зөвлөмжилсөн байна.

Иймээс дээрх баримтууд нь Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн эрх бүхий байгууллагын шийдвэр байх ба архив, бичиг хэргийн эрхлэгч Б.*******агийн мэргэжил, ур чадварын талаар дүгнэсэн баримтууд биш гэж үзнэ.

Мөн ажил олгогч нь Д.*******аг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журманд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тушаалдаа баримталсан байх ба талуудын хооронд байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журам хэрэгт авагдаагүй тул түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байжээ.

Иймд нэхэмжлэгч Д.*******аг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй бйасан хугацааны нөхөх олговорыг олгохоор тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Завхан аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Эрдэнэцэцгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД  Т.ЖАРГАЛСАЙХАН

Ж.БАТТОГТОХ