Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 00361

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг  19-06 тоотод  оршин суух “Шарнууд” овогт Маруушийн Энхдалай /РЮ-75022207/-гийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 28-11 тоотод оршин суух “Базар” овогт Баяраагийн Хөвсгөлдалай /РА-86050801/-т, холбогдох

Зээл 1.570.000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч М.Энхдалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Хөвсгөлдалайтай 2015 оны 08 дугаар сарын 25-нд зээлийн гэрээ байгуулан 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 1.000.000 төгрөг зээлүүлсэн юм. 2015 оны 9 дүгээр сарын 25-нд 200.000 төгрөг өгсөн түүнээс хойш өдий хүртэл элдэв шалтаг тоочин өгөхгүй байна. 2016 оны 7 дугаар сард эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч ирээгүй гэсэн шалтгаанаар буцсан. Ингээд 2016 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн сум дундын шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 9 дүгээр сард Б.Хөвсгөлдалайг эрэн сурвалжлуулахаар Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас Б.Хөвсгөлдалай нь Хөвсгөл аймаг Мөрөн сумын 14-28-11 тоотод түр оршин сууж байгаа болохоор өөрийн биед нь мэдэгдсэн. 90290508 дугаарын утастай болохыг тодорхойлсон албан тоот ирсэн.

Иймд миний зээлдүүлсэн 1.000.000 төгрөг, хүү 500.000 төгрөг, эрэн сурвалжлуулсан 70.000 төгрөг нийт 1.570.000 төгрөгийг Б.Хөвсгөлдалайгаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Б.Хөвсгөлдалай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Хөвсгөлдалай нь М.Энхдалай эмчээс 2015 оны 8 дугаар сарын 25-нд 1.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. Авснаасаа хойш 200.000 төгрөг өгөөд илүү мөнгө өгч амжаагүй тул нэхэмжилсэн 1.570.000 төгрөгийг М.Энхдалайд өгч барагдуулах болно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Энхдалай нь хариуцагч Б.Хөвсгөлдалайгаас зээлийн төлбөрт 1.570.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь “....1.570.000 төгрөгийг төлж барагдуулна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн, нэхэмжлэгчид хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбарыг танилцуулахад нэхэмжлэгч нь “....хариуцагч Б.Хөвсгөлдалай нь нэхэмжилсэн 1.570.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбараар шийдвэрлэж өгнө үү....” гэх тайлбарлаа шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.070  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хөвсгөлдалайгаас 20.035 төгрөг, улсын орлогоос буцаан 20.035 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Энхдалайд олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч М.Энхдалайгийн нэхэмжлэлийн 1.570.000 /нэг сая таван зуун далан мянга/ төгрөгийг хариуцагч Б.Хөвсгөлдалай төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Энхдалайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.070  /дөчин мянга дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хөвсгөлдалайгаас 20.035 /хорин мянга гучин тав/ төгрөг, Голомт банкны Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 20.035 /хорин мянга гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Энхдалайд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ