Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

  

 

 

 

 

 

 

 

    2021         01        12                                    2021/ШЦТ/29

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 2009000001240 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн Мэдээлэл технологийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, эхийн хамт урьд ял шийтгэлгүй, Г.Б

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УБ Комидей Клуб”-ын гадна хохирогч Э.Бат-Амгалантай хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр нь тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. 

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бат-Амгалан /хх-ийн 4-5/, гэрч А.Булгантамир /хх-ийн 9/, гэрч Х.Энхзул /хх-ийн 10/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10426 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/, мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-21/, хохирогч Э.Бат-Амгалангийн эмнэлэгт үзүүлсэн болон хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 43-77/, Г.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, Г.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-34, 36-40/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Г.Бын ажлын тодорхойлолт, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “УБ Комедей Клуб”-ын гадна иргэн Э.Бат-Амгаланг “төрсөн өдөртөө урьсангүй, хэл амаар доромжлолоо” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Э.Бат-Амгалангийн /хх-ийн 4-5/: “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний  23 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 2  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “УБ Комидей Клуб”-ын гадна найз Г.Бтай таарсан. Г.Б нэг найзтайгаа явж байсан. ...Г.Б надтай “төрсөн өдөрт уриагүй” гэх шалтгаанаас болж маргалдаад зогсож байсан чинь ...тоглоомоор миний баруун талын хөл рүү өшиглөсөн. ...Миний халаасанд байсан гар утас унаад би Г.Б руу уурлаад “би чамтай юм ярихгүй” гээд цааш явсан. Тэгтэл Г.Б ардаас дуудаад найзтайгаа хүрээд ирсэн. Тэгээд тухайн үед бас маргалдаад цохих ямар ч шалтгаан байхгүй байхад гэнэт над руу уурлаад шууд миний нүдний шил рүү цохисон. ...нүдний шил хагараад нүдний ойролцоо шилнүүд нь зоогдсон. Миний зүүн талын нүдэнд их хэмжээний хохирол учирсан. Тухайн үед шууд Гэмтлийн эмнэлэг орж нүдэндээ 9 оёдол тавиулсан. Шүүх эмнэлэгт үзүүлээд дараа нь Орбита эмнэлэгт үзүүлэхэд “яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гээд 09 дүгээр сарын 15-ны өдөр хагалгаанд орсон. Одоо зүүн нүд өвддөг. Хөндүүр зовиур ихтэй, хараа өмнөхөөсөө улам муудсан мөн сорвитой үлдсэн...” гэх мэдүүлгээр,

 

Э.Бат-Амгалангийн биед “зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд шарх, зүүн хацар, дээд уруулын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10426 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 12-13/,

 

мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн “...10426 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Э.Бат-Амгалангийн биед учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1204 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр /хх-ийн 19-21/,

 

гэрч А.Булгантамирын /хх-ийн 9/: “...Г.Б, Э.Бат-Амгалан хоёр маргалдсан. ...Г.Б нь Э.Бат-Амгалангийн зүүн нүд рүү цохиход нүдний шил нь хагарч нүд нь зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Х.Энхзулын /хх-ийн 10/: “...Би Э.Бат-Амгалангийн гар утсыг аваад “явъя” гэхэд Г.Б нь араас дуудаад Э.Бат-Амгалангийн зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

Г.Бын яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 28-29/: “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний 11 цаг 00 минутын үед Ц.Булгантамирын хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо “УБ Комидей Клуб”-ын баруун талд Э.Бат-Амгалан гэх багын найзтайгаа таараад “сайн уу, юу байна, төрсөн өдрийн мэнд хүргэе” гэж хэлээд баруун гуянд нь хөлөөрөө хүрсэн чинь халааснаас нь гар утас нь уначихсан.  ...Э.Бат-Амгалан “яагаад хүний утас унагаад байгаа юм бэ” гээд уурлаад “согтуу байгаа юм уу, уусан юмаа шингээгээч” гэж хэлэхээр “уучлаарай” гэж хэлсэн. ...тэгтэл дахин доромжлоод байхаар нь нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиход нүдний шил нь хагарсан. Би одоогоор хохирлын 5.000.000 төгрөг төлсөн.  ...цаашид гарах хохирлын зардлыг мөн төлөх болно...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогч нарын таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үүдэн гарсан, шүүгдэгч нь өөрийн санаатай үйлдлээрээ хохирогчийг зодсон, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүгдэгчийн хүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Г.Б нь Э.Бат-Амгаланг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Г.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Б нь хохирол, хор уршгийн төлбөрт 6.000.000 төгрөг нөхөн төлсөн байх ба хохирогч Э.Бат-Амгалан нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.  

 

Харин хохирогч Э.Бат-Амгалан нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой хор уршгийн талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Г.Б нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж эрүүл мэндэд нь хохирол учруулах замаар нийгэмд тогтсон ёс суртахуун, иргэдийн амар амгалан амьдрах, бусдын эрхийг үл хүндлэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас гаргуулах үндэслэл хэмжээ нь тогтоогдсон хохирол төлбөрийг нөхөн төлсөн ба цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаархи баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа  зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Г.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

     Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

      4. Шүүгдэгч  нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

     5. Хохирогч Э.Бат-Амгалан нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэлтэй холбоотой хор уршгийн талаарх шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

        6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                                      

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ