| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/32 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/32
2021 01 13 2021/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
улсын яллагч: Ж.Энх-Амгалан;
шүүгдэгч: Ц.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай группт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд Ховд аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ц.Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн 66-59 УБЦ улсын дугаартай, хар өнгийн “Тоёота приус-20” маркийн авто машинаар бусдад такси үйлчилгээ үзүүлэхдээ Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн хийд орчимд тухайн авто машинаар хүргүүлж буусан хохирогч З.Ариунзаяагийн мартаж үлдээсэн цүнхтэй эд зүйл болон “Айфоне-11 про” загварын гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж тухайн гээгдэл эд хөрөнгийг хувьдаа завшиж хохирогчид 2.679.600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримт шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...Миний машинд гар утсаа үлдээсэн байсан. Би тэр утсыг 14 хоног хадгалж байгаад гэрт хүнсгүй болоод утсыг зарчихсан. Тухайн утас руу зурвас явуулсан байсан. Би мессежийг уншиж чадаагүй. Буцааж нөгөө хүнээсээ гар утсыг аваад хохирогчид өгсөн. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Ариунзаяа /хх-ийн 14-15, 22-23, 24-25/, гэрч И.Билгүүн /хх-ийн 28-29/, насанд хүрээгүй гэрч Б.Даваа /хх-ийн 31-32/ нарын мэдүүлэг, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/, Ц.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-8/, Ц.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-42/, Хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 44/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 49/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 46-47/, хөгжлийн бэрхшээлтэй гэх үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50/, З.Ариунзаяагийн хүсэлт /хх-ийн 62/, яллагдагчаар татах тогтоол нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 67-68/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутагт байрлах Дамбадаржаагийн хийд орчимд иргэн З.Ариунзаяаг “Тоёота приус-20” маркийн 6659 УБЦ дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн бөгөөд З.Ариунзаяа авто машинаас буухдаа цүнхтэй эд зүйл болон “Айфоне-11 про” загварын гар утсаа уг авто машин дотор мартаж гээгдүүлснийг мэдсээр байж дээрх эд зүйлсийг нь хувьдаа завшиж 2.679.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч З.Ариунзаяагийн /хх-ийн 22-23, 24-25/: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 6-н буудалд байрлах “Оргил” гэх нэртэй худалдааны төвөөс хүнсний зүйлс худалдаж аваад өөрийн найз залуу болон 6 настай эрэгтэй дүүгийн хамт такси барих гээд зам дээр зогсож, гараа өргөхөд “Тоёота приус-20” маркийн, хар өнгийн авто машин зогсохоор нь тухайн авто машины жолоочийн хажуу талын суудал дээр суусан. Манай найз залуу дүүг маань аваад арын суудал дээр суусан. Тэгээд бид 3 Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн хийдийн баруун талд байдаг хамаатны эгчийнхээ гэрийн гадна хүргүүлсэн. Тухайн үед бидэнд бэлэн мөнгө байхгүй байсан учраас таксины мөнгийг найз залуу Б.Долгионы “ХААН” банкны 5027586906 дугаарын данснаас 4000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд эгчийндээ ороод өөрийн цүнхээ такси дотор орхисон гэдгээ мэдээд буцаад гарахад тухайн такси явсан байсан. ...цүнх дотор “Айпоне-11 про” загварын хар, саарал өнгийн гар утас, тус утасны цэнэглэгч, жолооны үнэмлэх, хэрэглэж байсан гоо сайхны хэрэгсэл, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлс байсан. ...Гар утсаа одооны зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ, гоо сайхны хэрэгслийг хэрэглээд дуусаж байсан учраас үнэлэх шаардлагагүй, би гар утсаа л үнэлж байна. ...2020 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө Цагдаагаас над руу яриад “эд зүйлсээ гээсэн авто машиныг чинь олсон, ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй байна” гэж хэлсний дараа гэнэт “Б.Даваа” гэх нэртэй фейсбүүк дээр миний жолооны үнэмлэхийн зургийг тавиад “олсон” гэж зар оруулсан байсан. Тухайн хүн цагдаад баригдаад гэнэт миний жолооны үнэмлэхээр зар оруулсан байсан. ...Би алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,
насанд хүрээгүй гэрч Б.Даваагийн /хх-ийн 31-32/: “...тэр хүний цүнх дотор жолооны үнэмлэх байсан тул “Мэдэхгүй зүйлээ асуу” гэсэн нэртэй групп дээр автомашины жолоочийн үнэмлэхийн зураг аваад Ц.Б гэсэн аавын фейсбүүк хаягаар пост тавьсан. ...замын цагдаа дээр очоод нөгөө хүний жолоочийн үнэмлэхийг үзүүлээд гар утас нь гарч ирэх болов уу гэж асуусан боловч олдоогүй. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод аав “миний машин дотор хүн цүнх мартаад буусан” гээд жолооны үнэмлэхийг нь үзүүлсэн. ...бусад эд зүйл нь миний автомашин дотор байгаа гэхэд манайх авдаггүй юм, 1950-д ... жолооны үнэмлэхийг бүртгүүлэх гэж хэлэхээр нь бүртгүүлсэн...” гэх мэдүүлгээр,
Ц.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 4-8/: “...Намайг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны 07-08 цагийн үед гэр рүүгээ явж байхад “Оргил” гэх нэртэй худалдааны төвийн хажууд 3 хүн такси барих гээд гараа өргөхөөр нь зогссон. Тэдгээр хүмүүсийг Дамбадаржаа руу хүргэж өгсөн. Тус газарт хүргэж өгөхөд таксины мөнгө 4000 төгрөг болсон бөгөөд ...бэлэн мөнгө байхгүй байсан учраас миний данс руу интернэт банкаар 4000 төгрөг шилжүүлсэн. Би интернэт банкаа шалгаж үзэхэд мөнгө орсон байсан. Тэгээд би тухайн газраас хөдлөөд гэртээ харьсан. Гэрт ороод шууд унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод охинтойгоо машин дотор суухад охин маань “хойд суудал дээр цүнх байна” гэж хэлсэн. Тэгээд өглөөний 09 цагийн үед Дамбадаржаа дээр ирээд урд өдөр нь хүргэж өгсөн хүний хашааг хайгаад олохгүй байсан тул тэндээсээ явсан. ...Би Ариунзаяа гэх хүний гар утсыг мөнгө хэрэгтэй байсан болохоор нь зарсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь “бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа авснаа өөрөө мэдүүлсэн, шүүгдэгчийн гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдлийн улмаас хохирогч хохирсон үр дагавар бий болсон, хохирогч эд хөрөнгөө гээгдүүлснээ мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлын үнэлгээг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэн З.Ариунзаяагийн гээгдүүлсэн “цүнх, гоо сайхны хэрэгсэл, чиптэй түлхүүр, жолооны үнэмлэх, гар утасны цэнэглэгч, “Айфоне 11 про” загварын гар утас зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх санаа зорилгоор, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож, хувьдаа авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Ц.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…гээгдэл эд хөрөнгө...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч З.Ариунзаяагийн “…эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан тул гомдол, санал байхгүй…” гэсэн байр суурь хавтаст хэргийн 62-63 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Быг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж, шүүгдэгч Ц.Бт 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргав.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Б-т 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ