Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

 

 

 

 

    2021        01         13                                             2021/ШЦТ/35

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;

            улсын яллагч: Д.Даваадорж /томилолтоор/;

            шүүгдэгч: А.С /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хот тохижилт” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 480 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 18/867 дугаар тогтоолоор эдэлж дууссан, А.С.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч А.С нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай шатахуун түгээх газар”-т машин дотор иргэн Ө.Цэрэнтогтохтой “найз охинтой мессеж бичиж, утсаар ярилаа” хэмээн хардан маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн

зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 8-11/, хохирогч Ө.Цэрэнтогтох /хх-ийн 13-14/, гэрч Б.Очмаа /хх-ийн 17-18/, гэрч С.Нямсайхан /хх-ийн 21-22/, шинжээч Ж.Ганцэнгэл /хх-ийн 23-24/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13050 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/, А.Сын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, хохирлын баримтууд /хх-ийн 42/, А.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-44, 47-52, 60-63/, өмнөх ялаа эдэлж дууссан гэх баримт /хх-ийн 58/, Ө.Цэрэнтогтохын хүсэлт /хх-ийн 65/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.С нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Шунхлай” шатахуун түгээх газрын ойролцоо автомашин дотор иргэн Ө.Цэрэнтогтохыг “найз охинтой минь мессеж бичиж, утсаар ярилаа” хэмээн эр, эмийн хардалтын улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ө.Цэрэнтогтохын /хх-ийн 13-14/: “...Хангай хотхонд Очмаагийн ажилладаг дэлгүүр байдаг. ...Дэлгүүрийнх нь ойролцоо очих үед Очмаа гурвуулаа гарч ирсэн. Тэгээд машинд гурвуулаа суусан. Би “машинаас гаръя” гэж хэлсэн. Тэгтэл Очмаагийн найз залуу нь “миний машинд суучих” гэсэн. Тэгээд би тэр гурвын машинд суусан. Тэгтэл машинаа асаагаад шатахуун түгээх станц дээр очсон. ...би Очмаагийн найз залуутай машины хойд талын суудал дээр суусан. ...”Очмаатай ямар харилцаатай вэ?” гэж асуухаар нь “найзын харилцаатай, өөр ямар нэг харилцаа байхгүй” гэж хэлсэн. ...гар утсаа үзүүлчих гэж хэлэхээр  нь юм бодолгүй гар утсаа үзүүлсэн. Тэгтэл 6 сарын өмнө Очмаатай харилцаж байсан мессежийг үзээд уурлаад намайг цохисон. ...Тэгээд хамар халуу дүүгээд хамраас цус гарсан. Энэ үед л хамар гэмтэл авсан гэж бодож байна” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Очмаагийн /хх-ийн 17-18/: “...Би өөрийн найз залуу А.С-тай үерхэж байгаад 2 cap түр салсан. Би Хангай хотхоны дэлгүүрт ажиллаж байх үед тус байрны оршин суугч Ө.Цэрэнтогтох ...нэг өдөр надаас миний утасны дугаарыг асуухаар нь өгчихсөн. Тэгээд бид хоёр мессежээр харьцаж эхэлсэн. Би удалгүй найз залуутайгаа эвлэрээд буцаад нийлсэн. Тэрнээс хойш Ө.Цэрэнтогтохтой холбоогоо тасалсан. ... Ө.Цэрэнтогтохтой мессеж бичиж байсныг манай найз залуу хараад “энэ хэн юм?” гэж асуухаар нь “манай найз байгаа юм” гэж худлаа ярьсан чинь шууд залгаж надаар утсаар яриулахад Ө.Цэрэнтогтох урдаас намайг таниад юм ярьсан. Тухайн үед би утсаар ярьчхаад найз залуудаа утсаа өгсөн. Манай найз залуу миний өмнөөс Ө.Цэрэнтогтохтой мессеж бичээд байсан.  Удалгүй Ө.Цэрэнтогтох намайг “гараад ир” гээд мессеж бичсэн байсан. Манай найз залуу намайг дагуулаад Ө.Цэрэнтогтохтой уулзсан. Тухайн үед манай найз залуугийн найз Нямсайхан хамт явж байсан. Ө.Цэрэнтогтохтой манай найз залуу юм ярих гээд Нямсайханы машинд суусан. Тухайн үед Нямсайхан бензин авах хэрэгтэй гээд Шунхлай клонк дээр очоод байж байх үед манай найз залуу Ө.Цэрэнтогтохын утсыг үзэж байгаад надтай өмнө нь чаталж байсан чатыг үзээд уурлаад Ө.Цэрэнтогтохыг цохиод эхэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Нямсайханы /хх-ийн 21-22/: “...Очмаагийн утас руу нэг хүн мессеж бичсэн байсан. ...А.С уг дугаар руу Очмаа юм шиг өмнөөс нь мессеж бичсэн. ...Очмаа руу нөгөө залуу нь залгасан. ...тэгтэл нөгөө залуу нь Очмаагийн ажилладаг дэлгүүрийн хажуухан талд байсан. Тэр үед нэг залуу ганцаараа машиндаа сууж байсан. Уг залууг А.С миний машинд суулгасан. ...А.С нөгөө залуугаас “ямар учраас Очмаатай уулзах гээд байгаа юм бэ ...” гэх мэт асуулт тавьсан. ...тэгээд нөгөө залуугийн утсыг нь үзсэн чинь өмнө нь Очмаа руу хайртай гэсэн утга бүхий чат бичсэн нь байсан гэсэн. Тэгээд тэрийг нь А.С уншаад уурлаад нөгөө залууг нэг удаа цохисон. ...Ө.Цэрэнтогтохын хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

Ө.Цэрэнтогтохын биед “хамрын ясны хугарал” бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13050 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 26-27/,

 

А.Сын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 34-35/: “...манай эхнэр Очмаа руу “хайртай шүү, санаад байна, дээр гомдсон уу ...дахин би тэгэхгүй” гэсэн утгатай мессеж байсан учир уурласан. ...Тэгээд тэр залуугийн нүүр лүү 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь өөрийн санаатай үйлдлээрээ хохирогчийг зодсон, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүгдэгчийн хүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогч гэмтсэн үр дагавар бий болсон, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, А.С нь Ө.Цэрэнтогтохыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан А.С-ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Ө.Цэрэнтогтохын “...А.Саас 1 сая төгрөг авсан нь үнэн. Одоо гомдол санал байхгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 65 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч А.Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч А.С нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ