Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00368

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн Чулуут гэх газар оршин суух “Согоот” овогт Хишигжаргалын Октябрь /РС-87110711/-н нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр баг Чулуут гэх газарт оршин суух “Хотгойд” Энхтөрийн Долзод /РЮ-88090105/,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1097 дугаарын үнэмлэхтэй, “Уран хайрхан” овогт Бямбасүрэнгийн Отгонцэцэг / РС-79102022 /,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 27-07 тоотод оршин суух “Халиугчин” овогт Дашнямын Лхагвадорж /РГ-76121817/-д холбогдох

Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1103 дугаарын үнэмлэхтэй “Барнууд” овогт Баадайн Батдорж /РЮ-59062819/

Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол нийт 2.294.280 /хоёр сая хоёр зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долзод, түүний өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч Д.Лхагвадорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.Октябрь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Октябрь би Мөрөн сумын 13 дугаар хорооны нутагт 2016 оны10 дугаар сарын 31-ний өдөр Д.Лхагвадорж нь 5183 ХӨА улсын дугаартай ЗИЛ-130 маркийн машин жолоодож яваад Мустанг-5 маркийн мотоцикл жолоодож явсан намайг мөргөж би биедээ хүндэвтэр гэмтэл авсан бөгөөд зүүн хөл шилбээр хугалж, тархиндаа хавантай учир Улаанбаатар хот руу эхнэр Э.Долзодын хамт явж эмчилгээ хийлгүүлээд ирээд мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Би ингэж хот явахдаа эм тариа мөн үзүүлэхэд 1.799.380 төгрөг, замын зардалд 163.000 төгрөг, хоолонд 50.400 төгрөгийг бензин 25.500 төгрөг, дэлгүүрээс авсан хэрэглээ 48.000 төгрөг Улаанбаатарт таксины хөлс 208.000 төгрөгийг тус тус нийт 2.294.280 төгрөгийн зардал гараад мөн одоо ч би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд баримтгүй зардал ч мөн их гарсан билээ.

Д.Лхагвадорж нь эмчилгээний зардал тухайн үед нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэж байх үед хөлөө хадуулах гарсан зардлыг төлсөн учир эвлэрснээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан боловч миний бие эрүүл мэндийн байдал сайжрахгүй онош тодруулахаар Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт үзүүлж эмнэлэг орох замдаа татаж ухаан алдаж унаж 3 дугаар эмнэлгээс байнга тусламж авч байсан бөгөөд тархинд гэмтэлтэй мөн чих сонсголгүй болсон нугас руугаа дагаж өвддөг тул мэдрэлийн эмчийн хяналтанд бай гэсэн тул би одоо аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэдрэлийн эмнэлэгт хэвтэж байгаа болно.

Х.Октбярь би Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэний зардал болох 2.294.280 төгрөгийг Д.Лхагвадоржоос нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долзодын шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай нөхөр одоо авто аваарын гэмтлийн улмаас дүлий болсон тул би өмнөөс нь шүүх хуралдаанд оролцож байгаа болно. 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Х.Октябрь аваарт орсон ба тэр үед гэмтлийн зэрэг нь хүндэвтэр гэж дүгнэлт гарсан. Одоо манай нөхрийн бие махбодид тухайн үед болсон  аваарын ослын улмаас үүдэж 2017 оны 1 дүгээр сард татаж унаж хэлгүй, дүлий болсон юм. Үүний улмаас УБ хотруу яаралтай яв гэсний дагуу УБ хот явж эмчлүүлэхэд гарсан зардлаа нэхэмжлэж шүүхэд хандсан болно.

Иймд хариуцагч Лхагвдоржоос эмчилгээ, унаа болон бусад зардалд нийт 2.294.280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Лхагвадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр аваар хийж үүний улмаас Х.Октябрийн биед гэмтэл учирч хөл нь хугарсан нь үнэн болно. Би хөл хугарахад гарсан зардлыг нь өгсөн ба тухайн үед бид хоёр эвлэрээд хэрэг нь хэрэгсэхгүй болсон юм.

Гэтэл үүнээс хойш гарсан эмчилгээний зардал гэж 2.294.280 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Октбярь нь хариуцагч Д.Лхагвадоржоос Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 2.294.280 /хоёр сая хоёр зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Лхагвадорж нь “Зам тээврийн ослын улмаас учирсан гэх гэм хорын хохирол 2.294.280 төгрөг гаргуулна” гэснийг төлөхгүй гэж маргаж байна.

Зам тээврийн ослоос нэхэмжлэгч Х.Октбярын биед учирсан гэмтлийн улмаас шалтгаалан түүнд эмчилгээний болон бусад зардал гарсан болох нь Тухайлбал:

Нэхэмжлэгч Х.Октябрь болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Долзод нарын “....2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.Лхагвадоржтой мөргөлдөж авто осол гаргасан. Үүнээс болж би эрүүл мэндээрээ хохироод байна....” гэх нэхэмжлэл, тайлбар мэдүүлэг,

            Хариуцагч Д.Лхагвадорж “....би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр аваар хийж үүний улмаас Х.Октябрийн биед гэмтэл учирч хөл нь хугарсан нь үнэн болно....” гэх тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 342 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын хуулбар,

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын “Далайн-Элбэрэлт” өрхийн эмнэлгээс Хишигжаргалын Октябрьт нээж олгосон эмнэлгийн карт, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 306 дугаартай,  2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 290 дугаартай Яаралтай тусламжийн хуудсууд,

Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /36-р маягт/, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүгнэлт,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 598 дугаартай “....Хишигжаргалын Октябрийн биед гэмтэл учирсан байна...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх. Үүнд: 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 65.200 төгрөгийн хот хооронд зорчих тасалбар, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 65.200 төгрөгийн хот хооронд зорчих тасалбар, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Улсын нэгдүгээр эмнэлэгт MRA-д харуулсан үзлэгийн баримт 135.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Улсын нэгдүгээр эмнэлэгт арьс харшилд үзүүлсэн үзлэгийн баримт 3.000 төгрөг, “Хийлс-Эйд” ХХК-ний 300.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Хийлс-Эйд” ХХК-ний 110.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Үлэмж эмийн сангаас 480.000 төгрөгийн эм тариа авсан баримтуудыг тус тус үнэлж, нийт эмчилгээний зардалд 1.158.400 төгрөг гаргуулж шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу хот явж эмчилгээ хийлгэхдээ хэрэглэсэн хоол хүнс, унааны зардал гэх 1.135.740 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь: “....Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхдаа авч хэрэглэж байсан хоол хүнс, такси, эмчилгээнд зарцуулсан....” гэж тайлбар мэдүүлэг өгч байх хэдий ч хэрэгт авагдсан зарим баримтуудыг нэхэмжлэгч Х.Октябрийн эмчилгээ, замын зардалд зарцуулсан болох нь нотлогдохгүй ба Иргэний хуульд “эд хөрөнгөд учруулсан бодит хохирол”-ыг нөхөн гаргуулж болохоор заасан боловч нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага “эмчилгээний болон хоол хүнс, унааны зардал 2.294.280 төгрөг” гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна.

Иймд хариуцагч Д.Лхагвадоржоос нэхэмжлэлийн шаардлага 2.294.280 төгрөг гаргуулахаас нотлох баримтаар нотлогдож байгаа эмчилгээний зардалд 1.158.540 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Октябрьт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1.135.740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж ирүүлсэн доорхи баримтыг үнэлээгүй болно. Үүнд: Бэлэн мөнгөний орлогын баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж хуульд заасан ба уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Мөн хэрэгт зорчигч Ням-Очирын 32.600 төгрөгийн хот хоорондын зорчих тасалбар авагдсан нь ойлгомжгүй хэрэгт хамааралгүй, Жаргалант дэлгүүрийн 44.500 хүнс барааны тасалбар, Light house pub-аас авсан хоолны 3.500 төгрөгийн тасалбар, Магнай петролиум ХХК-аас авсан 25.500 төгрөгний шатахууны тасалбар, Урьхан ХХК-аас авсан хоолны үнэ 6.000 төгрөгийн тасалбар, Monbakery-1 эмнэлгээс 72.630 төгрөгийн эм, тариа, хүнсний тасалбар, Армон эмийн сангаас авсан эм тарианы үнэ 16.000 төгрөгнийн тасалбар, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 560.000 төгрөгийн баримт, Мөнхийн тун мед ХХК-наас авсан тарианы үнэ 6.500 төгрөгийн баримт бэлэн мөнгөний орлогын баримт авсан хоол цайны мөнгө 7.000 төгрөгийн тасалбар, Монос Улаанбаатараас 107.830 төгрөгийн эм тариа авсан баримт, Өлзийдэн ХХК-аас 21.550 төгрөгийн эм тариа авсан баримт, Монгол эмимпексээс 43.560 төгрөгийн эм тарианы баримт хэрэгт авагдсан боловч хэн авсан нь тодорхойгүй нэр байхгүй болон зарлагын баримт хэрэгт авагдаагүй, хаанаас хэн ямар эд зүйл авсан нь тодорхойгүй, өгсөн, авсан хүний гарын үсэг байхгүй байх тул дээрх баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гэм хорын улмаас учирсан хохирол байна гэж үзэн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн, харин хариуцагч Д.Лхагва-Очироос 1.158.540 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 32.352 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэдэг болно.

Иргэдийн төлөөлөгч Ө.Даваахүү нь шүүхэд “....би 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон Арбулаг сумаас шүүх хуралдаанд оролцохоор ирсэн боловч миний охин Цэцэгмаа нь тус шүүх хуралдаанд оролцохоос өмнө утсаар ярьж шатнаас унаж хөлөө хугалсан тул Ө.Даваахүү намайг шүүх хуралдаан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэнэ үү....” гэх хүсэлт ирүүлсэн байх ба хэргийн оролцогч нар нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж  хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь; 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.Лхагвадоржоос эмчилгээний зардалд 1.158.400 /нэг сая нэг зуун тавин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Октябрьт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэнийг буюу 1.135.880 /нэг сая нэг зуун гучин таван мянга найман зуун ная/  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Х.Октябрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Лхагвадоржоос 32.352 /гучин хоёр мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ

                                                                  ШҮҮГЧИД                          Н.БЯМБАСҮРЭН

                                                                                                             Б.МӨНХТУЯА