Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 127

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн “А” танхимд  хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1995 оны 03 сарын 07-нд төрсөн, эмэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3-р баг, Цагаан дэл 1-4 тоотод оршин суух, ам бүл 4, ээж, аав, хүүгийн хамт амьдардаг, РД:ЗЕ95030708 регистрийн дугаартай, Баяуд овогт Бат-Очирын Отгончимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1996 оны 12 сарын 29-нд төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, Техникийн их сургуулийн 1-р курст сурдаг, ам бүл 2, эмээгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Алтай 11-10 тоотод түр оршин суух, РД:ЗП96122912 регистрийн дугаартай, Ажаа аравынхан овогт Хүрэлийн Нямдоржид холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 сарын 22-ны өдөр 139/2017/00093/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Б.Отгончимэг,     хариуцагч Х.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Нямдоржтой 2014 оноос эхлэн үерхэж эхэлсэн. Ингээд 2015 оны 07 сарын 09-нд хүүтэй болсон. Хүү маань одоо надтай хамт амьдарч байгаа. Х.Нямдорж бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Цаашид хүүгээ өөр дээрээ өсгөж хүмүүжүүлэх сонирхолтой байгаа тул хүүдээ хуулийн дагуу асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна гэв.

            Хариуцагч Х.Нямдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эрхэлсэн ажилгүй, хувьдаа орлогогүй ганц бие оюутан болохоор нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хүүхдийн мөнгийг одоогийн байдлаар төлж чадахгүй. Ажлын байранд гараад хувийн орлоготой болсон хойноо бол өгч болно. Эцэг эх маань салаад тусдаа байдаг. Би хэн хэнтэй нь харьцаагүй байдаг болохоор мөнгөний үүсвэр байхгүй байгаа юм. Хүүдээ мөнгө төгрөг өгөх, хэрэгцээнд нь туслах бодол байдаг. Миний ар гэрийн байдал, боломж бололцоо болон өөрийн хүсэлтийг маань харж үзээд ажилтай болтол хугацааг нь хойшлуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.Отгончимэг нь Х.Нямдоржид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Х.Нямдорж нь хүүхдийн тэтгэлэг өгөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Отгончимэг, хариуцагч Х.Нямдорж нар нь 2014 оноос танилцаж, үерхсэн бөгөөд тэдний дундаас 2015 оны 07 сарын 09-нд хүү О.Дөлгөөн төрсөн болох нь зохигчдын тайлбар, №4819000021 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дэлгэрцогт сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, эх баригч нарын тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Х.Нямдорж нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байх тул хүү О.Дөлгөөнийг эх Б.Отгончимэгийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

Б.Отгончимэг, Х.Нямдорж нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү О.Дөлгөөн нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Х.Нямдоржоос сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү О.Дөлгөөнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг харгалзан төлөхөөр тогтоосон ба О.Дөлгөөн нь 1 нас 7 сартай учир Дундговь аймагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 166200 төгрөгийн 50 хувь буюу 83100 төгрөгийг сар бүр хариуцагч Х.Нямдоржоос хүүхдийн тэтгэлэгт төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү О.Дөлгөөнд сар бүр төлөх 83100 төгрөгийг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 997200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28482 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, нийт 98682 төгрөгийг хариуцагч Х.Нямдоржоос гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 07 сарын 09-нд төрсөн хүү Баяуд овогт Отгонтөгсийн Дөлгөөнийг эх Б.Отгончимэгийн асрамжинд үлдээсүгэй. 

 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2015 оны 07 сарын 09-нд төрсөн ЗЕ15270914 регистрийн дугаартай, хүү Баяуд овогт Отгонтөгсийн Дөлгөөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ажаа аравынхан овогт Хүрэлийн Нямдоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

  3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 28482 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70200, нийт 98682 /ерэн найман мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагч Х.Нямдоржоос гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

      4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ