| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/54 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/54
2021 01 19 2021/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: Ц.Гэрэлбаатар;
нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;
шүүгдэгч: Д.С, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд зүтгүүрийн депод засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.С нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Япоы цэргийн цогцолборын 44 тоотод хохирогч Ц.Балжиннямын хэвлий хэсэгт шилний хагархайгаар дүрж эрүул мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх бүхий гэмтэл үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/, хохирогч Ц.Балжинням /хх-ийн 16-17, 18-19/, гэрч У.Мөнхжаргал /хх-ийн 28-30/, гэрч У.Буянжаргал /хх-ийн 31-32/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 34-36, 40-41/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45/, Д.Сын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-8/, Д.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 55-85/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Ц.Балжиннямын хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.С нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Япоы цэргийн цогцолборын 44 тоотод иргэн Ц.Балжиннямтай “агсам тавьлаа” гэх шалтгаанаар муудалцан улмаар түүний хэвлий хэсэгт нь шилний хагархайгаар бүлж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ц.Балжиннямын /хх-ийн 16-17, 18-19/: “...Би өчигдөр орой баз хүргэн Д.Сын гэрт нь 23 цагийн үед очоод бид хоёр нэг шил архи хувааж уугаад сууж байгаад хоорондоо маргалдсан. Д.С над руу хутга барьж дайраад хэвлийн хэсэгт нэг удаа хутгалсан. Бид хоёр “Эден” нэртэй 0,75 литрийн архи ууж байсан ба дуусаагүй үлдсэн. Би хутгыг нь анзаараагүй. Манай эхнэр болон Д.Сын эхнэр хоёр байсан. ...надад нэг оёдол тавьсан. ... “Намайг агсам тавилаа” гээд цагдаа дуудахаар нь уурласан. ...тухайн үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор гартаа байсан зүйлийг нь хутга гэж харсан. Манай эхнэр надад “хутга биш байсан” гээд байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч У.Мөнхжаргалын /хх-ийн 28-30/: “...Би нөхөртэйгөө гэртээ унтах гээд хзвтэж байтал миний төрсөн дүү У.Буянжаргалын нөхөр Балжинням гаднаас архи уучихсан нэг шил архитай ороод ирсэн. Тэгээд манай нөхөр тэр хоёр авсан архиа ууж дуусаад хоорондоо муудалцаад байсан. Тэгэхээр нь би дүүтэйгээ босоод салгасан. Салгаж байхад Балжинням намайг түлхэхэд би том гэдэстэй болохоор Д.Сыг түшээд автал Д.С арагшаа унасан. ...унахдаа гал тогооны тавиур дээр байсан шилэн савыг гараараа хамаад газар саваад унасан. Тэгээд шууд босож ирээд Балжиннямын гэдэс рүү нэг удаа цохиод авахаар нь ...дүүтэйгээ хоёр тийш нь болгоод салгасан. Балжинням агсраад байхаар нь Д.С цагдаад дуудлага өгсөн. Тэгээд “цагдаа дуудлаа” гээд хоорондоо муудалцсан. ...Д.С гартаа хагархай шил барьчихсан байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч У.Буянжаргалын /хх-ийн 31-32/: “...Би 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эгч У.Мөнхжаргалын гэрт ирээд 1 хонож байсан. Миний нөхөр Балжинням 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажил руугаа явсан. Орой 23 цагт ирэхдээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай нэг шил архи барьчихсан орж ирсэн. Манай нөхөртэй ...Д.С авсан архийг нь хувааж уусан. Тэгээд шөнө гэнэт хоорондоо муудалцах гээд байхаар нь эгчтэйгээ салгасан. Тэгсэн Д.С арагшаа унахдаа гал тогооны ширээн дээр байсан шилэн савыг дараад уначихсан. Босч ирээд шууд гартаа барьсан байсан шилэн савны хагархайгаар манай нөхрийн гэдэс рүү цохиод авахаар нь “хүүе” гээд шууд салгасан. ...Би харсан...” гэх мэдүүлгээр,
Ц.Балжиннямын биед “хэвлийн хөндий нэвтэрч ходоодны өмнөд хана хатгагдсан шарх, зүүн 10-р хавирганы хугарал, баруун тохойд зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11743 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 34-36/,
Д.Сын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-8/ “...Би 2020 оны 10 дугаар сарын 10-ны орой гэртээ байж байтал манай баз хүргэн Балжинням манайд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай ирсэн. ...нэг шил архи барьчихсан байсан. Тэр архийг хувааж ууж байгаад дуусахын үед Ц.Балжинням агсам тавих гээд байхаар нь өөрийнхөө гар утсаар “хүн агсам тавиад байна” гэж дуудлага өгсөн. Тэгтэл над руу Балжинням уурлаад байсан. Тэгсэн манай эхнэр болон эхнэрийн дүү хоёр босож ирээд бид хоёрыг салгасан. Манай эхнэрийг Балжинням түлхсэн. Би эхнэртээ түлхэгдээд арагшаа савч унахдаа гал тогооны ширээн дээр байсан шилэн савыг татаад унагаачих шиг болсон. Манай жирэмсэн эхнэрийг газар унагахаар нь би уурандаа босож ирээд гарт тааралдсан шилээрээ Балжиннямыг цохисон. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогч нарын хэн аль нь согтуурсан үедээ хоорондын таарамжгүй харьцаа үүссэн, үүний улмаас гэмт хэрэг үүдэн гарсан, шүүгдэгч нь өөрийн санаатай үйлдлээрээ хохирогчийг хагархай шилээр бүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг шилний хагархайгаар хатгасан болохыг өөрөө болон хохирогч, гэрч нар шууд зааж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг ир үзүүртэй зүйлээр хатгасны улмаас хохирогч биедээ гэмтэл авсан, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг хөдөлбөргүй, эргэлзээгүй агуулсан байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.С нь Ц.Балжиннямыг шилний хагархайгаар хатгаж хүнд гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогчийн хэвлий хэсэгт шилний хагархайгаар бүлж, үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн Д.Сын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ц.Балжинням “...эмчилгээний зардал болон бусад зардлыг Д.С хариуцаж 2.000.000 төгрөг төлсөн. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан
бөгөөд шүүгдэгч Д.Сыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шилний хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ад оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шилний хагархайг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ