Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00375

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийнхээ хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 23-04 тоотод оршин суух “Тогоруутан” овогт Пүрэвдоржийн Энхцэцэг /РГ-88092401/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 28-08 тоотод оршин суух хаягтай “Монгол” овогт Чимээгийн Хүрэлбаатар /РЭ-78042710/-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч П.Энхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Хүрэлбаатартай 2011 онд танилцаж үерхэж байгаад гэр бүл болж хүү Далайбаярыг 2011 оны 9 дүгээр сарын 01-нд, хүү Давхарбаярыг 2013 оны 11 дүгээр сарын 08-нд тус тус төрүүлсэн. Хамт амьдарч байх хугацаанд байнга л хэрүүлтэй, хадам талын ах, дүү байнга л бид хоёрын амьдралд оролцож хэрүүл хийнэ. Ажил хийлгэхгүй байнга хардаж үүнээс болж маргалдаж сүүлдээ зоддог болсон. Бид хоёр салаад 2 жил гаран болж байгаа тул цаашид хамт амьдрах боломжгүй юм.

Иймээс гэрлэлтээ цуцлуулж, хүү Далайбаяр, Давхарбаяр нарыгаа өөрийн асрамжид авч, хоёр хүүдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Ч.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч.Хүрэлбаатар би нэхэмжлэгч П.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би хүү Э.Далайбаяр, Х.Давхарбаяр нарыг өөрийн хүүхэд гэдэгтээ маргах зүйл байхгүй бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энхцэцэг нь 2014 оны 8 дугаар сард ажилд орсон бөгөөд тэрнээс хойш гэртээ тогтох нь бага болж би гэртээ 3 хүүхдээ хардаг байсан. Тэгээд тэр байдал нь өөр хүнтэй болсон байсан бөгөөд би хэрүүл маргаантай хэцүү байдалд байсан. Тэгээд Энхцэцэг 3 хүүхдээ аавынх руугаа аваад явсан.

Энхцэцэг нь гэр бүх тавилгатайгаа авсан бөгөөд надад одоо өгөх зүйл байхгүй би хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй л байна.

Би хүү Далайбаяр, Давхарбаяр нарыг эх Энхцэцэгийн асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулахад маргаан байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтооход одоогоор ажил хийгээгүй тул төлөхөд хүндрэлтэй байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч П.Энхцэцэг нь хариуцагч Ч.Хүрэлбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.Энхцэцэг нь хариуцагч Ч.Хүрэлбаатар нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Э.Далайбаяр, Х.Давхарбаяр нар төрсөн болох нь.

Тухайлбал; Гэрлэгчдийг гэр бүл болсныг 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтан бүртгэж №0178023 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 

Тэдний дундаас 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүү “Тогоруутан” овогт Энхцэцэгийн Далайбаяр /РГ-11290110/, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү “Монгол” Хүрэлбаатарын Давхарбаяр /РЮ-13310814/ нарыг тус тус төрүүлсэн ба тэдэнд олгосон төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тус тус нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:  Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Харин хариуцагч Ч.Хүрэлбаатар шүүхэд: “....хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна....” гэж тайлбар ирүүлсэн байх хэдий ч хариуцагч нь шүүхэд гаргасан “хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй” гэх шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй “тэтгэлэг төлж чадахгүй” гэдгээ нотолж чадахгүй бай ба Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...эцэг, эх нь хүүхдээ...хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй....”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “….эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй….” гэж хуульд тус тус заасан байх тул хариуцагчийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд П.Энхцэцэг, Ч.Хүрэлбаатар нарын гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй хүү Э.Далайбаяр, Х.Давхарбаяр нарыг эх П.Энхцэцэгийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд хойшлуулах тухай хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийг шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн ба хариуцагч Ч.Хүрэлбаатараас 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах. Мөн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, харин хариуцагч Ч.Хүрэлбаатараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөг 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн 6 настай хүү Э.Далайбаяр, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн 4 настай хүү Х.Давхарбаяр нарт 11 хүртлэх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход 2 хүүхдэд жилд 2.082.400 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 48.262 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар “Монгол” овогт Чимээгийн Хүрэлбаатар /РЭ-78042710/, “Тогоруутан” овогт Пүрэвдоржийн Энхцэцэг /РГ-88092401/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү “Тогоруутан” овогт Энхцэцэгийн Далайбаяр /РГ-11290110/, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү “Монгол” Хүрэлбаатарын Давхарбаяр /РЮ-13310814/ нарыг эх П.Энхцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Э.Далайбаярт 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны доод түвшингийн хэмжээгээр,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Х.Давхарбаяр нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ч.Хүрэлбаатараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Энхцэцэг нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Ч.Хүрэлбаатараас улсын тэмдэгтийн хураамжинд нийт 118.462 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ