Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 126

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р баг, Үйзэн гэх газар нутаглах, Батхаан овогт Дорждэрэмийн Наранзул /НФ85110501/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р багийн харъяат, одоо 5-р баг, Аривжихын 8-7 тоотод оршин суух Харчин овогт Батсуурийн Мягмарсүрэн /ЗК88042617/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Наранзул, хариуцагч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Наранзул шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Батсуурийн Мягмарсүрэнтэй 2008 онд танилцаад 2009 онд албан ёсоор гэр бүл болсон. 2010 онд манай хүү Мягмарсүрэн овогтой Жавхлантөгс төрсөн. 2013 оноос бид хоёрын харилцаа хөндийрч бага сага хэрүүл гарч  муудалцдаг болсон. 2013 оны намар өөр хүнтэй болсоныг нь мэдсэн ажлынх нь хүмүүс хэлдэг байсан. Тухайн үед би хүүгээ бодоод тэвчиж байсан. Тэгээд бид хоёр 2014 оны өвөл салсан. Одоо Б.Мягмарсүрэн эхнэр авсан. Би хүүгээ хойд ээжийн гар харуулахыг хүсэхгүй байна. Манай нөхрийн суусан эхнэр 1 хүүхэдтэй гэсэн. Хариуцагч эхнэртэй. Эхнэр нь төрөх гэж байгаа. Хариуцагч ажилтай болохоор өглөө гараад орой ирдэг. Тиймээс хүүхэд маань тэр гэрт ямар байдалтай байхыг хэн ч мэдэхгүй. Хариуцагч бид хоёр муудалцаад хариуцагч намайг өшиглөснөөс болоод би цус алдаж, хүүхдээ авахуулж, хагалгаанд орсон. Эмч хэлэхдээ намайг дахин жирэмслэх боломж бага гэж хэлсэн. Тиймээс хариуцагчид хүүхдээ өгөхгүй. Өнөөдрийг хүртэл би хүүхдээ чадлаараа өсгөөд явж байна. Надад мөнгө чухал биш. Мөнгийг хүүхдэд л зарцуулна. Би хүүхдийнхээ ирээдүйг л бодож байна. Хариуцагч тайлбартаа худлаа зүйл бичсэн байсан.

Иймд хүү М.Жавхлантөгсөө өөр дээрээ өсгөж хүмүүжүүлэх сонирхолтой байгаа тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно  гэв.

Хариуцагч Б.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд Д.Наранзултай гэр бүл болон амьдарч 2010 онд бидний дундаас хүү М.Жавхлантөгс төрсөн. Миний бие архи дарс уудаггүй, тохитой, томоотой, ажил амьдралын төлөө өглөөнөөс оройн бор хоног хүртэл явдаг байсныг гэрчлэх хүн олон бий. Аав, ээж, эгч, дүү нар минь нэг удаа Наранзулыг хөгжлийн бэрхшээлтэй хүн утгаар нь харьцаж байгаагүй, өөрөө бол танайхан намайг гадуурхдаг гэж ярьдаг. Д.Наранзул нь хөгжлийн бэрхшээлтэй, хувиараа бариа, бумба тавих, савны хий гарах гэх мэт ажил эрхэлдэг. Ерөнхийдөө архи, пиво уух хандлагатай, ууж идэхээрээ ааш авир удаа дараа гаргасан. 2014 оны цагаан сараар миний аав, ээж, ахан дүүсийг ирсэн байхад агсам тавьж, хэл амаар доромжилсон. ...Би хүүгээ аваад аавындаа очсон ийм хүнтэй цаашид амьдрах сонирхолгүй болж бид тусдаа амьдрах болсон. ......Зуны амралтаар хүүгээ хөдөө авч явж цагаан идээн дээр байлгая гэхэд ээж нь дургүйцдэг. Хөгжлийн бэрхшээлтэй, архи дарс уудаг, ааш авираар муу, ийм хүнд би хүүгээ өгөхөд сэтгэл дундуур байна. Магадгүй миний хүүгийн төлөвшил, хүмүүжилд нөлөөлөхөөс би айж байна. Миний бие Д.Наранзултай гэрлэлт цуцлуулан хүү М.Жавхлантөгсийг өөрийн гар дээр өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа төдийгүй хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Наранзул нь Б.Мягмарсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч Б.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрөхгүй, хүүхдээ өөрийн асрамжинд авна гэж маргажээ. 

Хариуцагч Б.Мягмарсүрэн нэхэмжлэгч Д.Наранзул нар нь 2007 онд гэр бүл болж,  2009 оны 12 сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2010 оны 11 сарын 05-ны өдөр хүү М.Жавхлантөгс төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 3-4-р хуудсанд авагдсан гэрлэлтийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, шүүх хуралдаан дээр эвлэрэх боломжтойг тайлбарлаж өгсөн боловч хариуцагч өөр эхнэртэй болсон эвлэрэх боломжгүй гэх тул  гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэсэн үүргийг бие биенийхээ өмнө биелүүлэхгүй цаашид хамт амьдрах боломжгүй гэдэг нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Б.Мягмарсүрэн нь хүү М.Жавхлантөгсийг өөрийн асрамжинд авна гэж маргаж байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн нас, эцэх, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан хүүхдийг хэний асрамжинд үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу эх Д.Наранзулын асрамжинд хүү М.Жавхлантөгсийг үлдээхээр шийдвэрлэлээ.

Учир нь хариуцагч Б.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгчийг архи дарс уудаг, ааш авир муу, ийм хүнд би хүүгээ өгөхөд сэтгэл дундуур байна гэж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийг тусдаа амьдарснаасаа хойш архи дарс уухаа болисон юм шиг байна лээ гэж тайлбарладаг. Хариуцагч Б.Мягмарсүрэн нь ажил хийдэг боловч өөрийн гэсэн гэр оронгүй төрсөн дүүгийндээ амьдардаг мөн 2 дахь амьдралаа зохиож байгаа харин нэхэмжлэгч өөрийн гэсэн гэр оронтой хариуцагчаас тусдаа амьдрах болсноос хойш хүүгээ асран хамгаалж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа тул хүү М.Жавхлантөгсийг эх Д.Наранзулын асрамжинд үлдээж эцэг Б.Мягмарсүрэнгээр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.6 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Б.Мягмарсүрэн, Д.Наранзул нарын гэрлэлтийг цуцалж, хүү М.Жавхлантөгсийг эх Д.Наранзулын асрамжинд үлдээж, эцэг Б.Мягмарсүрэнгээр хүү М.Жавхлантөгсийг тэжээн тэтгүүлж, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 28483 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар Батсуурийн Мягмарсүрэн, Дорждэрэмийн Наранзул нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар ЗК10310515 регистрийн дугаартай 2010 оны 11 сарын 05-ны өдөр төрсөн хүү Мягмарсүрэнгийн Жавхлантөгсийг эх Д.Наранзулын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Мягмарсүрэнгээр  11 нас хүртэл  нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Д.Наранзулд даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 28209 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.ХИШИГДЭЛГЭР