Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 340

 

 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, иргэн А.Д, Ө.Б, Б.Н нарын нэхэмжлэлтэй, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М Н” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий А м, г т г К х д-д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээд “М Н” ХХК, “М М П” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07/906 тоот албан бичгээр тус сумын 4 дүгээр багийн нутагт 6402.71 га талбайд “М Н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийн санал авахаар ирүүлсэн байдаг. Албан бичгийн хавсралтад А м г К  х дарга Н.Ч-ын гарын үсэгтэй хайгуулын талбайн солбицол, зургийн хамт хавсарган ирүүлсэн.
Уг хайгуулын тусгай зөвшөөрлийн саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны  12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн “сумын газар зохион байгуулалтын 2015 оны тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, Мал аж ахуй хаваржилтийн бүс нутаг тул олгогдох боломжгүй” гэсэн саналыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөлд татгалзсан хариуг аймгийн Засаг дарга Д.Б-д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04/55 албан тоотоор цаг хугацаанд нь хүргүүлсэн байдаг. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 02-нд “М Н” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын газраас олгосон байна. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр “М Н” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг “М М П” ХХК-д шилжүүлсэн байдаг.
“М М П” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ө.Б, Б.Н, Э.Б, А.Д нарын 4 өрхийн өвөлжөөний газартай давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар хэмжээгээр давхцаагүй байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Уг лиценз нь бидний зуслан, намаржаа, хаваржааны бэлчээрийн бүс нутаг болон өвөлжөөний газруудтай давхцаж олгогдсон учир сумын иргэд, малчид болон орон нутгийн зүгээс дэмжих боломжгүй бөгөөд уул уурхайн чиглэлээр уг газрыг ухвал бидний амин зуулга болсон малын бэлчээр, хадлан үгүй болж ойр хавьд тоосжилт, цөлжилт явагдах аюултай байдалд ороод байна.
Иймд XY-019... тоот Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “М М П” ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М Н” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-019... дугаартай тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байна. Нэхэмжлэгч нар нь маргаж буй талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус болж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэж маргаж, тус талбайд анхнаасаа тусгай зөвшөөрөл олгогдохооргүй байсан гэж маргаж байгаа билээ.
Иймд маргаж буй талбай болох Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр “А” нэртэй 6402.71 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “М Н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
 “М Н " ХХК нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт “А” нэртэй 6402.71 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өргөдөл гаргажээ.
“М Н " ХХК-ийн өргөдлийн бүртгэлийн NЕ-026874 дугаарт бүртгэгдсэн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1,19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулсан.
Уг өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй байгаа нь тогтоогдсон.
Иймд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэсэн заалтын дагуу Төв аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.
“М Н” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NЕ-026874 дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Төв аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. дэх хэсэг “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." гэсэн заалтын дагуу хуулийн хугацаанд саналыг Ашигт малтмалын газарт ирүүлээгүй тул Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр " М Н” ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХV-019... тоот тусгай зөвшөөрлийг олгосныг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 6/250 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.
“М Н” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д заасан баримтыг бүрдүүлж ашигт малтмалын хайгуулын ХV-019... тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг Кадастрын хэлтэст 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан.
Кадастрын хэлтэс өргөдлийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж Ашигт  малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын ХV-019... тоот тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр “М М П” ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийж, Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 6/4130 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.
Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд, хуулийн нөхцөл шаардлагын дагуу дээрх шийдвэрүүдийг гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.
2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “М Н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болгуулах шаардлагын тухайд:
Аймгийн засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь хэсэгт “газрын эзэмшил тогтоох, эдэлбэр газар олгох, байгалийн баялаг, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хяналт тавих ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд санал өгөх, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавих хуулиар олгогдсон эрхтэй.
Засаг дарга нь санал ирүүлэхдээ Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй” гэж заасан байх тул иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасан үндэслэлээр дэмжихгүй байж болно.
Гагцхүү Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу Засаг дарга нь хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагуудаас санал авч хариу ирүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл биш юм.
“М Н” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт заасан баримтыг бүрдүүлж ашигт малтмалын хайгуулын ХV-019... тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдлийг Кадастрын хэлтэст 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гаргасан.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “М Н” ХХК, “М М П” ХХК-иудын захирал А.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
            “М Н” ХХК нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасны дагуу тус компанид Ашигт малтмалын газраас
Төв аймгийн Алтанбулаг сумын 4-р багийн нутаг А гэдэг газарт ХҮ- 019... тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.
            Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын хариу хууль бус юм. Сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах ёстой.
Энэхүү тусгай зөвшөөрлийн олголт нь Монгол Улсын газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй. Учир нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр газар эзэмших, ашиглах эрх бус харин газрын хэвлийг тодорхой зориулалтаар, тодруулбал ашигт малтмал эрэх, хайх зориулалтаар ашиглах эрх олгодог болно.
Мөн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь хэсэгт заасныг зарчөөгүй. Тухайлбал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн зохицуулалтад хамаарах бол ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь газрын хэвлийг ашиглахтай холбоотой харилцаанд хамаарна. Харин уурхайн эдэлбэр газар нь ашигт малтмал ашиглах эрхтэй холбоотойгоор үүсдэг газар эзэмшлийн ойлголт болно.
ХҮ-0109... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “М М П” ХХК-д шилжүүлсэн. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэр хууль ёсны болно. Учир нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын тухай хуульд заасан эрхийнхээ дагуу уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр өргөдөл гаргасан бол кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй болно.
            Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “А” гэдэг газарт XY-019... тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар тоот шийдвэр нь хуульд нийцсэн байх нөхцөлд уг шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн болоод бодит байдлын үндэслэл байхгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
 
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн А.Д, Ө.Б, Б.Ннарын хавсралтад А м г К  х даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М Н” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
“М Н” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “А” нэртэй 6402.71 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар Ашиг малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэст өргөдөл гаргасны дагуу хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр  зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан өргөдлийг бүртгэх, өргөдөл түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэлд анхан шатны шүүлт хийж, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болохыг тогтоосон байна. Улмаар мөн зүйлийн 19.3-д “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсын дарга 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргын санал авахаар мэдэгдэл хүргүүлжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн дарга нь тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу Төв аймгийн Засаг даргаас 30 хоногын дотор санал ирээгүй гэж үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр Төв аймгийн Алтанбулаг сумын “А” нэртэй 6402.71 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “М Н” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. 
Харин Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр “М Н” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын XV-01... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг “М М П ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.
Иргэн А.Д, Ө.Б, Б.Н нар Төв аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9180 тоот  албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэлд хариу өгөөгүй Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, мэдэгдлийн хариуг хүргүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 123/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон нь тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/111 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах үйл баримтуудыг тогтоосон байна.
Үүнд:
- “...2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний хуралдаанаар тус сумын нутагт ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүссэн “М Н” ХХК-ний 6402.71 га талбайн солбицол  бүхий хүсэлтийг хэлэлцээд уг хүсэлт нь хуучин Тариат сумын төв орчимд сумын газар зохион байгуулалтын 2015 оны тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй мал аж ахуй хаваржилтын бүс нутаг тул олгогдох боломжгүйг уламжлав” болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авснаар хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 43 дугаар тэмдэглэлд “...Алтанбулаг суманд 6402.71 га, ... газар нутагт хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох боломжгүй эсэх тухай хэлэлцээд холбогдох сумдаас ирүүлсэн саналыг харгалзан үзэж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт,  52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтууд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны арваннэгдүгээр хуралдааны 07 дугаар тогтоолыг тус тус удирдлага болон хуралдаанд оролцсон тэргүүлэгчдийн олонхийн саналаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж шийдлээ. Энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад даалгав” гэж шийдвэрлэсний үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 132 дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын хуудсаар Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь заалтыг үндэслэн “дэмжихгүй” гэсэн саналыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хаяглан хүргүүлжээ”,
- “Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын архив болон Кадастрын хэлтсийн архивт тус тус бичиг баримтад хийсэн үзлэгээр, Ашигт малтмалын газрын 2015 оны ирсэн бичгийн бүртгэлийн /дугаар 9391-11009 6 дугаар боть/ 10812 дугаарт Төв аймгийн Засаг даргын орлогч Н.М санал хүргүүлэх тухай №...6/9180.. гэх саналыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Кадастрын хэлтэст шилжүүлсэн гэж тэмдэглээд бүртгэгдсэн байгаагаар хариуцагч Засаг дарга хуулийн хугацаанд хүргүүлсэн болох нь нотлогдож...”,
- “...Төв аймгийн Засаг даргын орлогч Н.М 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 дугаартай санал хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбарыг хавсаргасан байгаа нь нотлогдож байх учир хариуцагчийн өгсөн санал нь зохих журмын дагуу хүргэгдсэн болох нь, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7/711 дугаартай албан бичгээр “...Төв аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/1812 дугаартай  албан бичгээр  ирүүлсэн гэх Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаартай санал Ашигт малтмал, газрын тосны газарт хүргэгдэж ирээгүй, бүртгэгдээгүй байна” гэсэн лавлагаа нь үндэслэлгүй болох нь тус тус тогтоогдож байна”.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Төв аймгийн Засаг дарга хуульд заасан 30 хоногийн  дотор Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “А” нэртэй 6402.71 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэлд “дэмжихгүй” гэх саналыг Ашигт  малтмалын газарт /хуучин нэрээр/ хүргүүлсэн, хариуцагч мэдэгдлийн хариуг хүлээн авсан байна.
Иймд хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “30 хоногийн дотор саналаа ирүүлээгүй” гэх мэтгэлцээн үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “М Н” ХХК-нд холбогдох хэсэг нь илт хууль бус болохыг тогтоох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх хуулийн заалтыг тодруулбал, захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, хуульд заалтыг ноцтойгоор зөрчиж үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд “халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэн уг акт нь илт хууль бус болдог.
Нэхэмжлэгч Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн А.Д Ө.Б, Б.Н нар нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр тус сумын “А” нэртэй 6402.71 га талбайд олгогдсон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр мал аж ахуй эрхлэн амьдардаг, өвөлжөө, хаваржааны зохиулалтаар газар эзэмших эрхтэй тул тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөс гадна тус сумын нийт иргэдийн эрх ашигт ч мөн хамааралтай тул Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-т ”түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж заасан эрхийг хариуцагч хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах” гэж заасан нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг үл харгалзан хуулийн зохицуулалтыг санаатайгаар ноцтой зөрчсөн Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “М Н” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу илт хууль захиргааны актаас улбаалан гарсан Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “М Н” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын XV-019... дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг “М М П” ХХК-д шилжүүлсэн 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага мөн хангагдана. 
Түүнчлэн Төв аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлагдсан сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр  Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр “М Н” ХХК-д олгосон  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах 4 дүгээр багийн газар нутагт бэлчээр сэлгэх болон отрын бүс нутгийн зориулалттайгаар ашиглах, өвөлжөө, хаваржааны зориулалтаар иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй болно.  


         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.2,  Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, 12 дугаар зүйлийн 12.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3, 19.4-т заасныг баримтлан иргэн А.Д, Ө.Б, Б.Н нарын хавсралтад А м, г К  х дарга холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, А м г /хуучин нэрээр/ К х-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “М Н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 468 дугаартай шийдвэрийг хүчингүй болгосугай.
 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч хавсралтад А м г К  х даргаас 70200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч А.Д, Ө.Б, Б.Н нарт олгосугай.
 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         
 
 
   

 


 
 
                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ