Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0441/З |
Дугаар | 221/МА2022/0738 |
Огноо | 2022-11-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2022/0738
“В.К ББСБ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.С,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т, А.Ө нар,
Гомдол гаргагч: “В.К ББСБ” ХХК,
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.С,
Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Сгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0014008 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 713 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч Ч.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн,
Хэргийн индекс: 128/2022/0441/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “В.К ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Сд холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Сгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0014008 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 713 дугаар шийдвэрээр: “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан “В.К ББСБ” ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Сд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Сгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0014008 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т, А.Ө нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “Шүүх, хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим хангагдаагүй талаарх гомдол гаргагчаас гаргасан гомдлын шаардлагаа үндэслэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь маргааны зүйл нь тусгай журмаар шийдвэрлэгдэх зөрчлийн хэргийн маргаан ба энэ тохиолдолд илүүтэйгээр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явагдсан эсэхэд шүүхийн хяналтын цар хүрээ хязгаарлагдана гэж үзнэ” гэсэн байна. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.С нь “В.К ББСБ” ХХК дээр төлөвлөгөөт, газар дээрх хэсэгчилсэн шалгалт хийхдээ төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5¹ дүгээр зүйлийн 5¹.2 дахь заалтыг зөрчсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5¹ дүгээр зүйлийн 5¹.2-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана” гэж заасан. Гэтэл манай байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа 5-аас доошгүй хоногийн өмнө хуульд заасан арга хэлбэрээр урьдчилж огт мэдэгдээгүй. Иймээс бидний зүгээс шалгалт эхлэх хугацаа, дуусах хугацааг мэдээгүй. Захиргааны байгууллага мэдэгдэх үүргийг хуулиар олгож байгаагийн зорилго нь шалгалтаар орж буй хуулийн этгээдэд алдаагаа засах боломжийг олгох, урьдчилан мэдэгдэх зэрэг үр дагавартай байна. Гэтэл захиргааны байгууллага, албан тушаалтан нь огт мэдэгдэлгүйгээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь төлөвлөгөөт хяналт шалгалтыг урьдчилан мэдэгдэх нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т дурдсан хяналт, шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах зарчимтай нийцнэ. Гэтэл энэхүү зарчмыг Захиргааны байгууллага /СЗХ/ зөрчсөн. Харин хариуцагч хариу тайлбартаа “Санхүүгийн зохицуулах хорооны 2022 онд хийж гүйцэтгэх газар дээрх хяналт шалгалтын төлөвлөгөөг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус хорооны frc.mn цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлсэн. Тус төлөвлөгөөний 3 дугаар бүлгийн 3.1-д “В.К ББСБ” ХХК-д 2022 оны 1 дүгээр улиралд хэсэгчилсэн хяналт шалгалт хийх талаар тусгасан тул хуульд заасны дагуу буюу 5-аас дээш хоногийн өмнө мэдээлэгдсэн байна” гэж дурджээ. Гэтэл энэхүү тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх талаар дурдсанаас бус цахимаар мэдэгдэх тухай заагаагүй юм. Иймд энэ үйлдэл нь процессын алдаа. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч тус маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явагдсан эсэхийг хянасан нь учир дутагдалтай болсон. Зөрчлийн хэргийг нээх үндэслэл нь төрийн хяналт, шалгалт юм. Төрийн хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх явцад зөрчлийг илрүүлж, зөрчлийн хэргийг нээсэн. Иймээс захиргааны хэргийн анхан шатны шүүх тус гомдлыг хянахдаа Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар хязгаарлагдах бус Төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхийг хянах ёстой гэж үзэж, гомдож байна.
3.2. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан зааварт нийцээгүй үйл ажиллагааг гомдол гаргагч нь явуулсан талаарх зөрчилд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс биелүүлээгүй гэж үзэж буй 2008 оны заавар нь захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ийнхүү бүртгэгдээгүй нь түүнийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх утгатай тайлбарыг мөн хүлээн авах боломжгүй” гэж дурдсан байна. Өмгөөлөгч миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хорооны 2008 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар” нь заавар нь хэм хэмжээний акт болохын хувьд эрх бүхий байгууллагаар урьдчилан хянуулж, бүртгүүлэхээс гадна захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдсэн эсэхийг тодруулах хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтийг хариуцагчийн тайлбарын үндсэн дээр хангаагүй. Учир нь хариуцагч нь тус зааврыг урьдчилан хянуулж, бүртгүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэдийгээр дээрх заавар нь 2008 онд батлагдсан боловч түүнээс хойш гарсан хууль тогтоомжид нийцүүлэх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн бол тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан. Энэ шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна”, 60.1.10-д “Хуульд заасан бусад шаардлага” гэдэгт багтана. Иймээс энэхүү шаардлагыг зөрчсөн хэм хэмжээний акт нь актын үндэслэл болж чадахгүй.
3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0713 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн зөрчилд шийтгэл оногдуулах үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэсэн талаарх дүгнэлтийг өгөөгүй. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг юм. Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 11.5.2-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Дээрх зүйл, заалтад “банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол” гэсэн урьдач нөхцөлийг зааж өгчээ. “Биелүүлээгүй” гэсэн нөхцөл нь Санхүүгийн зохицуулах хорооноос урьдчилан мэдэгдэж, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг аваагүй буюу биелүүлээгүй гэсэн утгыг илэрхийлж байна. Хуулийн үндсэн зорилго нь хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, хэрвээ арилгах үүргийг биелүүлээгүй бол зөрчил оногдуулах хууль тогтоогчийн санаа тусгагдсан. Иймд энэхүү зохицуулалтыг улсын байцаагч буруу тайлбарлаж, хэрэглэсэн.
3.4. Мөн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагчийн шийтгэх хуудас болон тайланд дурдсанаар “В.К ББСБ” ХХК-ийг Хорооны 2008 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар”-ын Б-1-д “Байгууллагын касс болон банкан дахь харилцах, хадгаламжийн дансанд байгаа төгрөг, гадаад валютээс бүрдэнэ”, Б-1-2-т “Банк бус санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгөнд банк, санхүүгийн байгууллагад байршуулсан төгрөг, гадаад валютын харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл орно”, Б-1-1-д “Үндэсний болон гадаад улсын цаасан мөнгөн тэмдэгт, зоос, бутархай мөнгийг бэлэн мөнгө гэнэ. Бэлэн мөнгөөр өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийх касс дахь бэлэн мөнгийг касс дахь мөнгөн хөрөнгө гэнэ” гэж заасныг зөрчсөн гэж тусгасан. Гэтэл энэхүү ялимгүй хэлбэрийн зөрчилд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч 20,000,000 /хорин сая/ төгрөгийн шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Захиргааны үйл ажиллагаа бодит байдалд тохирсон байх” тусгай зарчмыг зөрчсөн үйл ажиллагааг явуулж, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хохироож байна. Бидний хувьд энэхүү зөрчилд торгох арга хэмжээ авахын өмнө зөрчил арилгуулах арга хэмжээг авч, хугацаа олгож, зөрчлөө арилгах боломжийг олгох ёстой байсан гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий актаас гадна Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаалаар хийгдсэн төлөвлөгөөт шалгалтаар хэд хэдэн зөрчил гарсан. Тухайлбал, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ыг мөрдөг болгон ажиллаагүй гэж үзэж, 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 22 дугаартай “В.К ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Ж.Тд “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг улсын байцаагч Ч.С өгсөн. Тус шаардлагад “Улсын байцаагчийн албан шаардлагаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, цаашид алдаа дутагдлыг дахин давтан гаргасан ... Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлд заасны дагуу зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно гэдгийг анхааруулъя” гэж дурдсан. Үүнээс харахад 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэхийн өмнө зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авах хууль зүйн бүрэн боломжтой байсан. Гэтэл улсын байцаагч энэхүү 2 арга хэмжээг ялгамжтай хэрэглэсэн, сонгох боломжтой арга хэмжээг аваагүй нь хууль зөрчсөн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Банк бус санхүүгийн байгууллага нь хяналт шалгалтаар энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг зөрчсөн нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Санхүүгийн зохицуулах хороо дор дурдсан арга хэмжээ авна”, 19.2.1-д “Албан бичгээр сануулах, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг, даалгавар өгөх” гэж заасан. Түүнчлэн тус хуулийн 19 дүгээр зүйлийн 3-д “Энэ хуулийн 19.2-т дурдсан арга хэмжээг авахдаа адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлах” гэж заасан. Гэтэл санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч нь адил зөрчилд адил арга хэмжээ авах зарчмыг баримтлаагүй.
3.5. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актад Хорооны 2008 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар”-ын 3.1 буюу /хяналт, хариуцлага/ хэсэгт заасан хэсгийн аль хариуцлагын заалтыг зөрчсөн бэ гэдгийг тодорхой зааж өгөөгүй. Хорооны 2008 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн заавар”-ын 3.1-д “Байгууллагын удирдлагын хангаж ажиллах нөхцөл”, 3.2-т “Байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлал, түүний зөрчлүүдийг жагсаалтын зарчмын дагуу тодорхой зааж өгсөн. Гэтэл энэхүү зөрчлүүдээс аль зөрчлийг гаргасан бэ, ямар зөрчлийн хэлбэрт хамаарч байгаа вэ гэдгийг Үндэслэх хэсэгтээ огт дурдаагүй. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагч Ч.Сгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0014008 тоот шийтгэлийн хуудасны хуулийн Үндэслэх хэсэг нь тодорхой бус байна.
3.6. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 713 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
3. Шүүх гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т, А.Ө нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
3.1. Гомдол гаргагч “В.К ББСБ” ХХК нь “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Сгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0014008 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодорхойлжээ.
3.2. 0014008 дугаар шийтгэлийн хуудсаар “ “В.К ББСБ” ХХК нь байгууллагын мөнгөн хөрөнгийг хувийн дансанд байршуулж, гүйлгээ хийж байсан” нь тогтоогдсон гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар тус компанийг 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл ийнхүү шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
3.3. Тодруулбал, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь олон улсын жишгийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн зарчимд нийцсэн байхаар хуульчилсан, Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Журам батлах тухай” 05 дугаар тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн заавар”-ын Б-1-д “Байгууллагын касс болон банкин дахь харилцах, хадгаламжийн дансанд байгаа төгрөг, гадаад валютаас бүрдэнэ”, Б-1-1-д “Үндэсний болон гадаад улсын цаасан мөнгөн тэмдэгт, зоос, бутархай мөнгийг Бэлэн мөнгө гэнэ. Бэлэн мөнгөөр өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийх касс дахь бэлэн мөнгийг Касс дахь мөнгөн хөрөнгө гэнэ”, Б-1-2-т “Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан мөнгөн хөрөнгөд банк, санхүүгийн байгууллагад байршуулсан төгрөг, гадаад валютын харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл орно” гэж тус тус заажээ.
3.4. Гомдол гаргагчаас “... дээрх “Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үлгэрчилсэн заавар” нь хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй тул актын үндэслэл болохгүй” гэж тайлбарлан маргах боловч Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө батлагдсан тул мөн хуулийн үйлчлэлд хамааруулан захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байхыг шаардахгүй, түүнчлэн уг зааврыг эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тухай шийдвэр хэрэгт авагдаагүй тул банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд энэ зааврыг мөрдөх үүрэгтэй, энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.5. Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаалаар “В.К ББСБ” ХХК-ийн үйл ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрүүдэд газар дээрх хэсэгчилсэн хяналт шалгалт хийх удирдамжийг баталсан, хяналт шалгалтын явцад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж үзээд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн, гомдол гаргагчийн төлөөлөгч О.Ж.Таас Т.Сд олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны үндсэн дээр зөрчлийг шалгаж, шийтгэл оногдуулсан байна.
3.6. Гомдол гаргагчаас “... манайд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай 5-аас доошгүй хоногийн өмнө хуульд заасан арга хэлбэрээр урьдчилж мэдэгдээгүй, бидний зүгээс шалгалт эхлэх, дуусах хугацааг мэдээгүй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байх боловч энэ үндэслэлээр актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь дээрхээс үзвэл 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргагчийг оролцуулж, тайлбар, мэдүүлэг авсны үндсэн дээр 03 дугаар сарын 23-ны өдөр шийтгэл оногдуулсан, энэ хугацаанд гомдол гаргагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж холбогдох баримт, тайлбараа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан бөгөөд “гагцхүү хяналт шалгалтын талаар мэдэгдээгүй” гэх үндэслэлээр гомдол гаргагчид мэдэгдээгүй, түүний эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.
3.7. Гомдол гаргагчаас “... Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тушаалаар хийгдсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар хэд хэдэн зөрчил гарсан, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг өгсөн, ... үүнээс харахад шийтгэл оногдуулахын өмнө зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авах хууль зүйн бүрэн боломжтой байсан, хариуцагч сонгох боломжтой арга хэмжээг аваагүй, эрх зүйн байдлыг дордуулсан” гэж тайлбарлах боловч Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тодорхой заасан, гомдол гаргагч ийнхүү зөрчил гаргасан болох нь түүний зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн холбогдогч, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, “Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй” гэдэгт тус хорооноос баталсан аливаа эрх зүйн акт, шийдвэрүүдийг мөрдөж ажиллагаагүйг ойлгох тул ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй тухайн салбарт мөрдөх ёстой хууль, дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах үүрэгтэй тул заавал эхлээд зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, түүний дараа шийтгэл оногдуулах ёстой байсан гэж үзэхгүй.
3.8. Мөн гомдол гаргагч “... шийтгэлийн хуудасны хуулийн үндэслэх хэсэг тодорхой бус, аль зөрчлийг гаргасан, ямар зөрчилд хамаарч байгаа нь дурдагдаагүй” гэх боловч гомдол гаргагч ямар зөрчлөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаа мэдэж байсан, шийтгэлийн хуудсанд энэ тухай тодорхой тусгасан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
3.9. Гомдол гаргагчаас “... ажилтны нэр дээр хувийн харилцах дансанд байгууллагын мөнгийг байршуулсан” зөрчлөө үгүйсгэж маргаагүй, харин “... мэргэшсэн зөвлөх компани зөвлөсний дагуу тухайн дансыг нээж үйл ажиллагаа явуулсан, гүйлгээг хянахын тулд бэлэн мөнгөө хадгалах байдлаа өөрчилсөн” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь хуулийн этгээдийн гаргасан зөрчилд холбогдох хариуцлагыг тухайн хуулийн этгээд хүлээх учиртай. Мөн хууль болон дүрмээр байгууллага бүр заавал касстай байж, мөнгөн хөрөнгөө бэлнээр байршуулж, түүгээр гүйлгээ хийхийг шаардаагүй, тухайн байгууллага мөнгөн хөрөнгөө бэлнээр байлгах буюу касстай байх шаардлагагүй бол байгууллагын харилцах дансаар дамжуулан гүйлгээ хийж болохоор байна. Товчхондоо, ажилтны хувийн харилцах дансанд байгууллагын мөнгөн хөрөнгийг байршуулж, түүгээр гүйлгээ хийх нь хориотой, харин байгууллагын банкан дахь харилцах дансны тоонд ямар нэгэн хязгаарлалт байхгүй байхад байгууллагын өөрийн нэр дээр харилцах данс нээж, түүгээрээ гүйлгээ хийгээгүй зөрчил гаргасныг зөвтгөх нь хуульд нийцэхгүй.
3.10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан нь холбогдох хуульд нийцсэн, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэж гомдлыг хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “В.К ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч А.Т, А.Ө нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН