Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2017/00021

 

Ж.Насанбуянгийн нэхэмжлэлтэй,

Ө.Одхүүд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч Ж.Насанбуян, хариуцагч Ө.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00340 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Ө.Одхүүгийн давж заалдах гомдлоор Ж.Насанбуянгийн нэхэмжлэлтэй, Ө.Одхүүд холбогдох 20000000 төгрөг гаргуулах, 351 м2 газар эзэмшүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх, 1170 м2 газраас Одхүүгийн нэрийг хасуулж бүхэлд нь өөрийн нэр дээр шилжүүлэх тухай иргэний хэргийг 2017 оны 05 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Насанбуян шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх СМУ-гийн 30 дугаар байрны урд байрлах Болормаагийн эзэмшлийн 1170 м2 газар дээр 5 айлын орон сууц, 5 машины граж, баар, 2 дэлгүүр, амины орон сууц зэрэг байсан. Тухайн үед Мяо Фү Яан нь Алимаатай гэр бүл байж байхдаа худалдан авсан. Уг эзэмшлийн газар нь 100 хувь Ц.Алимаагийн нэр дээр байсан. Мяо Фү Яан, Алимаа нар нь таарч тохирохгүйн улмаас салахдаа эд хөрөнгөө хуваасан байдаг. Мяо Фү Яан нь 2013 онд надтай хамтран амьдрах болсон. 2013 онд тухайн газар дээр барилга барихаар болж Лэнг Фэнгситэй хамтарч барилгын компанитай хүн хайсан. Лэнг Фэнгси нь Мяо Фү Яан чи газраа гарга, би 3 сая юань гаргая гэж ярилцсан байдаг. Барилгын компанитай хүн хайж яваад, мөн 2 сая юаний хөрөнгө оруулах хүн хэрэгтэй болсон. Таньдаг хүн нь МОЗЭ ХХК-ний Одхүүг танилцуулж хамтран ажиллах болсон. Эхний ээлжинд уг үл хөдлөх эд хөрөнгийг буулгах шаардлагатай болсон. Ингээд хуучин барилгыг буулгах ажлыг Одхүү нь хариуцаж ажилласан. Ажлын хөлсөнд Одхүүд Мяо Фү Яан 51500 юань буюу 12000000 төгрөг өгсөн. Хуучин барилгыг буулгасны дараа барилга барих тухай гурвалсан гэрээ байгуулсан. Тухайн үед Одхүү нь Мяо Фү Яанд 2 сая юанийн хөрөнгө оруулалт хийхэд баталгаа байхгүй байна, баталгаа гаргаж өгөхийг шаардсан гэдэг. Мяо Фү Яан тухайн үед салсан эхнэр Алимаагийн нэр дээр байгаа газраа одоо амьдарч байгаа эхнэрийнхээ нэр дээр шилжүүлвэл хөрөнгө оруулна гэж яригдаж байсан. Энэ учрыг Алимаад хэлж газрын эрхийг миний нэр дээр шилжүүлэх гэж байхад Одхүү нь барилга барих зөвшөөрөл авахын тулд газрын гэрчилгээнд МОЗЭ компаний нэр эзэмшигчээр орсон байх ёстой гэж хэлсэн. Ингээд Одхүүд газрын 30 хувийг нь Алимаа шилжүүлсэн. Энэ гэрээ нь 2013 оны 05 сарын 24-нд хийгдсэн. 2014 оны 05 сарын 28-нд эзэмшлийн тус тусдаа хоёр гэрчилгээтэй захирамж гарсан. Одхүү нь барилга баригдаж байх явцад мөнгөгүй болсон тул газрыг банкны барьцаанд тавихгүй бол цаашид барилга барих боломжгүй гээд барилгын ажил явагдахгүй болсон. Мяо Фү Яан нь газраа гаргасан, Лэнг Фэнгси нь мөнгөө ч гаргаж хөрөнгө оруулсан. Барилга мөнгөгүй байна гээд байхаар нь би өөрийн нэр дээрх 819м2 газрыгОюунгэрэлд итгэмжлэл өгч банкинд барьцаалах боломж олгосон. Учир нь хамт явахыг Одхүү зөвшөөрөхгүй байсан. Удалгүй хоёр гэрчилгээтэй учир банк зээл олгохгүй байна гэсэн. Газрыг нэг гэрчилгээтэй болгох гээд газрын албанд очиход Одхүү нь би үндсэн эзэмшигчээр байхгүй бол болохгүй гэж хэлсэн. Би дургүйцэхэд банк ийм шаардлага тавиад байна гэсэн. Банкнаас зээл авахын тулд Одхүүг үндсэн эзэмшигчээр болгосон. Ингээд хамтран эзэмшигчээр гэрчилгээ авсан. 2015 онд шүүх дээр би гуравдагч этгээдээр ирсэн. Шүүх дээр ирээд хэргийн материалтай танилцаж байхад миний газрыг бүхэлд нь Одхүү нь ганцаараа нэр дээрээ авсан байсныг мэдсэн. Газрын албанаас асуухад газар хүчингүй болсон гэсэн захирамж гарсан байсан. Яагаад ганцаараа эзэмшигч болсон тухай газрын албаны даргаас лавлахад асууж хариу өгнө гээд хариу өгөхгүй болохоор нь авилгатай тэмцэх газарт хандсан. Энэ асуудлыг шалгасны дараа огноо, тоот нь ижлээр миний нэрийг хамтран эзэмшигчээр оруулсан гэрчилгээ дахин гарсан. Лэнг Фэнгси нь барилгын ажилд хөрөнгө оруулсан мөнгөөр Мяо Фү Яан нь барилгын материал авч ирээд Одхүүд хүлээлгэн өгсөн баримт байгаа. Мяо Фү Яан дансанд оруулсан мөнгөө газрын төлбөр өгсөн мэтээр яриад байгаа. Газрын төлбөр өгсөн юм бол яагаад гэрээ хийгээгүй байдаг юм бэ? Би газрын төлбөрийг авсан бол энэ хүмүүст газрыг шилжүүлэх байсан. Барилгын ажлыг хурдан дуусгах гэж газрыг шилжүүлсэн. Захиргааны хэргийн шүүх дээр хэрэг хэлэлцэгдэж байхад Одхүү нь тухайн газрын кадастрын зургийг бүхэлд нь өөрийн нэр дээр хийлгэсэн байсан. Одхүү барилга барих зөвшөөрөлгүй байж биднийг хуурч газрыг нэр дээрээ авсан. Хуучин барилгыг буулгаад 80.000 ширхэг тоосго гарсан байсныг ойролцоогоор 200 төгрөгөөр тооцож 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Гэрээндээ адилхан хөрөнгө оруулна гэчихээд Одхүү нь нураасан барилгын материалыг зараад зарсан мөнгөнөөсөө оруулсан болохоос өөр мөнгө оруулаагүй. Биднийг хууран мэхэлж удаа дараа шалгуулж хохироож байна. Иймээс Одхүүгийн нэр дээр шилжүүлсэн 351 м2 газрыг Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд зааснаар гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, 1170 м2 газрыг эзэмших эрхийг бүхэлд нь Насанбуян миний нэр дээр шилжүүлэх, Одхүүг 819 м2 газраас нэрийг нь хасуулах хүсэлтэй байгааг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Одхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 01 сард Мяо Фү Яан уулзаж барилгын ажлын талаар ярилцаж тохиролцсон. 2013 оны 04 сард Улаанбаатар хотод Мяо Фү Яан, Лэнг Фэнгси нартай уулзалдахад Мяо Фү Яаны хуучин эхнэр Алимаагийн нэр дээр байгаа газрыг авч барилга барихаар гурвалсан гэрээ байгуулсан. Ингээд гэрээндээ адил хөрөнгө оруулахаар тохирсон. Би тухайн үед өөрийн хөрөнгөө баталгаажуулах санал тавьж байсан. Мяо Фү Яан нь өөрөө газар дээр байгаа хуучин барилгыг буулгаж цэвэрлэсэн. Барилга буулгахад ямар материал гарсныг би мэдэхгүй. Мяо Фү Яан нь өөрөө гарсан материалыг зөөж тээвэрлэж явсан. Би түүнд хүн хүчний туслалцаа үзүүлж байсан. Би Насанбуянгаас 351 м2 газрыг шилжүүлж аваагүй. Барилгын ажил эхлэхэд би газар хамтран эзэмшихгүй бол ажилд оролцохгүй гэж амаар тохиролцоод миний оруулж байгаа хөрөнгийн хэмжээгээр газраас авах талаар тохиролцсон. Тэр тохиролцсоны дагуу Алимаагийн эзэмшлийн газраас 351м2-ийг миний нэр дээр шилжүүлэхээр гэрээ хэлцэл хийж нотариатаар батлуулж надад эзэмшүүлэх болсон. Газраа шилжүүлж авахаар материалаа өгөхөд гэрээг хуулийн дагуу хийж ир гэсэн шаардлага тавьсан. Бүтэн нэг жилийн хугацаанд газрын гэрчилгээ, гэрээ зэргийг надад өгөхгүй хүлээлгэсэн. Ингээд газрыг Насанбуян, Одхүү нарын нэр дээр шилжиж ирэхдээ хоёр тусдаа гэрчилгээтэй гарч ирсэн. Нэг гэрчилгээтэй гарч ирнэ гэж ойлгож байсан. Барилгын санхүүжилт дутаад банкнаас зээл авахаар хандахад хоёр тусдаа гэрчилгээтэй газарт зээл олгохгүй гэсэн. Тухайн үед Мяо Фү Яан газраа зарна, барилгын ажлаас гарна гэсэн. Үүний дагуу газрын төлбөрт 225.000.000 төгрөг өгсөн. Энэ үед Мяо Фү Яан ашиг авна гээд 3 өрөө байр хоёрыг авахаар тохирсон. Насанбуянтай гэрээ хийсэн. Газар эзэмшүүлэх гэрээ хийхгүй, ашиглах гэрээ хийхээр ирсэн. 3 өрөө байр өгсний дараа газраа шилжүүлнэ гэсэн. Газраа бүрэн шилжүүлж өгөхгүй хамтран эзэмшигчээр шилжүүлнэ гээд шилжүүлж өгсөн байгаа.Энэ үед Лэнг Фэнгси бид хоёр хамтран ажиллах гэрээ дахин байгуулж одоо барилгын ажил 75 хувьтай байгаа. Насанбуян нь барилгын ажилд ямар ч хамааралгүй, оролцож байгаагаагүй мөртлөө бидний ажилд удаа дараа шантаачилж байгаа. Би барилга буулгахад 12.000.000 төгрөг аваагүй. Барилгын материал авахад зарцуулагдсан. Насанбуян ямар ч хамааралгүй. Газар эзэмших эрх нь хэвээрээ байгаа. Нэхэмжлэгч Насанбуянгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00340 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Насанбуян нь 819 м2 газрын, Ө.Одхүү нь 351 м2 газрын эзэмшигч болохыг дурдаж, хариуцагч Ө.Одхүүгээс 12.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Насанбуянд олгох, 8.000.000 төгрөг гаргуулах, 351 м2 газар эзэмшүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж газрыг миний нэр дээр шилжүүлэх,1170 м2 газрыг бүхэлд нь эзэмших эрхийг шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 328150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Одхүүгээс 206950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Насанбуянд олгож ... шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ө.Одхүү давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ж.Насанбуянгийн Ц.Алимаа, Мио Фу Янь нарын өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгүүдийг буулгахад гарсан материалын үнэ гэж нэхэмжилсэн 20000000 төгрөгийн 12000000 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үнэнд нийцэхгүй, хэргийн үнэн зөвийг олж тогтоолгүй намайг хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул гомдол гаргаж байгаа болно.

            Хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа Ө.Одхүү надад өгсөн гэх 12000000 төгрөгийн асуудал нь Мио Фу Янь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нурааж буулгахдаа зарцуулсан зардал бөгөөд ажилчдын хоол хүнс, цалин, багаж хэрэгсэл, хог хаягдлыг ачиж буулгах зардалд зарцуулагдсан гэж би ойлгож байсан. Мио Фу Янь нь барилгын хөрөнгө оруулагч Лэнг Фэнг Шид хуучин барилга буулгахад гаргасан зардлаа тайлагнах учир 12000000 төгргийн зардал гаргасан нь үнэн гэж баталгаажуулж надаар гарын үсэг зуруулсан баримт болно. Хуучин барилгуудыг буулгахад гаргасан зардал гэх 12000000 төгрөг нь Мио Фу Янын өөрийн хөрөнгө биш бөгөөд барилгын хөрөнгө оруулагч Лэнг Фэнг Шигээс гарсан мөнгө юм.

            Би Ж.Насанбуян болон Мио Фу Янь нараас нэг ч удаа биет төгрөг авч, мөнгө санхүүтэй холбоотой харилцаа үүсгэж байгаагүй бөгөөд миний аваагүй болон надад хүлээлгэж өгөөгүй 12000000 төгрөгийг намайг мөнгө хүлээж авсан гэж үзэж шүүх шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

            Мөн шүүхийн шийдвэрт газартай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Ө.Одхүүгийн эзэмшилд 351 м2, Ж.Насанбуянгийн эзэмшилд 819 м2 газар эзэмших эрх нь хэвээр байгаа гэж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 11-ний өдрийн А/525 тоот захирамжаар Ө.Одхүү, Ж.Насанбуян нар нь Хэрлэн сумын 6-р баг, Ивээл хорооллын 30-р байрны урд талын 1170 м2 газрыг бүхэлд нь хамтран эзэмшихээр захирамж гарсан. Газрын тухай хуулинд зааснаар газар хамтран эзэмшиж байгаа тохиолдолд газрыг хувилж хувааж тооцох аргагүй бөгөөд газар эзэмшигч нар нь адил тэгш эрхтэй, харилцан хамааралтай байхаар хуульчилсан гэж газрын мэргэжилтэн тайлбарласны дангуу гэрээ хэлцэл хийж газрыг хамтран эзэмшиж байна. Газар эзэмших эрхийн тухайд Ж.Насанбуян хохирч байгаа ойлголт байхгүй бөгөөд өнөөдөрч газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байгаа болно. Ж.Насанбуян нь Иргэний хуулийн 105.1, 105.2-т заасны дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэх үүргээ биелүүлж уг эрхээ шилжүүлсэн. Уг газрын асуудлаар 2015 онд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж анхан болон давж заалдах, дээд шүүх хэргийг хянаж нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Ж.Насанбуян нь хариуцагч Ө.Одхүүгээс буулгасан барилгын материалын үнэ 20,0 сая төгрөг гаргуулах, мөн залилж авсан газрын 30 хувийг буюу 351 м2 газар эзэмших эрх шилжүүлсэн үйлдлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, уг гэрчилгээг Насанбуян миний нэр дээр гаргуулах, газрын 70 хувь буюу 819 м2 газар эзэмших гэрчилгээнээс Ө.Одхүүгийн нэрийг хасуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг 100 хувь Насанбуян миний нэр дээр гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Нэхэмжлэлийн агуулгаас үзвэл Ж.Насанбуян нь 20,0 сая төгрөг гаргуулах шаардлагыг хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн Мио Фу Яныг төлөөлж гаргасан байхад түүнийг гэрчээр оролцуулсан ба уг шаардлагын нэхэмжлэгчээр Ж.Насанбуянг оролцуулж хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалттай нийцээгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт “ газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга; “ гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ “ гэж заасан байна.

Нэхэмжлэгч Ж.Насанбуян, хариуцагч Ө.Одхүү нарын хоорондох газар эзэмшихтэй холбоотой үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх байтал анхан шатны шүүх энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тус шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хариуцагч Ө.Одхүүгээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн 138/ШШ2017/00340 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.Одхүүгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 сарын 01-ний өдөр төлсөн 206950 төгрөг, 2017 оны 05 сарын 02-ны өдөр төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧ                                                              Д.БАЙГАЛМАА     

                                                                                              З.ЭНХЦЭЦЭГ