Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

 

 

 

 

     2021       02          05                                            2021/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: М.Гэрэлбадрах;

            шүүгдэгч: Х.Ө /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, “Цагаан чоно” харуул, хамгаалалтын албанд ажилладаг байсан гэх, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд:

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 559 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон, Х.Ө.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Х.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Титаниум” караокены гадна зогсоолд байрлуулсан иргэн Х.Ууганбатын эзэмшлийн 4070 УАВ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь, урд 2 хаалга, зүүн хойд хаалга зэргийг эвдэж гэмтээн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ө мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Ууганбат /хх-ийн 8-9, 12-14/,  гэрч О.Баярцэцэг /хх-ийн 17, 18/, гэрч Б.Энхжаргал /хх-ийн 20/ нарын мэдүүлэг, “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26/, Х.Өгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/, Х.Өгийн хувийн байдалтай холбоотой баримтууд буюу ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, өмнөх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 37-46, 63-86/, Х.Өгийн ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 99/, Х.Ууганбатын хүсэлт /хх-ийн 106/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн лавлагаа /хх-ийн 110/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Ө нь 2020 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Титаниум” караокены гадаа иргэн Х.Ууганбатын эзэмшлийн 4070 УАВ дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг толь, урд 2 хаалга, зүүн хойд хаалга зэргийг санаатайгаар эвдэж гэмтээсний улмаас 637.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Х.Ууганбатын /хх-ийн 8-9, 12-14/: “...Би найзууд болох Б.Энхжаргал, О.Баярцэцэг нартай уулзсан. ...О.Баярцэцэг утсаар Бүжинлхамтай яриад “... караокед дуулъя, уулзъя гэж байна” гэж хэлсэн. Утсаа чанга яригч дээрээ тавиад ярьж байсан болохоор бид хэд бүгд сонссон. Тэгсэн Бүжинлхамын нөхөр Х.Ө “онгорхой караоке байна уу” гэсэн ба О.Баярцэцэг “Сүхбаатарын талбайн урд талд байрлах караоке ажиллаж байж магадгүй гэхдээ бид хэд мөнгөгүй байна, дараа болъё” гэхэд “зүгээрээ мөнгө төгрөг дээр санаа зоволтгүй, би буцаагаад яръя” гээд Х.Ө тасалсан. Хэсэг хугацааны дараа Х.Ө “би Сүхбаатарын талбайн урд талын караокед 21:00 цагаас захиалга өгчихлөө, бид хоёрыг модны хоёрын автобусны буудал орчмоос ярьж байгаад ирээд авчих” гэсэн. Тэгээд модны 2-оос очиж аваад караокед ирж эхлээд 1 цаг захиалан дотроосоо архи, пиво ус ундаа захиалсан. Дараа нь сунгаад 1 цаг захиалсан. Тэгээд цаг дуусаад бид хэд гараад машинд сууцгаасан. Би эгч рүүгээ залган “ирж аваач” гэж хэлчихээд хүлээж байж байх хооронд намайг болон Б.Энхжаргал бид хоёрыг тоглоомоор ярих болгондоо хэл амаар доромжлоод байсан. Өөдөөс нь адилхан тоглож ярихад шууд уурлаад автомашины хойноос бууж ирээд миний сууж байсан жолооч талын хаалга үүдийг онгойлгон намайг эхлээд алгадаад дараа нь үсдэж гаргаж, толгой руу хэд хэд удаа гараараа цохисон. Энэ үед Б.Энхжаргал “Х.Ө ахаа та болиоч ээ, зүгээр байгаа хүнийг” гэхэд Б.Энхжаргал руу уурлаж “гичий, янхнаар” дуудан доромжлон нүүр рүү гарын алгаа дэлгэн түлхсэн. Тэгээд намайг дуудахад нь би айсан байсан ба очихгүй зогсож байтал “за одоо би чамайг яах ч үгүй, эр хүмүүс шиг яръя” гэж хэлсэн. Би итгээд очтол намайг янз бүрийн үгээр хэлж доромжлон бас айлгасан. Ярьж дуусаад буцаж ирээд автомашины жолоочийн талын толийг өшиглөөд салахгүй болохоор нь татсаар байгаад салган эвдэлсэн. Дараа нь жолоочийн эсрэг тал руу очиж, толийг мөн адил цохиж, татан хугалсан. Хугалах явцдаа машины хаалга үүдийг зурсан, мөн зүүн хойд талын хаалга руу өшиглөж хонхойлгосон. Би айсан байсан тул ойртож чадаагүй. ... Би “Итгэлт Эстимэйт” ХХК-д үнэлгээ хийлгэсэн. Автомашинд учирсан гэмтэл 677.000 төгрөг болсон. Миний хувьд автомашинд учирсан хохирлоо барагдуулмаар байна. Өөр санал гомдол байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч О.Баярцэцэгийн /хх-ийн 17-18/: “... 2020 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титаниум” караокед үйлчлүүлж байгаад манай найз Заяа, Ууганаа, танил дүү Бүжинлхам, Энхжаргал нарын хамт гарах үед Заяа, Ууганбат хоёр хоорондоо маргалдсан. Ууганбатын машины толийг Заяа хагалаад хэрүүл үүссэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Энхжаргалын /хх-ийн 20/: “...караокеноос гарах үед Х.Ө тооцоогоо хийсэн. Гадаа гараад бид түүнээс айж байгаа тухайгаа хэлээд “одоо боль тэх үү” гэж гуйсан. Тэр нэлээн согтуу байсан. ...Би айгаад машины урд талын суудал дээр суусан. ...над руу дайрч байхдаа зүүн талын хойд хаалга руу өшиглөсөн. Миний сууж байсан талын цонх онгорхой байсан. Хамт явсан хоёр эмэгтэй хорьсон. ...Машиных нь толийг хугалж байхыг бид нар бүгдээрээ харсан...” гэх мэдүүлгээр,

 

Х.Өгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ий 32-33/: “...Би 2020 оны 05 дугаар сарын 11-ний орой өөрийн эхнэр Бүжинлхамын найзууд болох Х.Ууганбат, О.Баярцэцэг, Б.Энхжаргал нартай уулзаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байлах “Титан” нэртэй караокед орцгоосон. ...Тэгээд тараад гарч байхдаа Х.Ууганбат бид хоёр үл ялих зүйлээс болоод маргалдсан. Х.Ууганбат архи уучихсан байж машинаа барьж явах гээд байсан. ...би “боль” гэж Х.Ууганбатад уурлаад бид хоёр хэрэлдсэн. Тэгээд би Х.Ууганбатын “Тоёота приус 20” маркийн машины толиуд болон хаалга руу нь өшиглөж эвдсэн. Тэгээд манай эхнэр намайг аваад гэр рүүгээ харьцгаасан...” гэх мэдүүлэг болон “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох  баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь согтуугаар тодорхой шалтгаангүйгээр иргэний автомашины толь, хаалгыг санаатайгаар хугалж эвдэж гэмтээснээ өөрөө болон хохирогч, гэрч нар зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн,  хохирогчид учирсан хохирлын үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон“ зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Х.Ө нь Х.Ууганбатын автомашины 2 ширхэг толь, урд талын 2 хаалга, зүүн хойд талын хаалга зэргийг эвдэж гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 637.000 төгрөгийн хохирол учруулсан Х.Өгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Х.Ууганбатын “...хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 106 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Х.Ө-г “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Ө нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсний дараа буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” хууль зүйн үндэслэлтэй.

 

Ингэж “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа” энэ тогтоолоор оногдуулсан торгох ял, өмнөх шийтгэх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө-гийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас 315.000 /гурван зуун арван таван мянган/ төгрөгийг хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өд энэ тогтоолоор оногдуулсан торгох ял болон өмнөх шийтгэх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 02 сар 02 хоногийн хорих ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ