Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг 21-18 тоотод оршин суух “Тариат” овогт Пунцагийн Дайрий /РМ-63052637/-гийн хүсэлттэй,

Талийгаач эхнэр Б.Даваахүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч П.Дайрий  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Даваахүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1979 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс тэр үеийн Хөвсгөл аймгийн намын хороонд үйлчлэгчээр ажилд орж, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ажиллаж байгаад нөхөр Даарийтай гэр бүл болж, 1986 оны 01 дүгээр сард Түнэл сумын Ялалт нэгдэлд шилжин суурьшиж, нөхөр Даарийгийн суурьт малчнаар 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд буюу Түнэл сумын Ялалт нэгдэл тартал малчнаар ажилласан юм. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажилласан жилээ сэргээн тогтоолгох хэрэгтэй байгаа юм.

Иймд миний Хөвсгөл аймгийн намын хороонд 1979 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд цэвэрлэгчээр ажиллаж байсан хугацааг, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Түнэл сумын Ялалт нэгдлийн Навчилтай бригадад малчнаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Дайрий шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эхнэр Б.Даваахүү нь 2017 оны 2 дугаар сард шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хандсан байсан боловч эрүүл мэндийн байдлын улмаас 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өвчний учир нас барсан болно. Би түүний хууль ёсны нөхөр нь тул түүний ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгож одоо оршуулгын зардал гаргуулах хүсэлтэй байгаа юм.

Иймд миний талийгаач эхнэр Б.Даваахүүг Хөвсгөл аймгийн намын хороонд 1979 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн Навчилтай бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Даваахүү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байсан боловч 2017 оны 3 дугаар сарын 27-ний өдөр нас барсан байх ба түүний хууль ёсны төлөөлөгч нөхөр П.Дайрий нь нас барсан эхнэр Батзаяагийн Даваахүүгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй болох нь Тухайлбал;

Талийгаач Б.Даваахүүд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр олгосон №0000183871 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар,

Гэрлэгчдийг гэр бүл болсныг 1985 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Түнэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа бүртгэж  НА № 14 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгч П.Дайрийг шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч П.Дайрий нь талийгаач эхнэр Б.Даваахүүгийн ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгосноор оршуулгын зардал гаргуулах тодорхой үр дагаврыг бий болгож байх ба талийгаач Б.Даваахүү нь Хөвсгөл аймгийн намын хороонд 1979 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн Навчилтай бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1979 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №3 дугаартай тогтоолд “....аймгийн намын хорооны конторын өргөтгөлийн барилга, граж хариуцсан цэвэрлэгчээр Батзаяа овогтой Давааг 1979 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажлуулсугай....” гэх Ажилд батлах тухай тогтоолын хуулбар,

Хөвсгөл аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1985 оны 8 дугаар  сарын 08-ны өдрийн №34 дугаартай тогтоолд “....аймгийн намын хорооны үйлчлэгч Б.Даваахүү нь хүүхэд төрүүлж, нярай хүүхдийг нь асрах хүнгүй, байдлыг нь харгалзан 1985 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай цалинтай цөлөө олгохоор тогтоосугай....” гэх Нярай хүүхдээ асрах цалинтай чөлөө олгох тухай тогтоолын хуулбар,

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч М.Сэлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “....Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд 1986 оноос 1992 оныг хүртэл малчин байсан. Суурь хонь маллаж байсан. Б.Даваахүү нь их сайн малчин байсан....” гэх мэдүүлэг, 1981 оны Талархал, 1985 оны Баярын бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач “Боржигон” Батзаяагийн Даваахүү /РМ-62052106/-г Хөвсгөл аймгийн намын хороонд 1979 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Ялалт” нэгдлийн Навчилтай бригадад 1986 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар талийгаач Б.Даваахүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ