Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

 

 

 

 

     2021       02          05                                            2021/ШЦТ/104

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

            улсын яллагч: Г.Түвшинбаяр;

            шүүгдэгч: О.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа загасны наймаа эрхэлдэг, ам бүл 3, эх, хүүхдийн хамт  , урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялаа эдэлсэн, хэрэг хариуцах чадвартай, О.А.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч О.А нь 2020 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 8 дугаар байрны подвальд иргэн Б.Баярбаттай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/, хохирлын баримт /хх-ийн 9/, хохирогч Б.Баярбат /хх-ийн 11/, гэрч Ү.Мөнхгэрэл /хх-ийн 13/, гэрч Ц.Оюун-Эрдэнэ /хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 19/, О.Аийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, О.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 33-38/, өмнөх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-42/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-ийн 48/, Б.Баярбатын хүсэлт /хх-ийн 49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.А нь 2020 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 8 дугаар байрны подвалд иргэн Б.Баярбатыг ямар ч шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Б.Баярбатын /хх-ийн 11/: “...Би 2020 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 02 цагийн орчим найз Мөнхгэрэлтэй утсаар яриад түүний ажил болох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны подвал очиход Мөнхгэрэл, Оюука, О.А нар пиво уугаад сууж байсан. ... удалгүй 40 орчим минутын дараа О.А, Оюука гэх эмэгтэйтэй маргалдаж нүүр рүү нь цохих шиг болсон. Тэгснээ Мөнхгэрэлтэй муудалцахаар нь салгах гэтэл О.А гараараа миний толгой руу цохисон. ...түүний гарт түлхүүр байсан. Толгойн ар хэсэгт нойтон оргихоор нь гараараа тэмтрээд үзтэл цус болсон байсан. Тэгээд гараад явах гэтэл О.А над руу агсарч дайраад зүүн нүд рүү цохисон. Мөн намайг газарт унагааж гар, хөл зулгалсан. Намайг явуулахгүй дайраад байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ү.Мөнхгэрэлийн /хх-ийн 13/: “...О.А, Оюун-Эрдэнэ, Б.Баярбат бид нар юм яриад сууж байхад О.А согтуурхаад Оюун-Эрдэнийг үгээр идээд байсан. ...хоорондоо маргалдсан. Тэгээд байж байтал О.А Оюун-Эрдэнийн нүүр рүү нь түлхээд авсан. Би О.Аийг “боль” гэж хэлтэл над руу дайраад агсраад байсан. Тэр үед хажуугаас Б.Баярбат О.Аийг “боль” гээд салгах гэтэл О.А, Б.Баярбаттай зууралдаад түүний толгой руу нэг удаа цохисон. Б.Баярбатын толгойноос цус гарсан. Б.Баярбат түүнээс зугтаагаад гараад явахад хойноос нь О.А гарсан. О.А Б.Баярбатын толгой руу түлхүүрээрээ цохичих шиг болсон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Оюун-Эрдэнийн /хх-ийн 15/: “...Ү.Мөнхгэрэл ахын найз О.А нэлээн согтсон байсан. Тэгээд О.А нь намайг “наад хоолоо нохой шиг ид” гээд намайг дорд үзэж харьцаад байсан. Би өөдөөс нь уурлаад эмэгтэй хүнтэй жаахан ёс зүйтэй харьцаач гэсэн чинь О.А нь миний нүүр рүү гараараа түлхсэн. ...Б.Баярбат нь “боль” гэсэн чинь О.А шууд гараараа Б.Баярбатын толгой руу цохисон Б.Баярбатын толгойноос цус гараад байсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Баярбатын биед “тархи доргилт, дагзны хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, эрүү, баруун бугуй, сарвуу, хоёр өвдөгт зулгаралт” бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 17-18

 

О.Аийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ий 27-28/: “...Оюука гээд нэг Мөнхгэрэлийн таньдаг дүү охин ирсэн. Бид гурав байж байтал гаднаас Мөнхгэрэлийн найз Б.Баярбат орж ирсэн. Тэгээд дөрвүүлээ хамт пиво ууцгаасан. Би нэлээн согтсон байсан. Би Оюука гэх охинтой жаахан маргалдсан. Тэгээд Мөнхгэрэл нь намайг болиулах гэхэд нь Мөнхгэрэлтэй маргалдсан. Мөнхгэрэлтэй маргалдаж байхад Б.Баярбат дундуур орж ирээд намайг гараараа түлхээд хойшлуулаад болиулах гэсэн. Тэр үед нь миний уур хүрээд түлхүүр барьж байсан гараараа толгой руу нь нэг удаа цохисон. ...Б.Баярбат унаад өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, О.А нь Б.Баярбатыг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан О.Аийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Баярбатын “...О.А нь эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 49 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч О.Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч О.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ