Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

   2021        02           16                                     2021/ШЦТ/110

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: С.Болорзул;

хохирогч: Т.Ганчимэг;

шүүгдэгч: Б.Л, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Л.  

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

          Яллагдагч Б.Л нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Т.Ганчимэгтэй зээлийн гэрээ байгуулж “тусгай үүргийн онгоцонд билет олж өгнө” гэж хуурч мэхлэн 2020 оны 07 дугаар сарын 30-аас 31-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 6.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Ганчимэг мэдүүлэхдээ: “...Манай хүүхэд Англи Улсад байдаг бөгөөд хөл хорионы үед нислэг явахгүй байсан. Манай хүүхэд фейсбүүкээс “тусгай үүргийн онгоцны нислэгт суудал гаргаж өгнө” гэсэн хүний утасны дугаарыг хараад надад хэлсэн. Би Б.Л-тай анх 11 дүгээр хороололд байдаг кофе шоп-т уулзсан. Тэр үед би Б.Л-т “чамд яаж итгэх юм” гэхэд “хоёулаа нотариатаар оръё” гэж хэлээд нотариат орсон. Миний хувьд онгоцны тийзийн мөнгө гэж 6.400.000 төгрөг өгсөн. Б.Л надтай уулзах гээд ирэхдээ хослол өмссөн албаны хүн шиг байсан. Миний хувьд одоогоор хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байна” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Ганчимэг /хх-ийн 12-13/, гэрч М.Чулуун /хх-ийн 18-20/ нарын мэдүүлэг, Б.Лын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, Т.Ганчимэг, Б.Л нарын байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 28/, Т.Ганчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29/, Б.Лын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-43, 45, 50, 51-52, 56-57/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Л нь иргэн Т.Ганчимэгт “тусгай үүргийн нислэг хийх онгоцны билет олж өгнө, хүүхдийг чинь уг нислэгт багтааж Монгол Улсад ирүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 30-31-ний өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 6.400.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

           

хохирогч Т.Ганчимэгийн /хх-ийн 11-13/: “...2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр манай хүү Бямбаням Англи Улсаас 83118882 гэсэн дугаар өгөөд “энэ дугаар луу залгаад та уулзаадах, наад хүн чинь манай найзад тусгай үүргийн онгоцонд багтааж өгнө” гэж хэлсэн. Би тэр дугаар луу залгахад намайг “30-ны үед хотод ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би 30-ны өдөр хотод орж ирээд ярьсан чинь “64-р дэлгүүрийн ЖБ плазагийн нэг давхрын кофе шоп-д ороод ир” гэж хэлсэн. Тэгээд уулзахад “2 хүүхдийг чинь онгоцонд багтааж өгнө” гэж хэлэхээр нь “чамд яаж итгэх юм бэ” гэхэд “хоёулаа нотариатаар ороод гэрээ хийчихье, Гадаад хэргийн яаманд миний таньдаг хүн байгаа, ...8 хүн олоод өгчих, 8 хүний суудал байгаа” гэж хэлсэн. Тэгээд нотариат орох гэж явж байхдаа “би Монгол банкны ерөнхийлөгч байсан Батсүхийн ганц хүү нь байгаа юм, манай аав одоо тэтгэвэрт суусан, сургуулиудаар хичээл заагаад явж байгаа” гэж хэлсэн. Нотариат орж гэрээ хийгээд 4 сая төгрөгөө интернэт банкаар шилжүүлсэн. 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр над руу залгаад “та одоо 2.400.000 төгрөг шилжүүл, би одоо билет бичүүлэх гэж байна” гэж хэлэхээр нь шилжүүлсэн. Тэрнээс хойш залгахаар “нөгөө хүнтэй чинь яриад эргээд залгая, удахгүй онгоцонд багтаагаад өгнө” гэж хэлдэг байсан. ...Тэгээд тэрнээс хойш утсаа салгаад алга болсон...” гэх мэдүүлгээр,

 

Б.Лын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 26-27/: “...Фейсбүүк чатаар танилцсан хүн надаас “Монгол Улс руу гадаадаас ирэх боломж байна уу” гэж асуусан. Тэгээд нөгөө хүнтэйгээ хэд хоногийн дараа эргээд холбогдсон. Би тэр хүнд “нэг арга байна, ерөнхийдөө их үнэтэй тусах юм байна, нэг хүн нь 3 сая төгрөг болох юм байна шүү” гэж хэлэхэд “та манай ээжтэй уулзаарай” гэж хэлсэн. Би тэр хүний ээж Ганчимэг гэх хүнтэй 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр уулзсан. Нотариатаар орж зээлийн гэрээ хийсэн. Зээлийн гэрээ хийгээд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4 сая төгрөг дансаар авсан. Маргааш нь 2.400.000 төгрөг авсан. Тэгээд авсан мөнгөө хувьдаа хэрэглээд дууссан. Би буруутай юм хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг болон Т.Ганчимэг, Б.Л нарын байгуулсан зээлийн гэрээ /хх-ийн 28/, Т.Ганчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь шүүгдэгч Б.Лын “хүүхдийг чинь тусгай үүргийн нислэг хийх онгоцонд багтааж өгнө” гэсэн худал үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хохирогчид учирсан хохирлын хэмжээг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Л нь “хүүхдийг чинь тусгай үүргийн нислэг хийх онгоцонд багтааж өгнө” гэж өөрт байхгүй эрх хэмжээнд иргэнд худал амлалт өгч, өөрөөс нь үл хамаарах, биелэгдэх боломжгүй асуудлын үр дүнгийн талаар зохиомол амлалт өгч мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг нь бодитой бус үйл ажиллагааны төлбөрт авч байгаа нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байна.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч буй Б.Лын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “Б.Лыг залилах гэмт хэрэгт холбогдуулан Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн  шалгаж байгаа тул энэ хэргийг нэгтгэн шалгуулах, хэргийг прокурорт буцаах” тухай санал гаргасан болно.

 

Хэдийгээр Б.Лыг цагдаагийн байгууллага залилах гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэх боловч цагдаагийн болон прокурорын байгууллагаас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт буруутгасан талаарх баримт байхгүй байна.

 

Ийм учраас Б.Лыг өөр дүүрэгт шалгагдаж байгаа хэрэгт нь ирээдүйд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж буруутгах, энэ нөхцөл байдлаас шалтгаалж үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж урьдчилж тогтоох боломжгүй тул “хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаах” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох 6.400.000 төгрөгийг шүүгдэгч Б.Лаас гаргуулж хохирогч Т.Ганчимэгт олгох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.Л нь шунахайн сэдэлтээр, хуурч, мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгчид эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лыг 10 /арван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лаас нийт 6.400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ганчимэгт олгосугай.

                           

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ