Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2-р баг, Хашаат гэх газар нутаглах, Зуут овогт Пагажавын Шатарбаатар /ЗК65110113/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, Цагаан усны 3-1 тоотод оршин суух Буурлууд овогт Батнасангийн Бямбадэлгэр /ЗП72092517/-т холбогдох 2430891 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга найман зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Шатарбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 05 сарын 07-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын иргэн /ченж/ Б.Бямбадэлгэрт 11000000 төгрөгний ноолуур тушаагаад мөнгөө авах гэтэл 2000000 төгрөгийг бэлэн өгөөд банк хаалттай байна нэг дэх өдөр араас чинь шилжүүлнэ гээд одоог болтол хэлсэн тохирсондоо өгөхгүй итгэл эвдэж малчин бидний гол орлого болох бэлэн мөнгийг өгөлгүй маш их хохироож байна. Миний бие 2016 оны 05 сарын 13-нд ХААН банкны зээл 5700000 төгрөг, Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сангийн зээл болох 4668258 төгрөгийг тус тус төлөх ёстой байсан боловч Б.Бямбадэлгэрээс болоод Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сангийн мөнгөний хугацааг хэтрүүлэн шүүхийн эвлэрүүлэн зуучлахаар алданги 730891 төгрөгийг илүү төлөх болсон. Иймд ноолуурын үлдэгдэл 1700000 төгрөг, Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн хугацаа хэтрүүлсэн алданги 730891 төгрөг, нийт 2430891 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 5 сарын 7-ны өдөр Бямбадэлгэрт 198 хил ноолуур өгсөн юм. Тэгээд 11 сая төгрөг болсон. 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тус 2 сая төгрөгийг нь ямаа самнасан хүмүүст өгсөн. Тэгээд Бямбадэлгэр банк онгойхоор нэг дэх өдөр үлдэгдэл мөнгөө шилжүүлнэ гэсэн. Бид хоёр Бямбадэлгэрт 13-нд банкны зээлтэй тэрнээс өмнө шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд утсаар яриагүй байж байгаад 12-нд банкны мөнгө боллоо гээд утсаар Бямбадэлгэртэй ярьсан чинь ноолуураа зарж чадаагүй байна гэж хэлсэн. 15-нд Бямбадэлгэр 1500000 төгрөг өгсөн. Тус мөнгөн дээр нь мөнгө нэмээд банкныхаа зээлийг төлсөн. Үүнээс хойш мөнгөө нэхэж байгаад 6 сард 500000 төгрөг өгсөн. Дахиад 300000 төгрөг өгсөн. Бямбадэлгэрээс авах мөнгө маань 6700000 төгрөг болсон. Би 8 сарын 14-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сум ороод Бямбадэлгэр дээр очсон чинь би 50 тн хонины ноос авсан гээд ачаад зогсож байсан. Хүний дэргэд мөнгө нэхээд муухай юм болох уу гэж бодоод машинд нь сууж байгаад хүүхэд сургуульдаа суух гээд байна. Тэгээд сум хөгжлийн мөнгө нэхэгдээд байгаа болохоор мөнгөө авъя гэсэн чинь та явж бай. Энэ халуунд зогсоод яахав би ноосоо өгчихөөд араас чинь мөнгийг нь шилжүүлье гэхээр нь би үгүй, хамт явж ноосыг чинь тушаалцаад мөнгөө авахгүй бол өчнөөн зардал гараад хэцүү байна гэсэн чинь за тэг, тэг гээд намайг худалдагчийндаа хонуулсан. Тэр шөнө ноосоо ачиж байгаад өглөө намайг ноостой машинтайгаа хот авч явна гэж байсан чинь надруу өглөө утсаар яриад би наадамд явахаар болчихлоо. Та наанаа хүлээж байх юм уу, явах юм уу, өөрөө л мэднэ биз гэсэн. Тэгэхээр нь би чи нөгөө ноосоо яасан бэ гэсэн чинь тэр миний ажил хамаагүй. Өөр хүнийг тушаагаад ир гээд явуулчихсан гэж хэлсэн. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд хариуцагчийг хүлээгээд 4 хоносон. 4 хонохдоо би дэлгүүрээс нь 100000 төгрөгөнд юм авсан. 40000 төгрөгийг нь бэлэн аваад тэр мөнгөөрөө эм авсан. 60000 төгрөгөнд хүнсний юм авсан. Тэгээд 6600000 төгрөг үлдсэн. Ноосоо тушаачихаад 2 сая төгрөг данс руу чинь хийе гэж утсаар ярихаар нь дүүгийнхээ данс руу хийлгэсэн. Тэгсэн хариуцагч та миний скаладанд их ноос байгааг харж байгаа биз дээ. Би ноосоо тушаах болгондоо 2, 2 саяар нь тушаана. Үлдсэн 4600000 төгрөгийг чинь би хоёр удаа ноосоо тушаагаад өгчихнө. Би өмнөх мөнгийг чинь өгчиж байгаа биз дээ гэж хэлсэн. Би гэртээ ирээд дахиад 4600000 төгрөгөө нэхээд байсан өгдөггүй. 9 сард манайхыг сум хөгжлийн мөнгөө төл гээд шүүх дээр дуудсан. Сум хөгжлийн мөнгийг 10 хоногийн дотор төлөх хугацаа өгсөн юм. Энэ хугацаанд нь хариуцагчаас мөнгөө авах санаатай цагдаа дээр очиж өргөдөл өгсөн. Тэгсэн намайг өргөдлөө буцаагаад авчих. Би таны мөнгийг олох гэж хотод ажил хийх гээд хөөцөлдөж байна. Тэгсэн цагдаагаас дуудаад зовлонтой байна. Би таны данс руу 1 сая төгрөг хийлээ гэж хэлсэн. Тэгээд би өргөдлөө буцааж аваагүй. 1 сая төгрөг дансанд орж ирсэн. Тэгсэн цагдаагаас таны нэхэмжлэлийг прокурор руу шилжүүллээ гэсэн бичиг ирсэн. 3600000 төгрөгөө авч чадахааргүй байж байтал 10 сард манайх нүүх болсон. Үүнээс өмнө буюу оюутан цуглахаас өмнө 500000-аар 2 удаа мөнгө өгсөн. Ямарч байсан 2600000 төгрөг үлдсэн. Тэгээд 2600000 төгрөгөө авах гээд Дундговь аймгийн Эрдэнэдалай сум орсон чинь хариуцагч байгаагүй. Тэгэхээр нь би хаиуцагч руу залгаад дэлгүүрээс чинь юу ч хамаагүй авлаа гэсэн чинь байж бай би одоо шөнө очлоо гэсэн. Өглөө нь хариуцагчтай уулзаад 600000 төгрөгөнд нь бараа өг гэсэн архи, тамхи авбал ав гэхээр нь 12 шил архи, тамхи, саван, бок гээд нийт 600000 төгрөгөнд юм авсан. Сүүлд нь 300000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд 1700000 төгрөг үлдсэн. Сүүлдээ хариуцагч утсаа ч авахаа байсан. Тэгэхээр нь би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цагдаа руу нь утсаар ярьсан чинь намайг шүүхэд ханд гэж хэлсэн. 700000 төгрөгийг нь цагаан сар болохоос 10 хоног дутуу байхад өгсөн. 1 сая төгрөгийг нь битүүний өдөр өгсөн байх. Хариуцагч би үндсэн мөнгөө төлчихсөн болохоор танайд ямар ч өргүй болсон гэж утсаар ярихаар нь би чи манайхыг их л хохироосон. Тиймээс баримттайгаар нь сум хөгжүүлэх сангийн мөнгийг өг гэж хэлсэн. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг төлөх гэж манайх мах 2600 төгрөг байхад 100 ширхэг хонь хийж төлсөн. Ядаж тэрний алданги болох 730891  төгрөгийг өг гэсэн өгөхгүй гэж хэлсэн. Тиймээс хариуцагчаас сум хөгжлийн мөнгөний алданги болох 7730891 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Ноолуурынхаа мөнгийг багцаалдаад манайх банкнаас зээл хийчихсэн байсан. Зээлээ ч төлж чадаагүй гэв.

Хариуцагч Б.Бямбадэлгэр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие иргэн П.Шатарбаатараас 2016 оны 5 сард 11000000 төгрөгийн ноолуурыг кг тус бүрийг 61000 төгрөгөөр бодож авсан. Тэр өдрөө өөрт бэлэн байсан 2 сая төгрөгийг өгч  үлдсэн 9 сая төгрөгийг борлуулаад өгөхөөр тохиролцсон. Үлдэгдэл 9 сая төгрөгийг цувуулж өгсөн нь үнэн. Үүний гол шалтгаан нь маргааш нь ноолуурын ханш 10000 төгрөгөөр унаж борлуулалт хийгдэхгүй, ноолуур авах хүнгүй болж уг ноолуурын мөнгө удааширсан. Уг ноолуурыг сарын дараа 55000 төгрөгөөр зээлээр зарсан. Худалдаж авсан хүн маань уг ноолуурыг угааж урагшаа явуулсан. Ингээд удаан хугацааны дараа уг ноолуурын мөнгө уван цуван орж ирсэн. Мөн Шатарбаатараас худалдаж авсан ноолуур шороо ихтэй чанар муутай ноолуур байсан. Үүнийгээ тэр 2 хүн сайн мэдэж байгаа. Уг ноолуурыг зараад миний хувьд 1200000 төгрөгний алдагдалд орсон. Би энэ хугацаанд уг мөнгийг тэр хүмүүсээс нэхэмжлээгүй. Иймээс иргэн П.Шатарбаатарт миний бие өгөх ёстой мөнгөө бүрэн өгсөн. Иргэн П.Шатарбаатарын нэхэмжилж байгаа 730891 төгрөгийг миний бие хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Шалтгаан нь:  Ноолуурын үлдэгдэл болох 9 сая  төгрөгийн 4 сая төгрөгийг 2016 оны 07 сард, 2 сая төгрөгийг 2016 оны 08 сард өгсөн. ...2016 оны 9 сар гэхэд  би иргэн П.Шатарбаатарт 1 сая төгрөг өгөх үлдэгдэлтэй байсан нь үнэн болно. Одоо би иргэн П.Шатарбаатарт ямар ч мөнгөний тооцоогүй. 2016 оны 09 сарын 09-ний өдрийн Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сантай эвлэрлийн гэрээ байгуулахаас өмнө 8 сая төгрөгийг өгсөн байсан тул П.Шатарбаатар уг Сум хөгжүүлэх сангийн зээлийг хугацаанд нь төлөх боломжтой байсан гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                           

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Шатарбаатар нь хариуцагч Б.Бямбадэлгэрээс ноолуурын мөнгөний үлдэгдэл 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг, Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сум хөгжлийн сангаас мөнгийг хугацаа хэтрүүлэн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид дуудагдан алданги төлсөн 730891 /долоон зуун гучин мянга найман зуун ерэн нэг/ төгрөг, нийт 2430891 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга найман зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаас ноолуурын мөнгө 1700000 төгрөгийг төлсөн. Харин  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх санд төлсөн алданги 730891 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Б.Бямбадэлгэр нэхэмжлэгч П.Шатарбаатараас 11000000 /арван нэгэн сая/ төгрөгийн үнэ бүхий ноолуур худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл хариуцагчийн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдох бөгөөд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний дагуу хариуцагч нэхэмжлэгчид ноолуурын үнэ төлөх үүргийг хүлээсэн боловч ноолуурын үнийг нэхэмжлэгчид хэсэгчлэн төлж, ноолуурын үнээс 1700000 төгрөг үлдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нэхэмжлэгчид 1700000 төгрөгийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь  зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх санд төлсөн алданги 730891 төгрөгийг төлөхгүй гэх бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч тус сангаас хариуцагчтай ноолуур худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө буюу 2013 оны 5 сарын 10-нд ‘’Үхрийн фермер’’ төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан байх бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа 2014 оны 5 сарын 1-ний өдрөөс эхэлсэн болох нь хэргийн 4 дүгээр хуудсанд  авагдсан Эвлэрлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сантай байгуулсан зээлийн гэрээ нь хариуцагч Б.Бямбадэлгэртай 2016 оны 5 сарын 7-нд байгуулсан ноолуур худалдах, худалдан авах гэрээтэй шалтгаант холбоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч  Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сум хөгжүүлэх сантай байгуулсан зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан цаг хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй байсан бөгөөд үүргээ гэрээнд заасан цаг хугацаанд нь биелүүлсэн бол 730891 төгрөгийн алданги  төлөхгүй байх боломжтой байсан.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 1700000 төгрөг төлснийг дурдаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураажинд төлсөн 63470 төгрөгөөс нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох 53844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9626 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 42150 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бямбадэлгэр нь нэхэмжлэгч П.Шатарбаатарт нэхэмжлэлийн шаардлагаас 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг төлснийг дурьдаж, үлдсэнийг хэрэгсэхгүй  болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53844 /тавин гурван мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 42150 /дөчин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг, улсын орлогоос 9626 /есөн мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.ХИШИГДЭЛГЭР