Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

 

 

 

 

 

 

 

 

        2021        02         26                                     2021/ШЦТ/132

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Д.Даваадорж;

шүүгдэгч: Ж.М, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал, чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, , урьд:

Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Ардын шүүхийн 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж, Төв аймгийн Эрдэнэсант сум дахь тусгай комендатурт хөдөлмөрт заавал татан оролцуулахаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1987 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 527 дугаар магадлалаар эдлээгүй үлдсэн 2 сар 26 хоногийн хөдөлмөрт заавал татан оролцуулах ялаас тэнсэн суллагдсан,

Нийслэлийн шүүхийн 1994 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар нийт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 10 cap 09 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 04 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 8 хоногийн хорих ялыг тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар 3 жил 5 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1596 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 6 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ тус тус авагдсан, Ж.М.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ж.М нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд ....гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох салсан эхнэр Ө.Жаргалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга, агсан тавьж, улмаар түүнтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан, мөн байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: “...Миний буруу. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 1989 онд гэр бүл болсон бөгөөд 2009 онд гэрлэлтээ цуцлуулсан...” гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Жаргалын мэдүүлэг /хх-ийн 5-6, 10/, Ж.Мийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 17-20, 52/, Ж.Мийн урьд ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 54-64/, дуудлагын бүртгэл /хх-ийн 22-30, 41-44/, зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд /хх-ийн 33-40, 45-46/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 47-48/, Ж.Мийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 67-69/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Ж.М нь өөртэй нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Ө.Жаргалыг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19 дүгээр гудамжны  22 тоотод байрлах гэрт нь 2019 оны 12 дугаар сарын 03, 2020 оны 04 дүгээр сарын 23, 2020 оны 08 дугаар сарын 25, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрүүдэд сэтгэл санаанд нь дарамт учруулах, бие махбодод нь халдах байдлаар байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

            хохирогч Ө.Жаргалын /хх-ийн 10/: “...2020 оны 11 дүгээр сарын 08-ны орой салсан нөхөр Ж.М гэрт согтуу орж ирээд хоол нэхэхээр нь хоолыг нь аяганд хийж өгсөн. Тэгтэл намайг “янхан минь” гэж хараагаад байсан. Би зурагтаар кино үзэж байтал суваг булаацалдаад тогоотой хоолыг авч шидээд, мөн яндан өшиглөж, зурагтын “МБС” төхөөрөмжийг татаж аваад шидсэн. ...Тэгээд дахиж намайг элдвээр хараагаад миний нуруу, толгой хэсэг рүү тус бүр нэг удаа цохисон. Би гэрээс гарч зугтаад цагдаад дуудлага өсгөн. Энэ хүн байнга намайг дарамтад байлгаж, эрүүл байсан ч намайг доромжилдог. Өмнө нь маш олон удаа намайг зодож байсан. Би түүнээс 2009 онд салсан бөгөөд тэрнээс хойш байнга гэрт ирж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. ...Надад гэмтэл учраагүй. Ж.М байнга агсам тавьж, биед халдаж, эд зүйл авч шиддэг. Тухайн үед шидсэн зурагтын төхөөрөмжид эвдрэл гэмтэл байхгүй байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, харин хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлгээр,  

 

Ж.Мийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 15-16/: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би Тасганы овоон дээр явж байгаад “Хараа” гэх нэртэй архи уусан. Тэгээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойргийн хажууханд байдаг траншейнд ганцаараа “Шим” гэх нэртэй архи уусан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Бид 1985 оноос хойш 2009 он хүртэл хамт амьдарсан. Тэрнээс хойш цуг байхгүй байгаа. ...Намайг согтуу очихоор хөөгөөд байхаар нь агсам согтуу тавьчихдаг...” гэх мэдүүлэг болон Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 47-48/, зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэврүүд / хх-ийн 33-40, 45-46/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нарын амьдралын нөхцөл байдал, шүүгдэгч Ж.М нь архи ууж согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Ө.Жаргалыг гэрт нь очиж олон удаагийн үйлдлээр гутаан доромжилж сэтгэцийн байнгын дарамтад оруулж харьцдаг, зоддог, амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан, энэ үйлдлүүддээ шүүгдэгч урьд өмнө Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр арга хэмжээ авагдаж байсан, Ж.Мийн гаргаж буй зан авир, хүчирхийлсэн үйлдлээс шалтгаалж байнгын дарамт, айдас түгшүүртэй амьдардаг болохыг хохирогч гэрчилж мэдүүлсэн, гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг нөхцөл байдлын үнэлгээ хийж тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ж.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэг болохыг эргэлзээгүй, итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь “гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх”-д оршино гэсэн зорилгоор тодорхойлогдох бөгөөд уг хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчил, эсхүл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг үйлдлийн давтамжийг харгалзан шат дараалж хүндрүүлсэн нь хууль тогтоогчийн үзэл санаа юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэг болон Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжүүдийн давхардаж буй хэсгүүд нь гэмт хэргийн шинжийг тодорхойлох үндэслэл болох бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана.

 

Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж нь “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 4 шинжээр үйлдэгдэх ба эдгээрийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг үйлдсэн нь нийт 3 удаа байх тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Ж.М нь гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Ө.Жаргалыг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ толгойн хэсэгт зүүн гараараа 2 удаа цохисон, зүүн хөл рүү нь өшиглөж хөхрүүлсэн, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгэж, архи, тамхины мөнгө нэхэж дарамтлах байдлаар хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэрүүл маргаан хийж нүүрэн тус газар нь цохиж, хоолойг нь боож эрх чөлөөнд нь халдсан, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нуруу, толгой хэсэгт нь цохиж “янхан минь” гэх зэргээр хэл үгээр доромжилж байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэврүүд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар олон удаагийн үйлдлээр (байнга) гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Ө.Жаргалыг хэл үгээр нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилж, заналхийлж, бие махбодод нь халдаж, агсам согтуу тавьж сэтгэл санааны дарамтад оруулж, амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг алдагдуулахад зориудаар хүргэж буй Ж.Мийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолоор Ж.Мд 2109000000109 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан тул энэ хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх, мөн Ж.Мд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 523 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хэрэглэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй тул хэргийг прокурорт буцаах тухай ” гаргасан хүсэлтэд дараах байдлаар хариу өгсүгэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол ...” гэж заасан бөгөөд “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн” гэдэг нь нэг төрлийн буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хэд хэдэн үйлдэлд шууд хамаарахгүй харин өөр өөр төрлийн буюу нийлмэл гэмт хэрэгт хамаарах үндэслэл юм.

 

Ийм учраас Ж.Мийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болон яллагдагчаар татагдсан өөр өөр төрлийн гэмт хэргүүдийг нэгтгэн шалгах шаардлагагүй, хэрэв тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүхээр тогтоогдсон тохиолдолд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжтой, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болно.  

 

Мөн улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу  шүүгдэгчийг өмнөх шийтгэх тогтоолд заасан албадлагын арга хэмжээг бүрэн биелүүлсэн, хугацаа дууссан гэж үзэж байх тул энэ талаарх лавлагаа, тодорхойлолтыг заавал авах шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирогч Ө.Жаргал нь гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Ж.М нь хохирогчийг байнга сэтгэл санааны дарамтад оруулан харгис хэрцгий харьцаж, зодож, догшин авирлаж, тарчлаан хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх байдлаар амьд явах, амгалан тайван амьдрах эрхэд нь халдаж өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, хохирогчийг байнгын айдас түгшүүртэй байлгасан, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчид энэрэнгүй хандаж байгаа зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ж.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан төрөл, хэмжээний дотор 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон          

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Ж.Мийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

                         

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ