| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0379/и |
| Дугаар | 00379 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 00379
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багт оршин суух “Тогоруутан” овогт Бямбаагийн Янжинлхам /РП-69080704/ -д холбогдох
Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 2.458.280 /хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Г.Сонинпил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Янжинлхам нь Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоолын дагуу Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлтэй зээлээс Монгол дээл оёх чиглэлээр 2013 оны 11 дүгээр сарын 19-нд 3.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2015 он болон 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар эргэн төлөлт огт хийгээгүй болно.
Иймд үндсэн зээл 2.160.000 төгрөг, зээлийн хүү 97.400 төгрөг, алданги 200.880 төгрөг нийт 2.458.280 төгрөгийг Б.Янжинлхамаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Янжинлхам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Янжинлхам нь сум хөгжүүлэх сангаас авсан мөнгөө хүнд зээлсэн бөгөөд өгч чадахгүй байна.
Иймд ямааны ноолуурын үед төлөх хүсэлтэй байх тул 2017 оны 4 дүгээр сарын 20-25-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга нь хариуцагч Б.Янжинлхамаас Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 2.458.280 /хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга хоёр зуун ная/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Янжинлхам нь “....2.458.280 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ноос 25-ны дотор төлөхийг зөвшөөрөв....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга нь төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Харин Сум хөгжлийн сангийн зээл 2.458.280 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 54.282 төгрөгийн 50 хувь болох 27.141 төгрөгийг хариуцагч Б.Янжинлхамаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөрт нийт 2.458.280 /хоёр сая дөрвөн зуун тавин найман мянга хоёр зуун ная/ төгрөгийг хариуцагч Б.Янжинлхам төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Б.Янжинлхамаас улсын тэмдэгтийн хураамжинд 27.141 /хорин долоон мянга нэг зуун дөчин нэг/ төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ