Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/133

 

  

 

 

 

 

 

 

 

     2021        02         26                                    2021/ШЦТ/133

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Д.Даваадорж;

шүүгдэгч: Ч.Н, түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ч.Н.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ч.Н нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...иргэн Б.Мөнхбадрахтай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, газар унахад нь толгой руу нь хөлөөрөө удаа дараа өшиглөх зэргээр зодож биед нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н  мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв. 

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мөнхбадрахын мэдүүлэг /хх-ийн 3, 21-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7-8/, Ч.Нийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 27-31, 33-35/ Ч.Нийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 40/, Б.Мөнхбадрахын хүсэлт /хх-ийн 45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... иргэн Б.Мөнхбадрахыг “согтууруулах ундаа нэмж уугаад хэрэггүй” гэсэн үгэнд уурлаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Б.Мөнхбадрахын /хх-ийн 21-22/: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хадам ах Ч.Н “Дамбад айлд ирсэн, согтуу байна, намайг ирээд аваач” гэхээр нь тухайн айлаас ахыг очиж авахад тэрээр манай гэрт хоносон. Маргааш өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хадам ах Ч.Н “нөгөө айлдаа гар утас болон бичиг баримтаа орхисон байна, цуг очоод аваад ирье” гэхээр нь хамт явсан. Замдаа дэлгүүрээс 3 ширхэг том пиво аваад, тухайн очсон айлдаа 2 ширхгийг нь авч ороод ахын найз гэх хүнтэй хамт гурвуулаа хувааж уусан. Тэгээд би “одоо болно” гэж хэлээд эхнэрээ ирүүлээд хамт гарахад хадам ах миний араас гарч ирээд надтай маргалдаж улмаар намайг түлхэж унагаагаад өшиглөсөн. Би эхнэрийн хамт гэртээ хариад байж байтал удалгүй хадам ах араас ирсэн. Би хадам ахыг угтаад өөдөөс нь гарч очоод “та яаж байгаа юм бэ, хүн зодоод” гэхэд над руу дайраад байхаар нь түүнийг барьж авах гэтэл дийлэхгүй байсан. Намайг цохиж унагаагаад миний дээрээс дэвссэн. Манай эхнэр Отгонцэцэг гарч ирээд салгасан. Миний биед учирсан гэмтлийг хадам ах Ч.Н цохиж учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Мөнхбадрахын биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зулайн зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 307 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 7-8/,

                                                                                                                                  

Ч.Нийн яллагдагчаар мэдүүлсэн /xx-ийн 40/: “...Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой хүргэн Б.Мөнхбадрахын гэрт ирж хоноод түүнийг дагуулаад Дамбад байх найз Ганбатын гэрт нь очсон. Замдаа дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай 3 ширхэг пиво аваад хүргэн Б.Мөнхбадрах манай найз Ганбатын гэрт орохдоо 2 ширхгийг нь аваад 1 ширхгийг нь машиндаа үлдээгээд орсон. Тэгээд бид 3 авчирсан 2 ширхэг пивыг уугаад дуусахад хүргэн “одоо гэртээ харина” гээд гарсан. Тэгээд би хүргэнийг дагаж гараад “үлдсэн 1 ширхэг пиво найз Ганбаттай хувааж ууна” гэхэд хүргэн “одоо болно, айлд хүндрэл учруулаад яах юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад хүргэн Б.Мөнхбадрах түрүүлээд гэр рүүгээ явсан. Би араас нь тэдний гэрт очтол хүргэн миний урдаас гарч ирээд намайг барьж авах гээд байсан. Бид хоёр маргалдаад хүргэн миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд Б.Мөнхбадрахыг шанаа хэсэгт нь хавсарч цохиж унагаагаад толгой хэсэг рүү нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ч.Н нь Б.Мөнхбадрахыг зодож хөнгөн гэмтээснийг эргэлзээгүй, итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Ч.Нийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Мөнхбадрахын “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байр суурь хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Ч.Н нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж эрүүл мэндэд нь хохирол учруулах замаар нийгэмд тогтсон ёс суртахуун, иргэдийн амар амгалан амьдрах, бусдын эрхийг үл хүндлэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогч гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж түүнд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ч.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ