Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        03          02                                    2021/ШЦТ/143

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Ж.Энх-Амгалан;

шүүгдэгч, хохирогч: Б.С /өөрийгөө өмгөөлж/;

шүүгдэгч, хохирогч: Б.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т, Б.С нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Скайтель” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, Б.Т,

 

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Скайтель” ХХК-д борлуулалтын ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, Б.С.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Т нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Дони парк /Dony park/ солонгос хоолны газарт “ахаа гэж дуудаж, хүндэлж чадахгүй” гэж хэлсний улмаас маргалдан Б.Сыг нүүр, толгой хэсэгт нь цохих, өшиглөх зэргээр зодэж эрүүл мэндэд “тархи доргилт, хамар, хацар, эрүү, чих, чихний ар тал цус хуралт, хаван, шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч Б.С нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Дони парк /Dony park/ солонгос хоолны газарт маргалдан Б.Тын нүүр, толгой хэсэгт нь цохих, өшиглөн зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун доод соёо шүдний түүшин сэртэнгийн цууралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Т мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 18-ны оройн 21-22 цагийн үед Солонгос хоолны газарт Б.С бид 2 үл ойлголцоод маргалдах болсон. Б.С “ах гэж дуудаж, хүндэлж чадахгүй байна гэж хэлсэн” гэсэн байсан. Миний хувьд “ах” гэж хүндлүүлэх гэсэн зүйл байхгүй. Миний баруун доод соёо шүдний түүшин сэртэнгийн цууралт гэсэн гэмтэл гарсан. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй...”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.С мэдүүлэхдээ: “...              2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Дони Парк” гэдэг солонгос хоолны газарт ажлынхаа хамт олонтой хоолонд орсон. Өмнө болсон үл ойлголцлоос болоод Б.Ттай маргалдаад хоолны газраас гараад зодолдсон. Б.Тын хувьд намайг түрүүлж цохисон. Би Б.Тт 300.000 төгрөг өгсөн. Б.Т надад 300.000 төгрөг эмчилгээний мөнгө гэж өгсөн. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5/, хохирогч Б.Т /хх-ийн 7/, хохирогч Б.С /хх-ийн 9/, гэрч Г.Хас-Очир /хх-ийн 13/, гэрч С.Саруулбуян /хх-ийн 14/, гэрч Д.Алтансувд /хх-ийн 15/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 17-18, 23-24/, Б.Тын эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ий 19/, Б.Тын хохирлын баримт /хх-ийн 29-31/, Б.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36, 37-38/, Б.Сын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/, Б.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 47, 49/, Б.Сын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 48, 50/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Б.Т, Б.С нарын ажлын газрын тодорхойлолт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т, Б.С нар нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Дони парк” /Dony park/ нэртэй Солонгос хоолны газарт хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн өөр хоорондоо зодолдож бие биенийхээ  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Б.Сын /хх-ийн 8-10/: “...би ширээнийхээ ажлын хүмүүст манай ажлын Б.Т “ахаа гэж дууд, хүндэл гээд байсан” гээд инээхэд Б.Т хажуу ширээнд сууж байснаа миний ширээн дээр ирээд “чи намайг доромжлоод байна уу, давраад байгаарай” гэж хэлсэн. Тухайн үед тоглоом шоглоом болж байсан болохоор муудалцаагүй хаясан. ...21 цагийн үед Б.Ттай тамхи татаж байхдаа түүнд “чамайг ахаа гэж хүндэлж чадахгүй” гэж хэлэхэд миний нүүрэн тус газар руу цохисон. ...харилцан цохилцож байгаад би газар унасан. ...Саруул бид хоёрыг салгаад Б.Тыг найз охин нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Сын биед “...тархи доргилт, хамар хацар эрүү, чих, чихний ар талд цус хуралт, хаван, шарх” бүхий  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 23-24/,

 

Б.Тын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 35-36/: “...хоолны газар сууж байхад ажлын залуу болох Б.С нь нөгөө ширээн дээр сууж байснаа намайг доромжилсон. ...хэсэг хугацааны дараа ярилцаж байгаад эвлэрсэн. ...Тэгээд 21 цагийн үед манай найз охин ирээд явахаар болсон. Гэтэл хоолны газар Б.С нь ажлын залуус руу дайраад байсан. Би “хоёулаа гаръя, чи тайвшрах хэрэгтэй” гээд ярилцахаар дагуулаад гарсан. Гадаа хэсэг маргалдаж байгаад харилцан зодоон болсон. ...зодоон болох үед би баруун гараараа Б.Сын хамар болон хацар, эрүү, толгой, нүүрэн хэсэг рүү нь  хэд хэдэн удаа цохисон бас баруун хөлөөрөө өшиглөсөн” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Тын /хх-ийн 6-7/: “...гараад ярилцаж байтал Б.С “чи надаа ах болох гээд байна уу, чадахгүй шүү” гээд салаавч гаргаад шууд намайг цохисон. Харилцан цохилцсоны дараа Б.С газар унасан. Тэр үед Саруул хажууд зогсож байгаад намайг тэврээд “одоо болно боль” гээд бид хоёрыг салгасан. Б.С босч ирээд намайг хэд хэдэн удаа толгойн хэсэг рүү цохиход би Б.Стай дахиж зодолдсон. Б.С газар унахаар нь би болих санаатай холдоход Б.С босч ирээд дахиад намайг цохихоор нь өөдөөс нь цохисон”   гэ мэдүүлгээр,

 

Б.Тын биед “тархи доргилт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд  зовхинд цус хуралт, баруун доод соёо шүдний түүшин сэртэнгийн цууралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 17-18/,

 

Б.Сын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-44/: “...ажлын хамт олонтойгоо 2 ширээнд хуваагдаж суусан. Хоолонд орж байх үеэр Б.Тыг ярьж буй сэдэвтээ оруулж маазарсан. Гэтэл Б.Т ирээд “чи намайг өдөөд байна уу” гээд хараалын үг хэлээд уурласан. Би Б.Тыг уурласныг мэдээд чимээгүй болсон. ...би Саруул гэх найзтайгаа тамхи татахаар гарсан. Гадаа гарсны дараа Б.Т араас гарч ирээд бид хоёр дотор болсон асуудлын талаар ярилцаж байгаад муудалцаад хоорондоо зодолдсон...” гэх мэдүүлгээр,

 

     гэрч С.Саруулбуяны /хх-ийн 14/: “...Б.С, Б.Т нар хоорондоо юм яриад зогсож байсан. Би тэр хоёрын хажууд очиход маргалдаж байгаад шууд хоорондоо зодолдоод эхэлсэн. Хэсэг хугацааны дараа би салгах гээд Б.Тыг тэвэрч байхад Б.С ирээд Б.Тыг цохиод байсан. ...би тэр хоёроос холдсон. Хоорондоо бүүр салахгүй зодолдоод байхаар нь нэгнийгээ гэмтээнэ гэж бодоод салгасны дараа Б.Тыг найз охин нь ирээд аваад явчихсан...” гэх мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар өөр хоорондоо зодолдсон болохыг өөрсдөө болон гэрч нар хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, харилцан зодолдсоны улмаас хэн аль нь гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.С, Б.Т нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.С, Б.Т нар нь “...нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.С, Б.Т нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.С, Б.Т нар нь харилцан зодолдож бие биеийнхээ эрх, эрх чөлөөг зөрчиж эрүүл мэндэд нь хохирол учруулах замаар нийгэмд тогтсон ёс суртахуун, амар амгалан амьдрах, бусдын эрхийг үл хүндлэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн боловч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, тогтвор суурьшилтай эрхэлсэн тодорхой ажилтай, бие биедээ төлөх төлбөргүй зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж тэдэнд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.С, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тус бүрийг 500 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Б.Т нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Б.Т нар торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.С, Б.Т нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бие биедээ төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ