Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/148

 

 

 

 

 

    2021        03          03                                            2021/ШЦТ/148

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

            нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

            улсын яллагч: Ж.Энх-Амгалан /томилолтоор/;

            шүүгдэгч: Д.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Д.Н.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч Д.Н нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах 130 дугаар цэцэрлэгийн үүдэнд иргэн Э.Алтантуяатай “зээлсэн мөнгө өгөхгүй байна” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний үснээс зулгаах, чирэх үйлдэл санаатай хийж, Э.Алтантуяагийн биед “зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, тархи доргилт, дух, баруун бугалгад зулгаралт, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Алтантуяа /хх-ийн 24-25/, гэрч Н.Цэнгүүн /хх-ийн 28-29/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12546 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ий 31-32/, Д.Н-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-38/, Э.Алтантуяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 40-46/, Д.Н-ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, Э.Алтантуяагийн хүсэлт /хх-ийн 50/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 130 дугаар цэцэрлэгийн үүдэнд иргэн Э.Алтантуяатай “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгаанаар  хэрэлдэж муудалцан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Э.Алтантуяагийн /хх-ийн 19-20, 24-25/: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 130 дугаар цэцэрлэгээс 4 настай Өнөболдыг авахаар 16 цаг 40 минутын орчим очиход зүс таних Д.Н таарсан. Тэгээд надаас “мөнгөө авъя” гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ,  би танд мөнгө төгрөгийн өргүй” гэж хэлэхэд “пизда минь чи хүний юмыг луйвардаж авдаг болоо юу” гээд цэцэрлэгээр дүүрэн орилж хашхираад байсан. Тэгээд хүүхдээ хувцаслаж байсан чинь толгойн орой хэсгээс үсдсэн. Тэгтэл цэцэрлэгт хүүхдээ авч байсан эцэг эхчүүд салгасан. ... “би чамайг гарч ирэхээр ална” гээд байсан. Би хүүхдээ хувцаслаад гарсан чинь над руу орилоод дайрсан. Тэгэхээр нь би “чи битгий солиор” гээд хэрэлдээд нүүр лүү нь нулимсан. ...Тэгээд үснээс чирсэн. Би доошоо тонгойсон байсан бөгөөд тэнд байсан хүмүүс ирж салгасан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Цэнгүүний /хх-ийн 28-29/: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний 16 цаг 30 минутын орчим дүү Содгэрэл, Нарангэрэл нарыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо 130 дугаар цэцэрлэгээс авахаар ээж Д.Н-ийн хамт очсон. Тэгээд цэцэрлэгийнх нь гадаа очоод би машин дотор үлдээд, ээж дүү нарыг авахаар ороод ойролцоогоор 20-30 минутын дараа гарч ирж байгаа харагдсан. Манай хоёр дүү машинд суухаар нь “ээж яасан юм бэ” гэж асуухад “ээж тэнд байна” гэж хэлсэн. ...ээжийн зүгт харсан чинь ээж нэг хүнтэй барьцалдаад байж байсан. Тэгээд очиход  Э.Алтантуяа эгчтэй бие биеийнхээ үснээс зуураад байж байсан. Би гүйж очоод ээжийн гарыг Э.Алтантуяа эгчийн толгойноос салгасан. Цэцэрлэгийн жижүүр гарч ирээд бас салгасан. ...Э.Алтантуяа эгчийг жижүүр цэцэрлэг рүү дагуулж орсон...” гэх мэдүүлгээр,

 

Э.Алтантуяагийн биед “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцралт, тархи доргилт дух, баруун бугалгад зулгаралт, цээжинд цус хуралт” бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12546 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 31-32/,

 

Д.Н-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ий 27-28/: “...2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүүхдээ цэцэрлэгээс авах гээд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 130 цэцэрлэгт очиход Э.Алтантуяа хүүхдээ авчихсан сууж байсан. Би Э.Алтантуяад “өмнө нь зээлсэн байсан мөнгөө авъя арай дэндүү удлаа хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг нь авч өгмөөр байна” гэж хэлэхэд “чадахгүй” гэж хэлэхээр нь “чи ямар сэтгэлгүй юм бэ, би ажилгүй мөнгө төгрөггүй хэцүү байна” гэж хэлтэл                  “хуц солиор” гээд хэрэлдсэн. ...тэгээд бид хоёр зууралдсан. Э.Алтантуяагийн булчин хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Д.Н нь Э.Алтантуяаг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Д.Н-ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Алтантуяагийн “...одоо гомдол алга, шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 50 дүгээр талд авагдсан байна.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирогч Э.Алтантуяа нь гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Н нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ