Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн  хамт Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн нутаг Хайсын гол гэх газарт оршин суух “Хар дархад” овогт Даваагийн Баярсайхан /РВ-60120915/-ы хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Д.Баярсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын сургуулийн 6 дугаар ангийг төгсөөд хөдөө эцэг, эхийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1974 оноос туслах малчнаар ажиллаж байгаад 1976 оноос бие даан мал маллах болсон. Ингээд 1978 онд цэргийн албанд татагдаж 1981 онд цэргийн албанаас халагдаж ирээд мөн Соёл нэгдэлд үхэрчнээр нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон боловч тэр үеийн ажилд орсон гарсан тушаал байхгүй болсон тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан болно.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн 2 дугаар бригадад 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 10-ныг хүртэл адуучин, тус нэгдлийн сүү тосны тасагт 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сүү машиндагчаар ажиллаж байсныг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн 2 дугаар бригадад 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 10-ныг хүртэл адуучин, тус нэгдлийн сүү тосны тасагт 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сүү машиндагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3/15 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар,

Гэрч Ш.Лхагваажийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн: “....Д.Баярсайхан нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 2 дугаар бригадад 1976 онд илгээлтээр гарч ирээд аавтайгаа мал маллаж байгаад 1978 онд цэргийн албанд татагдаж 1981 онд цэргийн албанаас халагдаж ирээд шууд л нэгдэлд үхэр малласан. 1989 оныг дуустал ажилласан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч Д.Баярсайханы ажиллаж байсан талаарх холбогдох баримт лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын газрын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10/99 дугаартай “....Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байгүй тул Д.Баярсайханд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Д.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хар дархад” овогт Даваагийн Баярсайхан /РВ-60120915/-ыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн 2 дугаар бригадад 1976 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1978 оны 6 дугаар сарын 10-ныг хүртэл адуучин, тус нэгдлийн сүү тосны тасагт 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сүү машиндагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ