| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2021/0158/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/154 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/154
2021 03 04 2021/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;
улсын яллагч: П.Бямбасүрэн;
шүүгдэгч: Ц.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, урьд:
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 355 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2001 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сарын хугацаагаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 5 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ц.Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25-26/, хохирогч Г.Ганзориг /хх-ийн 30-32, 33-34/, гэрч Г.Сувд-Эрдэнэ /хх-ийн 35-36, 37, 40-41/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12304 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/, Ц.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 65-67/, өмнөх шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 76-85/, Ц.Бийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6/, Г.Ганзоригийн хүсэлт /хх-ийн 88/, Ц.Бийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 100-122/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний оройн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 34 дүгээр гудамжны 385 тоотод иргэн Г.Ганзоригийг Г.Сувд-Эрдэнэтэй хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Г.Ганзоригийн /хх-ийн 30-32, 33-34/: “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт таньдаг дүүгийн эгч н.Сувдааг цагдаагийн хэлтэст хүргэж өгөөд, байшингийн таазыг нь янзлаад, 4 ширхэг 20 литрийн канистр саваар ус авч өгсөн. Тэгээд Сувдаа надад нэг аяга кофе хийж өгөхөөр нь уугаад сууж байтал гаднаас салсан нөхөр болох Ц.Б нь орж ирээд над руу “яасан муухай хардаг пизда вэ, ална шүү, гаръя” гэхээр нь “алсан хойноо юм ярь хөгшөөн” гээд араас нь дагаад шатаар буусан. Гэтэл нэг давхрын гэрэлгүй хэсэгт Ц.Б нь миний зүүн эрүүнд нэг удаа баруун гараараа цохисон. Би газар унасан. Тэгээд Ц.Б нь миний дээрээс зодох гэж байхад Сувдаа гүйж ирээд “наадах чинь бие муутай, группэд байдаг хүн, болилдоо” гээд салгаад би машинаа унаад явсан. Би Ц.Бийг нэг ч удаа цохиогүй, миний зүүн доод шүд хөдлөөд маш их өвдөж байна. ...баруун дээд араа хөдөлсөн. Миний урд хэсгийн дээд шүд хиймэл бөгөөд уг хиймэл шүд нь цохилтын хүчээр баруун дээд талын арааг хөдөлгөсөн. Ц.Бт гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Сувд-Эрдэнийн /хх-ийн /: “... ажил дээрээ байхад Ц.Б залгаад “гэр рүү чинь хүргээд өгье” гэсэн. Харьж явах замд манай хүү залгаад “гэрт Ганаа ах ирчихсэн байна” гэж хэлсэн. Ц.Б гэрт хүн ирснийг мэдээд намайг гэрийн гадаа буулгаад “юманд явлаа” гээд яваад өгсөн. ...гэртээ ороод хоол, цай уучхаад Ганаатай юм яриад сууж байтал ...Ц.Б орж ирсэн. ...Ганаа явах шинжгүй байхаар нь “чи одоо явахгүй юу хийгээд байгаа юм” гэхэд Ц.Б “аль түрүүн ирсэн байсан биз дээ” гэж хэлсэн чинь Ганаа уурлаад Ц.Бтай муудалцсан. Тэгээд тэр хоёр муудалцаад зодолдох гэхээр нь би “битгий хүүхдүүдийн өмнө муудалцах гээд бай, харьцгаа” гэж хэлэхэд тэр хоёр гараад явсан. Би араас нь буугаад очсон чинь Ганаа амаа барьчихсан сууж байсан. “юу болсон бэ” гэж асуухад “цохиод авна гэж бодсонгүй” гэж хэлээд амаа арчаад гараад явсан...” гэх мэдүүлгээр,
Г.Ганзоригийн биед “1 шүдний сулрал, буйланд цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд язралт” бүxий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12304 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 43-44/,
Ц.Бийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6/: “...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ...хамтран амьдрагч Сувдааг ажлаас нь аваад гэрт нь хүргэж өгсөн. ...би гадуур явж байгаад 2 цагийн дараа хүрээд ирсэн чинь байшингийн 2 давхарт урд нь харж байгаагүй залуу гутлаа тайлчихсан сууж байсан. Би ороод “чи энд юу хийж байгаа юм бэ пизда минь” гэхэд тэр хүн өөдөөс босож ирээд муудалцсан. ...Сувдаа бид хоёрын дундуур ороод салгасан. ...би эргэж хараад толгой нүүр хэсэгт нь 1 удаа цохисон. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ц.Б нь Г.Ганзоригийг зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Ц.Бийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Ганзоригийн “...миний бие хохирол, гомдолгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ