| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2021/0159/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/155 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/155
2021 03 04 2021/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;
улсын яллагч: С.Болорзул;
шүүгдэгч: Г.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 3, эмэг эх, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Г.Б 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Супер” нэртэй ломбарднаас “Самсунг галакси эс 20 фэ” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.799.100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч “Супер-1” ломбардны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наваанюндэнгийн мэдүүлэг /хх-ийн 9-10/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24/, Г.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-32, 38/, Г.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-49/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54-55/, М.Наваанюндэн хүсэлт /хх-ийн 57/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Супер-1” нэртэй ломбарднаас “Самсунг галакси эс 20 фэ” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.799.100 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наваанюндэнгийн /хх-ийн 9-10/: “...Би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Супер-1” нэртэй ломбарданд зээлийн мэргэжилтнээр ажилладаг. Манай байнгын үйлчлүүлэгч Ганбаатар овогтой Батболд нь 12 цагийн орчим ирээд “Самсунг галакси эс 20 фэ” загварын гар утсыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1.410.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагад орж ирээд “ахаа миний цалин өнөөдөр буухаар барьцаанд тавьсан “Самсунг галакси эс 20 фэ” загварын гар утсаа авна” гэж хэлсэн. ...тэгээд хүлээж сууж байхад нь би утсаараа ярьсан. Тэр хооронд Г.Б нь утсаа цэнэглээд сууж байсан. Тэгээд намайг утсаар ярих хооронд тэр залуу “ахаа мөнгө орж ирэхгүй юм байна, маргааш больё” гэж хэлээд гараад явсан. ...Тэгээд нэг харахад түүний эхэнд барьцаанд тавьсан “Самсунг галакси эс 20 фэ” загварын гар утасны хайрцгийг ...хажуугийн жижиг тавиур дээр үлдээсэн байсан. Тус хайрцагийг нээж үзэхэд дотор нь байсан утас алга болсон байсан. Тэгэхээр нь шууд Г.Бын утас руу залгахад “өө би утсаа үзэж байгаад мартаад халаасандаа хийгээд явсан байна” гэж хэлсэн. Би “чи ахдаа буцаагаад аваад ир” гэж хэлэхэд “би автобусанд суугаад хол явж байна” гэж хэлсэн. Би “тэгж болохгүй, яг одоо буцаагаад аваад ир” гэдгийг хэлэхэд “би маргааш аваачаад өгье, санаа зоволтгүй ээ, эсвэл ааваар буцаагаад өгөөд явуулчихъя” гэж хэлсэн. Би “за тэгвэл гялс аваад ир” гэж хэлээд утсаа салгасан. Би цаг гаруйн хугацаанд хүлээсэн боловч ирээгүй. Цаг гаруйн дараа ярихад “утас чинь яг одоо надад алга байна” гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хяналтын камертай боловч тухайн өдөр их цэвэрлэгээ хийгээд камераа унтраасан байсан. Тухайн өдрийн бичлэг байхгүй. Гэхдээ Г.Бтой бичсэн мессеж байгаа...” гэх мэдүүлгээр,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 23-24/,
Г.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27/: “...би 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус “Супер-1” ломбардад 12, 13 цагийн орчимд эд зүйлээ барьцаанд тавихаар очсон. ...тэгж байгаад 18 цагийн үед явахаар болсон бөгөөд явахдаа миний анх барьцаанд тавьсан байсан “Самсунг галакси эс 20 фэ” загварын гар утсаа Наваанюндэн ахад хэлэлгүйгээр авч гарсан...” гэх мэдүүлэг болон эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 54-55/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Самсунг галакси эс 20 фэ” загварын гар утсаа хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчийн хулгайд алдсан эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Г.Б нь “Супер-1” ломбарднаас эд хөрөнгийг нь хулгайсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Г.Б нь байгууллагын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наваанюндэнгийн “...хохирлоо барагдуулж авсан, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан
бөгөөд шүүгдэгч Г.Быг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Г.Бод тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ