Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/157

 

 

 

 

 

 

 

 

       2021       03          05                                   2021/ШЦТ/157

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

иргэдийн төлөөлөгч: Э.Оюунсолонго;

улсын яллагч: В.Батдэлгэр;

хохирогч: С.Оюунжаргал, В.Мөнхцэцэг;

хохирогч Ч.Батмөнх, П.Батмөнх нарын өмгөөлөгч: С.Тунгалаг;

шүүгдэгч: Ё.О, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12    дугаар сарын 11-ний өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Ё.О

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Ё.О нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барс” нэртэй худалдааны төвийн “ХААН” банкны салбарт “банкны тодорхойлолт авах гэсэн юм” гэж иргэн Ч.Батмөнхөөс “ХААН” банкны 5390818843 тоот дансаар 21.500.000 төгрөгийг,

-2017  оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын урд байрлах “ХААН” банкны салбарт “банкны тодорхойлолт авах гэсэн юм” гэж иргэн П.Батмөнхөөс “ХААН” банкны 5890818843 тоот дансаар 25.000.000 төгрөгийг,

-2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 24-81 тоот байрны өмчлөгч болох иргэн Х.Ганбаатарын байрны ордерийг хуурамчаар үйлдэж, иргэн Л.Адъяасүрэнд түрээслэн, уг байрыг зээлсэн мөнгөний             хүүнд нь 1 жилийн хугацаагаар суулгахаар тохиролцон Л.Адъяасүрэнгээс өөрийн данс руу 13.000.000 төгрөгийг,

-2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “15-аас 20 сая төгрөг зээлж хүүнд нь өөрийн нэр дээрх байранд суулгана” гэж иргэн С.Оюунжаргалаас “Голомт” банкны 1165113127 тоот данс руу АТМ-ээс 15.000.000 төгрөгийг,

-2018  оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн Т.Болормаагийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрын 46 тоот байрны ордерийг хуурамчаар үйлдэж иргэн Г.Доржнямбууд түрээслэн, уг байрыг зээлсэн мөнгөний хүүнд нь 2 жилийн хугацаатайгаар суулгахаар тохиролцон 16.000.000 төгрөгийг,

-2019  оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны тодорхойлолт авах гэсэн юм” гэж иргэн Ж.Батбилэгээс “ХААН” банкны 5890818843 тоот дансаар 25.000.000 төгрөгийг,

-иргэн Б.Дуламсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны зам 100-14 тоот 52.23 м.кв 2 өрөө байрыг “өөрийн байр” гэж итгүүлэн үл хөдлөх хөрөнгө өмчлэх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж иргэн В.Мөнхцэцэгт “2 жилийн хугацаагаар түрээслүүлнэ, түрээсийн төлбөрт 10.000.000 төгрөг хүүгүй зээлнэ” гэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 8.000.000 төгрөг, мөн сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үүсвэр болгож, бусдад нийт 125.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Х.Ганбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 24-81 тоот, иргэн Б.Дуламсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны зам 100-14 тоот, иргэн Т.Болормаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрын 46 тоот орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ буюу эдийн баялагийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.О мэдүүлэхдээ: “...Энэ хэргийн хохирогч Ч.Батмөнх, П.Батмөнх нараас “банкны тодорхойлолт авна” гэж хохироосон асуудал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ч.Батмөнх, П.Батмөнх нарын мөнгө миний данс руу орж ирсэн ч миний хувьд үрсэн асуудал байхгүй. Гантөгс, Тэмүүлэн нар нь дундаа нэг данстай гэж хэлээд байгаа хэдий ч уг мөнгө хэнд нь байгаа нь тодорхойгүй. Ч.Батмөнх, П.Батмөнх нар уг асуудлын талаар мэдүүлсэн байдаг. Тухайн үед тодорхой хэмжээний дарамт шахалт байсан учраас Ч.Батмөнх, П.Батмөнх нараас мөнгө авах болсон. Тэр талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжтой байсан ч мэдэгдээгүйдээ маш их харамсаж байна. Ч.Батмөнх, П.Батмөнх нар миний “ХААН” банкны виза картыг авсан. Миний интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг мөн гүйлгээний нууц үг зэргийг тухайн үед мэддэг байсан. “ХААН” банкны АТМ-ээс миний картаар мөнгө авсан камерын бичлэгүүдийг шүүж өгнө үү гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд Баасанбаатар гэх мөрдөгчид хэлэх үед тухайн камерын бичлэгүүдийг шүүж өгч  байгаагүй. 2018 оны 06 дугаар сард Хатанболд мөрдөгчид миний хэрэг шилжих үед камерын бичлэг шүүлгүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хүлээж аваад “ХААН” банкны камерын бичлэгийг шүүх гэсэн боловч бичлэг нь 3 сарын хугацаанд хадгалагддаг, бичлэгийн хадгалах хугацаа дуусаж устсан байсан. Гантөгс, Тэмүүлэн нарын хувьд шүүх хуралдаанд ирдэггүй, “ХААН” банкны виза карт байсан боловч уг гүйлгээг хийсэн гэдгээ санахгүй байна гэдэг байдлаар намайг буруутгах зүйлээ цаг минуттай нь нарийн хэлдэг. Ч.Батмөнх, П.Батмөнх нарын хохирлын асуудлыг Гантөгс, Тэмүүлэн нар нь гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Миний хувьд гэрч Мөнхчимэг гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Бид 2-ын хооронд дансаар 12.000.000 төгрөг орж гарсан тохиолдол байгаа. Мөнхчимэгтэй хийсэн гүйлгээг “би хийсэн эсэхийг нотлоод өг” гэж мөрдөгчид хэлж байсан боловч тэр талаар шалгаж өгөөгүй. Хохирогч нарын хохирлын асуудал дээр Тэмүүлэн, Гантөгс нарыг хариуцагчаар татах ёстой гэж бодож байна. Орон сууцны үйлдэл дээр тухайн байрны эзэнд нь “өөрөө байранд амьдарна” гэж хэлж түрээсэлдэг. Тэгээд хүмүүст өөрийнхөө байр гэж хэлээд “түрээс гэж авахгүй, мөнгө зээлээд байрнаас гарах үед чинь мөнгийг чинь буцааж өгнө” гэдэг тохиролцоог хийж В.Мөнхцэцэг, С.Оюунжаргал, Л.Адъяасүрэн, Г.Доржнямбуу гэх 4 хүнийг хохироосон. Хохирогч В.Мөнхцэцэгээс анх 8.000.000 төгрөг авсан дараа нь 1.200.000 төгрөг авсан. Байрны барьцаанд миний хувьд 1.000.000 төгрөг өгдөг. 1 сарын 650.000 төгрөгөөр түрээсэлдэг ба 3 сараар 1.950.000 төгрөг өгдөг байсан. Надад тухайн үед их мөнгө байдаггүй байсан. Нэг байрнаас нөгөө байр луу явсаар байгаад миний түрээс төлдөг байрнууд их болоод хохирогч нараас мөнгийг нь авсан. Миний хувьд хийсэн үйлдлээ хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Ж.Батбилэг гэдэг хүнийг Тэмүүлэн, Гантөгс гэх хүмүүсийн зааж өгсөн аргыг хэрэглэж хохироосон. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр цагдан хоригдох хүртлээ байр түрээсэлж байсан бүх хүний байрны түрээсийг миний хувьд цаг тухайд нь өгөөд явдаг байсан. Хохирогч нарыг хохироож мөнгийг аваад санаатай алга болох бодол байгаагүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Прокурорын шатанд яллах дүгнэлт танилцуулж байх үед хэлж байсан. Миний канондсон гэрчилгээний хуулбар нь ямар нэг нотариат болон үл хөдлөх эрх шилжүүлэх байгууллага дээр очвол хуурамчаар үйлдсэн гэдэг нь мэдэгдэх учир бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж буруутгаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Оюунжаргал мэдүүлэхдээ: “...Ё.Отай фейсбүүкээр холбогдсон. 2018 оны 06 дугаар сард анх Ё.Отай уулзахад жирэмсэн ирж байсан. Ё.Од “байрны гэрчилгээг хармаар байна” гэхэд “танаас өмнө хүнтэй гэрээ байгуулсан, үл хөдлөхийн компанид өгсөн, тэр хүнтэй гэрээгээ цуцалж байж байрны гэрчилгээгээ авах гээд байна” гэж хэлж байсан. Ё.О нь “хувиараа бизнес эрхэлдэг, компьютер ландад нөхөр нь лангуу ажиллуулдаг, Солонгос Улс руу бараа татах гээд явсан, маргааш гэхэд мөнгө хэрэгтэй болоод байна” гэж хэлэхээр нь 15.000.000 төгрөгөө өгөөд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Мон Хаусын 33 дугаар байрны 3 дугаар орц 3 давхрын 10 тоот байранд орсон. 15.000.000 төгрөгийг Ё.Отай цуг банк орж бэлнээр авч өгч байсан. АТМ-ээр шилжүүлж байсан зүйл байхгүй. 2020 оны 07 дугаар сард Ё.О над руу залгаад “Хөвсгөл аймагт аав, ээжийнхээ газрыг зарах гэж байгаа, таны хохирлыг төлж барагдуулна, та шүүх хуралдаанд миний талд мэдүүлэг өгөөд өгчих” гэж хэлж байсан. Сүүлд Ё.Отай холбоо барихад “аав, ээжийн газар бүтсэнгүй, аав, ээж маань зөвшөөрсөнгүй” гэдэг хариуг өгсөн. Ё.Огийн хувьд шоронд ороогүй байсан бол одоо байгаагаасаа илүү олон хүнийг хохироох байсан. Миний хувьд Ё.Од яаралтай эдлэх ёстой ялыг нь эдлүүлээд хохирол төлбөрөө гаргуулж авмаар байна. Ё.Огийн хувьд удаа дараа худлаа хэлдэг байсан. 2018 оны 11 дүгээр сард хүүхдийг нь асуух үед нярай хүүхдийн зураг явуулж байсан. Надтай холбогдоод яваад байсан болохоор намайг залилж байсан гэж бодож байгаагүй. Нөхөртэй нь уулзах үед Ё.Ог шоронд орсон гэдгийг мэдэж байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  В.Мөнхцэцэг мэдүүлэхдээ: “...Миний хувьд Ё.Од маш их итгэж байсан. ...байрыг түрээслэх гэж байхад “аав маань замын компанид ажилладаг” гэж хэлж байсан. Ё.Огийн хувьд тухайн байрыг 8 хувийн зээлээр авч байсан байр гэдэг зүйлийг хэлсэн. Тухайн үед Ё.Огаас “баталгаа авъя” гэхэд байрны гэрчилгээ үзүүлэхэд нь маш их итгэсэн. Миний хувьд “ХААН” банкны АТМ-ээр мөнгө шилжүүлээгүй Ё.Од 10.000.000 төгрөг өгсөн. Дуламсүрэн гэдэг хүн амьдарч байсан байранд орж ирээд Ё.Ог асуусан. Би  тэр үед залилуулсан гэдгээ мэдсэн. Ё.Огаас буцааж авсан мөнгө байхгүй. Над руу холбогдсон зүйлгүй. Ё.Огаас хурдан хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Ё.Огийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 10, 65-75, 2хх-ийн 97-114, 3хх-ийн 101, 4хх-ийн 169-187, 5хх-ийн 73-83, 85-87/, О.Бумбаярын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 11, 3хх-ийн 30/, Ё.Огаас Ч.Батмөнхөд мөнгө хүлээлгэн өгсөн, авсан тэмдэглэл /1хх-ийн 14-15/, хохирогч Ч.Батмөнхийн мэдүүлэг /1хх-ийн 17-19, 2хх-ийн 240-241/, Ч.Батмөнхийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 20-21/, гэрч Г.Тэмүүлэнгийн мэдүүлэг /1хх-ийн 22-24, 2хх-ийн 29-30, 3хх-ийн 105-106, 5хх-ийн 60-63/,  дансны хуулга /1хх-ийн 29/, түр хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 31-32/, бэлэн мөнгө хүлээн авсан гэх баримт /1хх-ийн 30, 209-211/, П.Батмөнхийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 36-37, 2хх-ийн 95-96/, гэрч Ч.Баянбат /1хх-ийн 41-43, 145-146, 2хх-ийн 33-35/, гэрч Ч.Тэмүүлэн /1хх-ийн 44-46/, гэрч Г.Баттулга /1хх-ийн 49-50/, гэрч Л.Давхарбаяр /1хх-ийн 51-53, 2хх-ийн 186-187/, гэрч Д.Болорсайхан /1хх-ийн 54-56/, гэрч Б.Ганцэцэг /1хх-ийн 147-149, 3хх-ийн 26-27/, гэрч О.Бумбаяр /1хх-ийн 150-151/, гэрч Э.Баяртулга /1хх-ийн 218-219, 3хх-ийн 52-53, 5хх-ийн 64-66/, гэрч Т.Гантөгс /1хх-ийн 239-240/, гэрч Ё.Баярсайхан /2хх-ийн 31-32/, гэрч Э.Мөнхчимэг /2хх-ийн 188-189, 5хх-ийн 58-59/, гэрч Д.Энхжин /2хх-ийн 244-245/, гэрч Ч.Болормаа /3хх-ийн 24-25, 5хх-ийн 47-48/, гэрч Б.Оюунчимэг /3хх-ийн 28-29/, гэрч Х.Баяраа /3хх-ийн 54-55/, гэрч Б.Энхтуяа /3хх-ийн 59-60, 5хх-ийн 51-52/, гэрч Ц.Доржпүрэв /3хх-ийн 72-74/, гэрч Г.Төрбат /3хх-ийн 157-158/, гэрч Д.Амармэнд /3хх-ийн 159-160/, гэрч Ж.Сумъяабазар /3хх-ийн 161-163/, гэрч Б.Одгарав /5хх-ийн 49-50/, гэрч С.Баярмөнх /5хх-ийн 53-54/ нарын мэдүүлэг, Б.Чулууны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 47/, Ч.Тэмүүлэнгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 48/, Ё.Огийн утасны дугаарын билл /1хх-ийн 77-111/, хохирогч П.Батмөнхийн мэдүүлэг /1хх-ийн 165-166, 2хх-ийн 27-28, 242-243/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 208-210/, “ХААН” банкны тодорхойлолт /1хх-ийн 220/, Э.Баяртулгын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 221-238/, Т.Гантөгсийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 241-250, 2хх-ийн 1-17, 179-182/, Л.Давхарбаярын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 73-88, 183-184/, Ө.Тэмүүлэнгийн хүлээлгэж өгсөн баримт /2хх-ийн 91-94/, Э.Мөнхчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 178/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 197-199, 200-203/, Ё.Огийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2хх-ийн 222-223/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 224-229/, Б.Одгэрэлийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 15-17, 18-21, 49-51, 5хх-ийн 43-46/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол /3хх-ийн 87, 5хх-ийн 136-137/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /2хх-ийн 18, 3хх-ийн 88, 4хх-ийн 6, 90, 160, 5хх-ийн 90-91/, хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох прокурорын тогтоол /3хх-ийн 140-141, 4хх-ийн 52-53, 88-89/, хохирогч Ж.Батбилэгийн мэдүүлэг /3хх-ийн 132-133/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокуроын тогтоол /3хх-ийн 143-144, 5хх-ийн 138-140, 6хх-ийн 74-77/, сидид үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 164-167/, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол /3хх-ийн 206/, хохирогч Л.Адъяасүрэн /4хх-ийн 16-18, 5хх-ийн 40-41/, гэрч Б.Дашням /4хх-ийн 19-20, 37-38/, гэрч Х.Ганбаатар /4хх-ийн 21/ нарын мэдүүлэг, хохирогч С.Оюунжаргалын мэдүүлэг /4хх-ийн 95-96, 5хх-ийн 38-39/, С.Оюунжаргал, Ё.О нарын байгуулсан орон сууц хөлслүүлэх гэрээ /4хх-ийн 100-102/, тохиролцлын бичиг /4хх-ийн 103/, С.Оюунжаргалын мөнгө шилжүүлсэн баримт /4хх-ийн 104/, гэрч Ш.Энхболдын мэдүүлэг /4хх-ийн 107/, хохирогч В.Мөнхцэцэгийн мэдүүлэг /4хх-ийн 127-128, 5хх-ийн 36-37/, Б.Дуламсүрэнгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /4хх-ийн 130/, гэрч Б.Дуламсүрэнгийн мэдүүлэг /4хх-ийн 138/, Ё.О, Б.Дашням нарын байгуулсан орон сууц хөлслүүлэх гэрээний хуулбар /4хх-ийн 131-133/, В.Мөнхцэцэг, Ё.О нарын байгуулсан зээлийн гэрээний хуулбар /4хх-ийн 134/, хохирогч Г.Доржнямбуу /5хх-ийн 97-99/, гэрч Г.Алтанцэцэг /5хх-ийн 100-101/, Г.Алтанцэцэг, Ё.О нарын байгуулсан зээлийн гэрээ /5хх-ийн 106-107/, Ё.Огийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 230-239/, туршилт хийсэн тэмдэглэл /6хх-ийн 61-64/, Ё.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 167-200, 204, 2хх-ийн 51, 185/, Ё.Огийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 161-163, 2хх-ийн 211-214, 3хх-ийн 56-58, 136, 155-156, 4хх-ийн 59-62, 5хх-ийн 32-35, 141-143, 6хх-ийн 57-60, 78-79/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ё.О нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Барс” нэртэй худалдааны төвийн “ХААН” банкны салбарт иргэн Ч.Батмөнхийг “БНСУ-ын визэнд орохын тулд дансандаа мөнгө байршуулж банкны тодорхойлолт авах шаардлагатай байна” хэмээн хуурч, түүнээс 21.500.000 төгрөгийг “ХААН” банкны 5390818843 тоот дансаар шилжүүлэн авсан,

-2017  оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудлын урд байрлах “ХААН” банкны салбарт иргэн П.Батмөнхийг “визэнд орох гэж байгаа юм, дансандаа байршуулах 25.000.000 төгрөг хэрэгтэй байна” хэмээн хуурч, түүнээс 25.000.000 төгрөгийг “ХААН” банкны 5890818843 тоот дансаар шилжүүлэн авсан,

-2019  оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Батбилэгийг “визэнд орох гэж байгаа юм, дансандаа байршуулах мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч, түүнээс 25.000.000 төгрөгийг “ХААН” банкны 5890818843 тоот дансаар шилжүүлэн авсан,

- иргэн Х.Ганбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24-81 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, өөрийгөө уг орон сууцны өмчлөгч мэтээр иргэн Л.Адъяасүрэнд ойлгуулж, хуурамч гэрчилгээгээ үзүүлж “зээлсэн мөнгөний хүүд 1 жилийн хугацаагаар орон сууцанд амьдруулна” гэж хуурч, түүнээс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 13.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

-2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш.Энхболдын өмчлөлийн орон сууцыг өөрийн орон сууц мэтээр иргэн С.Оюунжаргалд ойлгуулж “15.000.000-20.000.000 төгрөг зээлж хүүд нь өөрийн нэр дээрх орон сууцанд амьдруулна” гэж хуурч, түүнээс 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- иргэн Т.Болормаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр байрны 46 тоот орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, өөрийгөө уг орон сууцны өмчлөгч мэтээр иргэн Г.Доржнямбууд ойлгуулж “зээлсэн мөнгөний хүүд нь 2 жилийн хугацаагаар орон сууцанд амьдруулна” гэж хуурч, түүнээс  2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- иргэн Б.Дуламсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны зам 100-14 тоот 52.23 м.кв 2 өрөө орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, өөрийгөө уг орон сууцны өмчлөгч мэтээр иргэн В.Мөнхцэцэгт ойлгуулж “уг байрыг 2 жилийн хугацаагаар хөлслүүлж, төлбөрт нь 10.000.000 төгрөг хүүгүй зээлнэ” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 8.000.000 төгрөг, 03 дугаар сарын 11-ний өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын үүсвэр болгож, бусдад нийт 125.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд иргэн Х.Ганбаатарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 24-81 тоот, иргэн Б.Дуламсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны зам 100-14 тоот, иргэн Т.Болормаагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр байрны 46 тоот орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ буюу эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Ч.Батмөнхийн /1хх-ийн 17-19, 2хх-ийн 240-241/: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 13 цагийн орчимд үл таних эмэгтэй манай ах Баянмөнх руу залгаад “21.500.000 төгрөгийг дансандаа байршуулж банкны тодорхойлолт авч Солонгос Улсын визэнд орох гэсэн” юм гэж хэлсэн. Тэгээд ...Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Барс” худалдааны төвийн “ХААН” банкны салбар дээр очиж Ё.О гэх эмэгтэйтэй уулзсан. Тухайн үед Ё.О нь ганцаараа ирсэн ба надад “24 цагийн хугацаатай 21.500.000 төгрөгийг банкны дансанд оруулаад банкны тодорхойлолт авъя” гэхээр нь өөрийнхөө “ХААН” банкны 5015324092 гэсэн данснаас Ё.О гэх эмэгтэйгийн “ХААН” банкны данс руу 21.500.000 төгрөгийг 4.000.000 төгрөг, 17.500.000 төгрөг гээд 2 хувааж хийсэн. Тухайн үед 24 цагийн 100.000 төгрөгийг авахаар хоорондоо амаар тохирсон. Маргааш өглөө нь ...21.500.000 төгрөгөө авах гэтэл Ё.Огийн дансанд мөнгө байхгүй, битүүмжтэй байхаар нь ах Баянмөх рүү утсаар хэлсэн. ...Ё.Огийн битүүмжтэй дансыг нээхэд Ё.Огийн данс руу 25.000.000 төгрөг орж ирсэн. Би Ё.Огаар өөрийнхөө 5015324092 гэсэн данс руу хийлгэсэн. Энэ үед Ё.Од 25.000.000 төгрөг зээлсэн гэх Батмөнх гэх танихгүй залуу ирээд ...Батмөнхөд 12.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. ...Би Ё.О гэх эмэгтэйд 21.500.000 төгрөг зээлсэн. ...Ё.Огаас эхлээд 12.500.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг авсан. ...Одоо 8.000.000 төгрөгийн хохирол учраад байна. Би гомдолтой байна. 8.000.000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр,

 

Ё.Огийн “ХААН” банкны 5890818843 тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4.000.000, 17.500.000, 25.000.000 төгрөг шилжиж орсон депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-н 10/,

 

   гэрч Г.Тэмүүлэнгийн /1хх-ийн 22-24, 2хх-ийн 29-30, 3хх-ийн 105-106, 5хх-ийн 60-63/: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудлын урд талын “Оч” төвийн 4 давхарт байрлах 402 тоотод байрлах оффис дээр байхад Ё.О гэх эмэгтэй нь ирээд “Солонгос Улсын визэнд орох гэсэн юм, ...дансандаа 20.000.000 хийлгэмээр байна” гэхээр нь Ё.Огийн “ХААН” банкны 5890818843 гэсэн данс руу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед 1 хоногийн хугацаатай Ё.Огийн данс руу хийсэн учраас ямар нэгэн зээлийн гэрээ үйлдээгүй. Тэгээд орой 18 цагийн орчимд манай Ард кино театрын салбарын эдийн засагч Баяртулга нь над руу залгаад “Ё.О нь 20.000.000 төгрөг авсан байна, манайхаас Ё.О нь дансаар 20.000.000 төгрөг авсан” гэж хэлсэн ба зургийг нь үзэхэд Ё.О мөн байсан. ...Тэгээд Баяртулга нь Ё.О гэх эмэгтэйтэй Баянхошуу руу очиж уулзсан гэсэн. Баяртулга Ё.Огаас “чи хүнээс 20.000.000 төгрөг аваад надаас бас 20.000.000 төгрөг авсан байна, ямар учиртай зээлсэн” талаар асуухад “таньдаг ахдаа 20.000.000 төгрөгийг зээлсэн” гэж хэлсэн байсан. ...2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ё.О гэх эмэгтэйгээс 20.000.000 төгрөгөө хүү болох 100.000 төгрөгийн хамт өөрийнхөө 5735175129 гэсэн “ХААН” банкны дансаар авсан. Баяртулга гэх залуу 20.000.000 төгрөгөө Ё.О гэх эмэгтэйгээс аваагүй. ...2017 оны 11 дүгээр сарын 27-ны 17 цагийн үед Ё.О нь 20.500.000 төгрөгийг Болормаагийн Одгэрэл гэх манай ажлын залуугийн “ХААН” банкны данс руу нь шилжүүлсэн. Одоо Ё.О гэх эмэгтэйтэй ямар нэгэн тооцоо байхгүй. ...би мөнгөө авсан учраас надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч П.Батмөнхийн /1хх-ийн 165-166, 2хх-ийн 27-28, 242-243/: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ё.О гэх хүн над руу “зарын дагуу холбогдож байна” гэж хэлж холбогдсон. Тэгээд Ё.О нь “визэнд орох гэж байгаа юм, надад дансандаа байршуулах 25.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би Ё.Отай Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын орчимд ирж уулзаж түүний бичиг баримт, банкны карт зэргийг нь барьцаанд аваад Ё.Огийн нэр дээр бүртгэлтэй 5890818843 дугаарын данс руу өөрийн 5753713190 дугаарын данснаас 25.000.000 төгрөгийг 16 цагийн орчим шилжүүлж байршуулсан. Ё.О нь нэг хоногийн хугацаатай буюу мөнгө байршуулснаас хойш нэг өдрийн дараа мөнгөө буцааж өгөх ёстой байсан. Би 25.000.000 төгрөгийг Ё.Огийн дансанд байршуулсаны төлөө түүнээс бэлнээр 250.000 төгрөгийг авсан. Би дүү Аззаяаг Ё.Отай хамт явуулаад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Варете” чуулгын дэргэд байрлах “ХААН” банкин дээр очиж тодорхойлолт авахуулсан. Маргааш өглөө нь Батмөнх, Баянмөнх нар над руу залгаж “Ё.О гэдэг хүн чи бид гурвыг залилсан байна” гэж хэлсэн. ...Тэгтэл 12 цагийн орчимд барьж авсан байсан. Би тэр хоёр дээр очиж уулзаад Ё.Огийн дансыг шалгахад 25.000.000 төгрөг байсан. ...Ч.Батмөнх 25.000.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж аваад ...миний данс руу 12.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Одоо надад 12.500.000 төгрөгийн хохирол учраад байна...” гэх мэдүүлгээр,

 

Ё.Огийн “ХААН” банкны 5890818843 тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 25.000.000 төгрөг шилжиж, буцааж 12.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-н 36-37/,

 

хохирогч Ж.Батбилэгийн /3хх-ийн 132-133/: “...Би “Солонгос Улс руу явах хүний банкны баталгаа” гэж 25.000.000 төгрөгийг Ё.Огийн дансанд 0.5 хувийн хүүтэй 1 хоног байршуулж 125.000 төгрөгийн ашиг олох зорилгоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Ард кино театрын “ХААН” банкны АТМ-ээс Ё.Огийн “ХААН” банкны 5890818843 тоот данс руу 20.000.000 төгрөгөөр 1 удаа, 5.000.000 төгрөгөөр 1 удаа нийт 25.000.000 төгрөг өгч залилуулсан. ...Миний хувьд хүүтэй мөнгө байршуулах ажлыг хийхдээ данс руу нь мөнгөө өгчхөөд тэр хүнийхээ иргэний үнэмлэх, гадаад паспорт, тухайн мөнгө хийсэн дансны виза карт, нууц үгийг нь мэдэж аваад барьцаанд авдаг. Харин энэ тохиолдолд Ё.Огийн иргэний үнэмлэх, виза карт хоёрыг авчихсан байсан. “Гадаад паспортаа өг” гэсэн чинь “сургууль дээр байгаа, яаралтай явуулах гэж байгаа учраас гадаад паспортаа танд өгч амжихгүй, надад ямар ч асуудал байхгүй итгээч” гэх мэт юм яриад байхаар нь итгээд гадаад паспортыг нь авч үлдээгүй. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ATM ороод Ё.Огийн дансыг нь шалгахад миний 25.000.000 төгрөгөөс 2.350.000 үлдсэн байсан. Тэгээд тэр мөнгийг нь яаралтай өөрийнхөө 5007993798 гэсэн данс руу шилжүүлж авсан. Үлдэгдэл 22.650.000 төгрөгөө аваагүй...” гэх мэдүүлгээр,

Ё.Огийн “ХААН” банкны 5890818843 тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 20.000.000, 5.000.000 төгрөг шилжүүлсэн, уг данснаас 2.350.000 төгрөгийг хохирогч Ж.Батбилэгийн данс руу шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /3хх-н 101/,

 

       хохирогч Л.Адъяасүрэнгийн /4хх-ийн 16-18, 5хх-ийн 40-41/: “...2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ...фэйсбүүк үзэж байгаад “мөнгө зээлж хүүд нь 2 өрөө Сансарт байх байранд суулгана” гэсэн зар байсан. Зарын дагуу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ё.О гэх эмэгтэйтэй уулзсан. ...үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Онч Глобал” ХХК-ийн ахлах менежер Б.Дашням гэх хүн ирсэн. Би “13.000.000 төгрөг л байгаа” гэхэд Ё.О зөвшөөрсөн. Тэгээд 1 жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Ё.Огаас “байрны гэрчилгээг үзмээр байна” гэхэд хуулбар гэрчилгээ үзүүлээд буцаагаад авчихсан. ...Тэгээд гэрээ хийж 13.000.000 төгрөгийг Ё.Огийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш уг байранд амьдарсан. ...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдаа ирээд “түрээс төлөхгүй байна” гэж манай хүүхдүүдтэй уулзсан байсан. Цагдаа надтай холбогдож “түрээс төлөхгүй байгаа талаар гомдол ирсэн” гэхээр нь байрны эзний дугаарыг авч ярихад Ганбаатар гэх хүн байсан. ...“Ё.О гэх хүнд байраа түрээслүүлсэн, чи юун бэ” гэсэн. 2 хоногийн дараа Ганбаатар гэх хүн надтай ирж уулзсан. Байрны гэрчилгээг эх хувиар нь үзүүлсэн. Ё.Отай түрээсийн гэрээ байгуулсан байсан. ...Ё.Огаас 7.000.000 төгрөгийг буцааж авсан. Одоо 6.000.000 төгрөгийг аваагүй байгаа...” гэх мэдүүлгээр,

 

Үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн лавлагаа, Y-2203002945 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 хороолол, 24-р байр 81 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар /4хх-н 24-25/,

 

гэрч Б.Дашнямын /4хх-ийн 19-20, 37-38/: “...2018 оны 05 дугаар сарын эхээр Ё.О намайг дуудсан. Би очиж уулзахад Адъяасүрэн гэх хүн байсан ба Ё.О нь “Сансарт ээж, аавын байр байдаг, түүнийг Адъяасүрэн гэх хүнээс 13.000.000 төгрөг зээлж хүүд нь 1 жилийн хугацаатай байлгана” гэж ярьсан. Тэгээд манай үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани оролцож гурвалсан гэрээг байгуулсан. Тэр өдрөөс хойш 2 сарын дараа Адъяасүрэн над руу яриад “нотариатаар гэрээ хийх гэж байгаа” гэж хэлэхээр нь Ё.О руу ярьж өгсөн. Түүнээс хойш холбогдоогүй байж байгаад Ё.Огийн манайд түрээсэлсэн байр нь өөр хүний нэр дээр байдаг байрны гэрчилгээг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон. Энэ асуудлаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Адъяасүрэнгийн түрээсэлсэн байр нь өөр хүний нэр дээр байсан ба жинхэнэ эзнээс нь Ё.О түрээслээд дахин өөр хүнд түрээсэлсэн байсан. Би гэрчилгээний хуулбарыг харсан. Хуулбар нь Ё.Огийн нэр дээр байсан. Гэрчилгээний эх хувийг бол хараагүй. ...Хэрэв Ё.Огийн байр биш гэдгийг мэдсэн бол түрээсийн гэрээг хийлгэхгүй байх байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Х.Ганбаатарын /4хх-ийн 21/: “...Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24 дүгээр байрны 81 тоот байрыг анх 2008 онд худалдаж авч байсан. Миний хүү Г.Ганзориг бид хоёрын нэр дээр байдаг. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зар мэдээ сонинд байраа түрээслүүлэх талаар зар тавихад Ё.О гэх хүн надтай уулзаад манай байрыг 1 жилийн хугацаатай 1 сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр ярилцаж төлбөрийг 3 сараар нь авахаар нь болсон. Би байраа түрээслэхдээ уг хүнтэй орон сууц түрээслэх гэрээ байгуулсан. Өнгөрдөг 2 дугаар сард Ё.О түрээсээ өгөхгүй байхаар нь байрандаа очиж уулзахад манай байранд Л.Адъяасүрэн гэх хүнд Ё.О нь давхар түрээслүүлсэн байсан. Миний байрны гэрчилгээг өөрийнхөө нэрээр өөрчлөөд өөрийнхөө гэж түрээсэлсэн байсан. ...Надад ямар нэгэн хохирол учраагүй...” гэх мэдүүлгээр,

хохирогч С.Оюунжаргалын /4хх-ийн 95-96, 5хх-ийн 38-39/: “...Анх 2018 оны 05 дугаар сарын сүүлээр фейсбүүкийн үл хөдлөх хөрөнгийн зарын групп дээр би “15.000.000-20.000.000 төгрөг зээлээд хүүд нь байранд сууна” гэсэн зар тавьсан. ...зарын дагуу Ё.О гэгч надтай холбогдоод “Бөмбөгөрийн урд талд 2 өрөө байрыг 3 өрөө болгоод янзалчихсан байр байна” гэж хэлээд зургийг нь явуулсан. ...Ё.О удалгүй залгаад “өөр хүн орохоор боллоо” гэсэн. ...2018 оны 06 дугаар сарын эхээр би өөрөө залгаад ...Ё.Отай ярьж тохироод 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр очиж үзсэн. Дараа нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг Ё.Огийн Голомт банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд нүүж ороод “байрны ордерыг авъя” гэхэд “өмнө нь орох гэж байсан Ариунаатай хийсэн гэрээгээ цуцалж байж ордероо авна” гэсэн. ...15.000.000 төгрөгөө надад ямар нэг асуудалгүй, хурдан, сунжруулахгүй авчих юм бол ямар нэг гомдол байхгүй. ...байрны жинхэнэ эзэн ирснээр мэдсэн...” гэх мэдүүлгээр,  

 

Ё.О, С.Оюунжаргал нар нь хоорондоо фейсбүүк хаягаар харилцаж байсан мэдээллийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /4хх-н 97/,

 

Ё.О нь С.Оюунжаргалтай хийсэн “Орон сууц хөлслүүлэх гэрээ”-ний хуулбараар /4хх-н 100-102/,

 

гэрч Ш.Энхболдын /4хх-ийн 107/: “...Ё.Ог танина. Манай байрыг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж түрээсэлсэн. Тухайн үед гэрээг 1 жилээр буюу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хийсэн боловч гэрээг сунгалгүй мөнгө данс руу хийж хугацааг сунгадаг байсан. ...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл мөнгөө өгсөн байсан ба “ахиж байраа сунгах юм уу” гэж асуух үед гар утас нь холбогдохгүй байгаад байхаар нь байрандаа очиж үзэхэд Ё.О манай байранд өөр хүмүүс суулгасан байсан. ...Ё.О миний байрыг өөр хүмүүст түрээслэхдээ хуурамч ТҮЦ машины лавлагаа үйлдэж тус хүмүүсийг хуурч оруулсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

 хохирогч В.Мөнхцэцэгийн /4хх-ийн 127-128, 5хх-ийн 36-37/: “...2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүү маань өөрөө ажилладаг “Онч Глобал” ХХК-ийн хөрөнгө зуучлалын газраар дамжуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Хүслийн өргөө хотхоны 100-14 тоот 2 өрөө байрыг орон сууц хөлслүүлэх гэрээний дагуу Ё.О гэх эмэгтэйд 10.000.000 төгрөг зээлдүүлж, зээлийн хүүд уг байранд 2 жил амьдрахаар болсон. Уг байрнаас гарахаар бол 10.000.000 төгрөгөө буцааж авах нөхцөлтэй тохиролцож гэрээг хийсэн.  Гэрээ хийсний дараа 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Спортын төв ордны “ХААН” банкны АТМ-ээс өөрийн “ХААН” банкны 5034155664 дугаарын данснаас Ё.Огийн “ХААН” банкны дансанд 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2 хоногийн дараа 1.500.000 төгрөгийг ...Ё.Огийн дансанд шилжүүлсэн. Харин 500.000 төгрөгийг одоо амьдарч байгаа байрны төлбөр, СӨХ-ийн мөнгө гэж төлсөн ба нийт 10.000.000 төгрөг болсон.  Тэр өдрөөс хойш уг байранд амьдарч байхад Дуламсүрэн гэх эмэгтэй 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ирээд “энэ байрны эзэн байна, энэ байрыг Ё.О гэх эмэгтэйд түрээсэлсэн” гээд асуудал үүссэн. ...Ё.О нь надад байрны хуурамч гэрчилгээний хуулбар үзүүлэн итгүүлсэн. ...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байрны жинхэнэ эзэн Дуламсүрэн гэх хүн ирснээр мэдсэн. Би Ё.Огаас 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. ...Миний хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авч, хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх мэдүүлгээр,  

 

гэрч Б.Дуламсүрэнгийн /4хх-ийн 138/: “...2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Нарны зам 100-14 тоот 52.23 м.кв 2 өрөө байрыг зарын дагуу холбогдсон Ё.О гэх эмэгтэйд сарын 600.000 төгрөгөөр хөлслүүлсэн. Төлбөрийг cap бүрийн 5-ны өдөр авч байсан. ...тохирсон хугацаа дуусаж байгаа талаар хэлэх гээд ороход өөр айл орчихсон байхаар нь давхар хөлслүүлсэн гэдгийг мэдсэн. Би Ё.О гэх эмэгтэйтэй тухайн үед амаар тохиролцсон, бичгээр гэрээ хийгээгүй. Гэхдээ байрны гэрчилгээг үзүүлээгүй. ...Надад хохирол учраагүй...” гэх мэдүүлгээр,

 

Б.Дуламсүрэнгийн “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, орон сууц хөлслүүлэх гэрээ, зээлийн гэрээний хуулбарууд /4хх-н 130-134/,

 

Ү-2203002945 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 100 дугаар байрны 14 тоот Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар /4хх-н 135/,

 

хохирогч Г.Доржнямбуугийн /5хх-ийн 97-99/: “...Би фейсбүүк зар дээр “мөнгө зээлээд хүүд нь байранд үнэгүй суулгана” гэсэн зарын дагуу Ё.О гэх хүнтэй анх холбогдож байсан. Тухайн үед Ё.О нь “16.000.000 төгрөг зээлэх юм бол миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 46 тоот 2 өрөө байранд 2 жилийн хугацаатай хүүд нь амьдруулна, тэгээд хугацаа дууссаны дараа байрнаасаа гаргасан даруйдаа зээлсэн мөнгөө буцааж өгнө” гэсэн тохиролцоо хийсэн. Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн “ХААН” банкны данснаас 16.000.000 төгрөгийг бэлнээр аваад нотариат орж зээлийн гэрээ хийгээд Ё.Од өгсөн. Тэр даруйдаа байранд нь орж амьдарсан. Түүнээс хойш 6 сарын дараа түрээслүүлж байгаа байрны жинхэнэ эзэмшигч Болормаа ирээд “байрны түрээс төлөхгүй 2 cap боллоо” гэж хэлсэн. ...Болормаа нь ...байрны ордерыг үзүүлсэн. ...Ё.О нь надад нэг төгрөг ч эргүүлж өгөөгүй. ...Би мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Алтанцэцэгийн  /5хх-ийн 100-101/: “...Би Ё.О гэх хүнтэй өөрийн төрсөн дүү Г.Доржнямбуугаар дамжуулж холбогдсон. Тухайн үед Ё.О гэх эмэгтэй нь миний дүүгээс 16.000.000 төгрөгийг зээлээд хүүд нь 2 жилийн хугацаатай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 46 тоотод үнэгүй суулгахаар болсон. Тухайн үед миний төрсөн дүү биедээ бичиг баримтгүй явж байсан учраас би өөрийн бичиг баримтаар Ё.Отай гэрээ хийсэн.  Тухайн үед Ё.О гэдэс нь томорчихсон, удалгүй төрөх гэж байгаа гэж хэлээд явж байсан...” гэх мэдүүлгээр,  

 

Ё.О, Г.Алтанцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр /5хх-ийн 106-107/,

 

Худалдаа хөгжлийн банкны 16.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгаар /5хх-ийн 108/,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар /5хх-н 120/,

 

Ё.Огийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 211-214, 4хх-ийн 59-62, 6хх-н 57-60/: “...би 46.500.000 төгрөгийг Батмөнх гэх ижил нэртэй 2 хүнээс дансны баталгаа гаргуулна гэж хэлж авсан. Энэ мөнгөнөөс Тэмүүлэн, Одгэрэл нар нь 20.500.000 төгрөгийг миний дүү Ганцэцэгийн виза карт луу хийлгэж авсан. Харин үлдэгдэл 26.000.000 төгрөгийн 12.500.000 төгрөгийг 13-р хороололд байрлах Батмөнхөд өгч харин 13.500.000 төгрөгийг Барс захын Батмөнхөд өгсөн. ...Ж.Батбилэгээс “БНСУ-н визэнд ороход дансанд мөнгө шаардлагатай байгаа гэж хэлээд өөрийн “ХААН” банкны 5890818843 дугаарын дансанд 25.000.000 төгрөгийг байршуулж авсан. ...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах циркийн “ХААН” банкны салбар дээр очоод 10.000.000 төгрөгийг бэлнээр зарлага болгож аваад үлдсэнийг нь дансандаа үлдээгээд өөрийн Голомт банкны 1165113127 дугаарын данс руу интернэт банкаар 4 хувааж нийт 12.650.000 төгрөгийг нь шилжүүлж авсан.  ...Фотошоп программыг интернэтээс судалж байгаад уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг өөрөө хийсэн. Үүнийг хийхдээ эхлээд гэрчилгээг канондоод түүнийгээ сканердаад, сканердсан файлаа фотошоп программд оруулах үед хар цагаан өнгийн болсон даруйд нь тухайн хэсгийн текстийг “cut” команд өгч аваад оронд нь дахин текст оруулах бүхий хайрцаг байрлуулаад үсгийн фонтыг нь хайж байгаад адилхантай нь тохируулж түүнийг дахин хэвлэх үед яг адилхан харагдаж байсан. Тэгээд хүнд итгэл төрүүлэхүйц болгох үүднээс ориг нотариат хийсэн баримт олж байгаад мөн адил сканердаад түүнийг фотошоп программ ашиглаж тамгыг өнгөтөөр нь оруулж дахин хэвлэж гаргасан...” гэх мэдүүлэг болон Ё.Огийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-ийн 230-239/, туршилт хийсэн тэмдэглэл /6хх-ийн 61-64/ зэргээр хангалттай тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ё.О хэрэг хариуцах чадвартай болохыг  Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосон болно. /2хх-ийн 222-223/

 

Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Ё.Огийн үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, мөнгө шилжүүлсэн баримтууд, зээлийн гэрээ, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон, мөн Ё.О нь иргэдээс авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулж байсан, иргэн Х.Ганбаатар, Т.Болормаа, Б.Дуламсүрэн нарын “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ буюу эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг”-г хуурамчаар үйлдэж, улмаар хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж бусдыг төөрөгдүүлэн залилсан  болохыг хохирогч, гэрч, шүүгдэгч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ё.О, түүний өмгөөлөгчөөс “…Ё.О нь бусдыг залилахдаа баримт бичиг ашигласан нь залилах гэмт хэргийн нэг арга тул хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэгт давхар ялласан нь буруу” гэх,

мөн хохирогч Ч.Батмөнх, П.Батмөнх нарын өмгөөлөгч С.Тунгалагын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан  “...Г.Тэмүүлэн, Т.Гантөгс, Б.Одгэрэл нар Ё.Отай бүлэглэж бусдыг залилсан тул тэднийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах” гэх хүсэлт, гомдолд дараах байдлаар дүгнэлт хийж, хариу өгсөн болно.

2015 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

 Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авахдаа хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан нь зөвхөн энэ гэмт хэргийн арга гэх үндэслэлээр тайлбарлан хэрэглэх нь Эрүүгийн хуулийн зарчим, агуулгыг эвдэхүйц сөрөг үр дагавартай.

 Гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн нь хуулиар нарийвчлан зүйлчлэгдэж хуульчлагдсан байдаг бөгөөд хуурамч баримт бичиг үйлдэж, ашиглах байдлаар бусдыг залилсан тохиолдолд тухайн этгээдийн хувьд залилах болон хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг тус бүр үйлдлээрээ зэрэг хангана.

Г.Тэмүүлэн, Т.Гантөгс, Б.Одгэрэл нарын тухайд тэдний субьектив санаа зорилгод тулгуурлан хэргийн хамаарлын талаар дүгнэлт хийх учиртай.

Ч.Батмөнх, П.Батмөнх нарын эд хөрөнгийн хохирсон байдалд дүгнэлт хийхэд Г.Тэмүүлэн, Т.Гантөгс, Б.Одгэрэл нар залилангийн гэмт хэрэгт Ё.Огийн хамтаар хамтран оролцогч бус харин Ч.Батмөнх, П.Батмөнх  нарын адилаар “хөрөнгийн баталгаа гаргуулах” гэсэн Ё.Огийн үг, үйлдэлд итгэж мөнгөө түүнд шилжүүлсэн, Ё.О тэдний мөнгийг Ч.Батмөнх, П.Батмөнх  нараас залилж авсан мөнгөөр буцаан төлсөн нөхцөл байдлууд мөрдөн байцаалтаар тогтоогдсон тул тэднийг энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагагүй болно.

Ийм учраас шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол, хүсэлтүүд хууль зүйн үндэслэлгүй.

Ё.О нь “гадаад улсын виз мэдүүлэхэд хөрөнгийн баталгаа хэрэгтэй тул дансандаа мөнгө байршуулж, банкны тодорхойлолт авах” нэрийдлээр болон өөрийн хөлслөн амьдарч байсан орон сууцуудын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх Улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, хуурамч баримт бичгээ ашиглаж “мөнгө зээлж хүүд нь өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдруулна” гэж итгүүлэн зээлийн гэрээ байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн, бусдын мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилан мэхлэх болон хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Ё.О нь  дээрх байдлаар бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс авсан мөнгөө өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулж байгаа, учруулсан хохирлын хэмжээ, түүний үйлдлийн арга, давтамжийн тоо, дагнасан байдал зэргээс үзэхэд түүний үйлдэл залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Ё.О нь иргэдийн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, уг хуурамч баримт бичгээ ашиглаж иргэдийг төөрөгдүүлж залилсан, мөн гадаад улсын виз мэдүүлэхэд хөрөнгийн баталгаа хэрэгтэй тул дансандаа мөнгө байршуулж, банкны тодорхойлолт авах нэрийдлээр иргэдийг хуурч мөнгийг нь залилж өөртөө авсан гэм буруутай” гэж дүгнэсэн бөгөөд шүүх уг дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

Иймээс шүүгдэгч Ё.Огийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон их хэмжээний хохирол учруулсан мөн эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Ё.О нь шунахайн сэдэлтээр, өөрийн үйлдлүүдийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй, урьд залилах гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож хорих ял оногдуулахыг тэнссэн хугацаанд санаатайгаар залилах гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ё.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.  

 

Шүүгдэгч Ё.Од оногдуулсан дээрх хэд хэдэн төрлийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

Мөн дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Ё.Од оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Үүнээс гадна шүүгдэгч Ё.О нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, уг гэмт хэрэгт нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж түүний нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хохирогч Ч.Батмөнхийн 13.500.000 төгрөг /1хх-ийн 15, 17-19/, хохирогч П.Батмөнхийн 12.500.000 төгрөг /1хх-ийн 165-166/, хохирогч Ж.Батбилэгийн 2.350.000 төгрөгийн /3хх-ийн 101, 132-133/ хохирол тус тус нөхөн төлөгдсөн болохыг дурдаж байна.

 

Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох нийт 90.150.000 төгрөгийг шүүгдэгч Ё.Огаас гаргуулж, үүнээс хохирогч Ч.Батмөнхөд 8.000.000 төгрөг, хохирогч П.Батмөнхөд 12.500.000 төгрөг, хохирогч Ж.Батбилэгт 22.650.000 төгрөг, хохирогч Л.Адъяасүрэнд 6.000.000 төгрөг, хохирогч С.Оюунжаргалд 15.000.000 төгрөг, хохирогч В.Мөнхцэцэгт 10.000.000 төгрөг, хохирогч Г.Доржнямбууд 16.000.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд хураагдсан 3 ширхэг CD-г хэрэгт хавсаргахыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ё.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,

 

мөн шүүгдэгч Ё.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Ё.О-г 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих  ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ё.О-д оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 40 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл хэмжээг 6 /зургаа/ жил  40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 466 дугаартай шийтгэх тогтоолоор Ё.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, уг хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Од энэ тогтоолоор оногдуулсан 6 жил 40 хоногийн хорих ял дээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 40 /дөч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-гийн нийт 232 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-гаас нийт 90.150.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Ч.Батмөнхөд 8.000.000 төгрөг, хохирогч П.Батмөнхөд 12.500.000 төгрөг, хохирогч Ж.Батбилэгт 22.650.000 төгрөг, хохирогч Л.Адъяасүрэнд 6.000.000 төгрөг, хохирогч С.Оюунжаргалд 15.000.000 төгрөг, хохирогч В.Мөнхцэцэгт 10.000.000 төгрөг, хохирогч Г.Доржнямбууд 16.000.000 төгрөг тус тус олгосугай.

 

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд хураагдсан 3 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.Од урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль

ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                                   

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                 ШҮҮГЧИД                                С.ОЮУНЧИМЭГ

                                                                                                                       Д.ДАРЬСҮРЭН