| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/131 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/131
2021 01 22 2021/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Л.Галав,
иргэдийн төлөөлөгч Л.Шинэтуяа,
гэрч Ц.Уламбаяр,
шүүгдэгч Ч.Ц, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ц-т холбогдох эрүүгийн 2006 00000 1442 дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр ангийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан, Ч.Ц /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн 1 дүгээр хэсэг 4 дүгээр гудамжинд иргэн Б.Баярцогтын толгойн тус газарт цохиж тухайн бэртлээс болж Б.Баярцогт нь мөн өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр худаг онгойдоггүй өдөр байсан. Би өглөө хашаандаа юм хийгээд байж байтал хаалга нүдэхээр нь сонгуулийн хүмүүс юм болов уу гэж бодоод очоод хашааны хаалгаа онгойлгоход талийгаач, эхнэр нь, тэгээд Төмөрөө гурав надаас идэх юм, аяга гуйсан. Би гуйсан зүйлийг нь гаргаж өгөөд барьж явсан архинаас нь нэг хундага уусан. Тэгсэн Төмөрөө намайг “суу, оны хүүхэд, юм яръя” гэхээр нь" үгүй ээ, би гэртээ орлоо манайд хүн байгаа” гээд худлаа ярьсан. Цаанаас нь нэг согтуу хүн шартаж үхлээ гэж байсан. Тэгээд би гэртээ орсон. Тэд нар манай хашааны хажууд суугаад архи ууцгаасан. Тэгээд талийгаач Баяраа унасан чинь эхнэр нь “чи гэртээ оруулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд би усандаа явсан. Тэр үед талийгаач араас ирсэн. Би талийгаачийн араас ирж байгааг мэдээгүй. Би хаалга онгойлгоод зогсож байсан чинь намайг өшиглөөд би усаа асгахаа алдсан. Яаж байгаа юм бэ гэсэн чинь араас хоолой боогоод татаад байсан. Би дийлэхгүй доошоо суугаад гарыг нь аваад мөр рүү нь нэг, хүзүү рүү нэг удаа цохисон чинь талийгаач нэлээн согтуу найгаж явж байснаа бөгсөөрөө унасан. Би талийгаачийг чулуу авах гэж байна гэж бодоод усаа түрээд хашаа руугаа ороод хаалгаа хаасан. Тэгээд цонх хагалчих юм болов уу гээд харж байтал яваад өгсөн. Ийм л зүйл болсон. Маргааш нь намайг цохисны улмаас нас барсан гэсэн. Эд нар согтуу байгаа юм чинь усанд яваад яах вэ гэж бодоод явахаа больсон. Худгийн хүмүүс бүгд мэдэж байгаа. 6 дугаар сарын 5-нд нас барсан байсан. Намайг цохисон гэж хэлсэн гэсэн.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 05-11 дүгээр тал/;
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-16 дугаар тал/;
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-19 дүгээр тал/;
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 35- 45 дугаар тал/,
Гэрч Б.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгсэн Ч.Ц ах түрүүлээд гараад явсан, араас нь манай нөхөр Баярцогт гараад явсан. Манай нөхөр гарчихаад 3-4 минутад болоод буцаад ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ хамраас нь цус гарчихсан байхаар нь “яасан бэ” гэсэн чинь “Ч.Ц ах гэнэдүүлээд цохчихлоо” гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад харахад Ч.Ц ах хашааны хаалгаар гараад явж байсан. Тэгэхээр нь 102 дугаарт өөрийнхөө 96226868 гэсэн дугаараас Ч.Ц гэдэг хүн манайд орж ирчихээд агсам тавиад байна гэж дуудлага өгсөн. Тэгсэн Ч.Ц ах тэр чигтээ явчихсан. Гэртээ ороод Баярцогтыг наад фудболкоо тайл, нүүр гараа угаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр орон дээрээ хэвтээд унтсан. ... 2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө унтаж байхад гаднаас Хүрлээ орж ирээд өчигдөр ирж чадаагүй, өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэнэ гэсэн. Би тухайн үед босоогүй хэвтэж байсан. Манай нөхөр Баярцогт, Хүрлээ хоёр гарч яваад 0.75 литрийн Хараа архи авч ирсэн. Тэр архийг Баярцогт, Хүрлээ хоёр ууж дуусаад дахиад нэг 0.5 литрийн архи авсан. Тэгээд Хүрлээгийн гэрт очиж хоол унд хийж идчихээд архиа уугаад Хүрлээ тасраад унтсан. Тэгсэн Баярцогт хоёулаа харъя гээд Хүрлээгийн гэрээс 12 цагийн үед гараад явсан, би түрүүлээд алхсан. Би яг гудамж руугаа орж байхдаа эргээд харахад Баярцогт хойноос алхаж байгаа харагдсан. Хашаа руугаа орж байхад манайхаас 3-4 хашааны цаана байдаг депо Ч.Ц ах хашаа руугаа орж байгаа харагдсан. Би хашаандаа ороод гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь араас Баярцогт ирэхгүй байсан. Тэгэхээр нь буцаж хашаагаараа харсан чинь Баярцогт хашаагаа өнгөрөөд явчихсан, Депо Ч.Ц ахын хашаанаас наахан талд газар дээшээ хараад уначихсан депо Ч.Ц ах хашаа руугаа орж байсан. Тэгэхэд Баярцогт руу алхаад очиход депо Ч.Ц ах буцаж гарч ирсэн. Тэгэхээр нь Баярцогтыг татаад бос гээд депо Ч.Ц ах руу уурлаад “та чинь ямар хаашаа юм настай хүн байж согтуу хүнийг” гэж хэлсэн чинь ... “цагдаагаа дууд” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баярцогтыг аваад гэртээ орсон, Баярцогт гэрт ороод подволкоо тайлсан чинь зүүн талын шуу, баруун талын дал хавьцаа зулгарсан юм шиг шалбарсан байсан. Тэгээд Баярцогт орондоо ороод хэвтсэн. Би сандал дээр сууж байхад Баярцогт хурхираад унтсан ... би хороо руу очиж мэдүүлэг өгчихөөд 20 цагийн үед буцаж гэртээ ирсэн. Гэрт нөхөр Баярцогтын хажуугаар ороод унтах гэсэн чинь ханиалгаад байсан, тэгэхээр нь би газраар ор засаад унтсан. Шөнө 2-3 цагийн хооронд бөөлжих гээд огиод байсан. Тэгэхээр нь “яасан бэ” гэсэн чинь яагаач үгүй гэсэн. Тэгээд унтаж байгаад 5 цагийн үед аймар огиж бөөлжсөн. Тэгэхээр нь би 05 цаг 40 минутын үед босож бие засчихаад буцаж ороод Баярцогтыг зүгээр үү гээд цаашаа харсан байхад нь эргүүлээд харуулах гэсэн чинь хамраас нь улаан хүрэн өнгийн юм гарсан байсан. Тэгэхээр нь би сандарч гүйж гараад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 80-82 дугаар тал/,
Гэрч Б.Бадамцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн Одгэрэлээс гаргасан гомдлын дагуу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18:30 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 1 дүгээр хэсэг 4-140 тоот хаягаар очиж дуудлага мэдээлэл өгсөн ирэн Б.Одгэрэлээс мэдүүлэг авах зорилгоор 5 ханатай Монгол гэрт ороход дуудлага мэдээлэл өгсөн гэх Б.Одгэрэл нь нөхөр Б.Баярцогтын хамт гэрийн хойд талын модон орон дээр хамт унтаж байсан. Намайг гэрт орох чимээнээр Одгэрэл нь сэрээд босож ирсэн. Цаад талд нь нөхөр Б.Баярцогт нь унтаж байсан. Та нөхөр Б.Баярцогтыг сэрээгээд юу болсон талаар мэдүүлэг өгөөдөх гэхэд за гэж хэлээд нөхөр Б.Баярцогтыг сэрээх гээд 4-5 удаа дуудахад нөхөр Б.Баярцогт нь сэрэхгүй хурхираад унтаад байсан. Тэгэхээр нь за сэрэхгүй бол орхичих, та өөрөө намайг дагаж яваад мэдүүлэг өг гэж хэлээд гэрээс нь гараад хэсэг рүүгээ явах замдаа Б.Баярцогтыг зодож алсан гэх Ч.Ц гэх айлын гэрийг Одгэрэлээр заалгаж орох гэсэн боловч хашааны хаалга цоожтой 2-3 минут нүдэхэд хаалгаа тавьж өгөхгүй байхаар нь хэсгийн байр руугаа Одгэрэлийг дагуулаад явсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 89-90 дүгээр тал/,
Гэрч Ё.Эрдэнэсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Талийгаач Б.Баярцогт нь нас барахын өмнөх өглөө 6 цагийн үед орж ирж цэвэр усны жижиг 4 билүү, 5 литрийн саваар ус аваад явсан. Тэгэхэд эрүүл орж ирсэн. Тэгээд би өдөр нь 10-11 цагийн орчим талийгаач Б.Баярцогтын гэрт нь Б.Баярцогтоос нивеа буюу шавар татдаг багаж асуухаар ороход гэрийн баруун хойно байрлах диван дээр Б.Баярцогт, Ч.Ц нар суучихсан, Б.Баярцогтын эхнэр Одгэрэл нь бас гэрт байсан санагдаж байна. Тэгээд Ч.Ц гараараа эхлээд нэг удаа алгадсан. Тэгэхэд Баярцогт нь эргүүлээд цохисон. Тэгсэн Ч.Ц нь хамар руу нь нэг удаа цохиод хамраас нь цус гарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 91-92 дугаар тал/,
Гэрч Б.Батхүрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 07 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд байдаг Баярцогтын гэрт очсон. Тэгсэн чинь Баярцогт эхнэр Одгэрэлийн хамт халамцуу орон дээрээ хамт хэвтэж байсан. Тэгээд намайг ороход хоёулаа боссон. Баярцогт гэрээс найз Алтаншагай руу ярьсан чинь Баярцогт хүрээд ир гээд бид хоёр хамт явсан. Бид хоёрыг тэдний гэрээс гарахад эхнэр Одгэрэл нь шартаад байна гээд орон дээрээ унтаад үлдсэн. ... Бид хоёр 07.50 минутын үед Алтаншагайн гэрт очсон чинь Алтаншагай миний төрсөн өдрийн бэлэг гээд 0.75л Хараа нэртэй архи авч өгсөн. Алтаншагай бид хоёрыг Баярцогтын гэрт өөрийн Приус-30 маркийн автомашинаар хүргэж өгчихөөд явсан. Баярцогт хашаанд Баярцогт, Одгэрэл бид гурав 0.75л архийг хувааж уусан. ... Бид дөрөв архиа ууж байхад гаднаас Норов гэдэг ах орж ирсэн. Норов ах надад 10.000 төгрөг төрсөн өдрийн бэлэг гэж өгсөн. Би тэр 10.000 төгрөгийг Одгэрэлд өгөөд дэлгүүрээс идэх юм аваад ир гээд явуулсан. Одгэрэл дэлгүүрээс хиам, талх авч ирсэн. Тэгээд Баярцогтын хашаанаас гараад Хужирбулангийн 11 гэдэг гэр хороололд байдаг найз Б.Амарсайханыд очиход 7-8 хүн архи ууж байсан. Заримыг нь танихгүй хүн байсан. Тэгээд би архинаас ганц хоёр татсан чинь тасраад тэнд унтсан байсан. Орой 20 цаг 30 минутын үед сэрсэн, тэгээд Амарсайханаар гэр рүүгээ хүргүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 94-95 дугаар тал/,
Гэрч А.Төмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Өглөө уулзахад талийгаачийн бие нь зүгээр, ямар нэгэн гэмтэл бэртэлгүй байсан. ... Маргааш нь Чулуунбаатарын гэрт нь архи ууж өнжсөн. Тэгсэн шөнө 09-20 цагийн орчим Одгэрэл ирсэн, харанхуй шөнө юу хийж байгаа юм бэ гэж асуухад талийгаач агсан тавьсан. Тэгэхээр нь гэрт нь цоожилчихлоо гэж хэлсэн ба архи уух уу гэж асуухад үгүй гээд бөөлжөөд байсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн ... 2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө Чулуунбаатарын гэрт байж байхад мужаан магнай машинтайгаа ирээд “талийгаач Баяраа гэртээ сонин болчихсон байна. Одгэрэл ганцаараа дэргэд нь байна” гэхээр нь би Магнайгийн машинд суугаад талийгаачийн гэрт нь ирсэн. Тэгэхэд 103 ирчихсэн талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би Одгэрэлтэй уулзахад өчигдөр Батхүрэл төрсөн өдөр гээд 2 шил архи авч тэрийг ууцгаасан гэж байсан. ... Тэгээд би 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хужирбулангийн гудамжинд явж байхад Энхболдтой тааралдсан. Тэгээд “талийгаачийн талаар сонссон уу” гэхэд Энхболд “наад Одгэрэл чинь өөрөө алчихаа биз, хар өглөөгүүр 06.00 цагийн орчим бие нь бүлээн байна” гээд солиороод явж байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99 дүгээр тал/,
Гэрч Н.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн үед гэртээ унтаж байтал манай найз Баасанжавын Батхүрэл над руу залгаад “Өчигдөр төрсөн өдөр болсон, шартаад үхлээ” гэж хэлэхээр нь би “заа за манайд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 15 орчим минутын дараа Батхүрэл нь миний зүс таних Баярцогтын хамт иргэн. Тэгээд тэр хоёр өчигдөр нь архи уучихсан шинжтэй байхаар нь би архины мөнгө өгөх гэсэн чинь бэлэн мөнгө байхгүй байхаар нь би картаа аваад хувцсаа өмсөөд өөрийн 8391 УБМ улсын дугаартай Приус 30 маркийн машинаа асаагаад Батхүрэл, Баярцогт хоёрыг суулгаад “Тулга” гэх дэлгүүр ороод 1 шилтэй 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи авч өгсөн. Би уг нь архины мөнгийг өөрийн эхнэр Мөнхцэцэгийн нэр дээр байдаг картнаас уншуулж өгсөн. Тэгээд буцаад машиндаа суугаад бид 3 Баярцогтын хашаанд очиход Баярцогтын эхнэр Одгэрэл гэрээсээ гарч ирээд бид 4 гадаа хашаанд нь сууж байгаад Батхүрэл, Баярцогт, Одгэрэл нар архийг ууж эхлээд 2, 2 татаад тэгэхээр нь би за за би явлаа хүүхэд унтаж байгаа гэж хэлээд гэр рүүгээ явсан. Тэр үед цаг 09 цаг болж байсан байх.” гэх мэдүүлэг /1хх-ийн 108-109 дүгээр тал/,
Гэрч А.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ч.Ц нь 2006 онд надтай танилцаад хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн өдөр нь гээд 0.33 граммын цагаан архи авч өгчихөөд ойрхон гарчихаад ирсэн чинь Ч.Ц архи уусан байдалтай, маш согтуу гэрийнхээ түлхүүрийг олохгүй байшингийн урд байх сандал дээр түлхүүр дээрээ гишгээд сууж байхаар нь би олоод гэртээ орсон. Тэгсэн гэрт орж ирээд надаас нэг шил архи авч өг гээд нэхээд байсан. Би архи нэхээд байхаар нь архи авч өгөхгүй хоол цай хийж өгөөд гарсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө 06:30 минутад гэрээсээ гарахдаа Ч.Цт 5000 төгрөг үлдээгээд Баянмонгол хороололд хүүгийнхээ 3 хүүхдийг харах гэж очоод 13:30 минутад эцэг, эх нь ирээгүй байхад том хүүхдэд нь хоёр багыг нь унтуулчихаад үлдээгээд наашаа Ч.Цт санаа зовоод ирэхэд мөн л хашаандаа согтуу гэрийнхээ түлхүүрийг олохгүй хаалга үүд баахан өшиглөсөн байдалтай байхаар нь хаалга онгойлгож өгөөд хамт орж ирсэн. Тэгсэн Ч.Ц гэрт орж ирээд надаас архи нэхээд байсан. Би архи авч өгөөгүй. Тэгсэн өчигдөр орой 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 22:00 цагийн үед манай гудамжинд автомашинууд ирээд нохой хуцаад байхад Ч.Ц хараад надад “би энэ Б.Баяраа 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14:00 цагийн үед худгаас ус аваад хашаандаа оруулах гэж байхад өөрийнх нь араас ирээд хүзүүгээр нь боогоод байхаар нь иргэж хараад яагаад байна гэж хэлээд нэг удаа цохисон” гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа би “гайгүй байлгүй дээ, чи намайг хүртэл түлхээд унагадаг шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн “Ч.Ц нь би нэг л цохисон, гайгүй биз дээ” гэж дахин надад хэлсэн. Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14:30 минутын үед гэртээ ирэхэд хашаанд түлхүүрээ ололгүй бас сууж байсан. Надад Ч.Ц хэлэхдээ “миний араас ална шүү гээд хүзүүгээр гараараа боохоор нь баруун гарынхаа тохойгоор цохисон” гэж надад хэлсэн. Ч.Ц нь архи уусан үедээ өөрийг нь хэл амаар доромжилбол цохиод авдаг хүн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 103-106 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1229 дугаартай “Гавлын зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тэр хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа 140гр, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн талын 9-р хавирганы шууд хугарал, хугарал орчмын булчинд цус хуралт, баруун дал, зүүн шуу, зүүн тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, цээж, зүүн мөр, бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гавлын зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тэр хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа 140гр, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ... амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байх бөгөөд нас барахаас 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.” гэх дүгнэлт /1хх-ийн 119-120 дугаар тал/,
Шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Дүгнэлтийн 2 дахь хэсэгт хязгаарлагдмал гадаргуун хэмжээг ойролцоогоор бичсэн байгаа. Атгасан гар болон хөлөөр цохих, мөн шанагаараа мөргөх үед үүсэхгүй. Тухайн хэсэг газарт буюу цөмөрсөн хугарлын орчимд тохойны шөвгөр хэсгээр хүчтэй цохих үед үүсэх боломжтой ... Зүүн чамархайн цөмөрсөн гэмтэл, зүүн 9 дүгээр хавирганы шууд хугарал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... Энэ гэмтлийг авсан үед буюу гавлын хөндийд цус алдсаны улмаас тархи дарагдаж толгой өвдөх, дотор муухайрах, гар хөл сулрах, бөөлжих, унтах гэх мэт шинж тэмдгүүд илрэхээс гадна алдсан цусны хэмжээ ихсэж, тархи дарагдах тусам ухаан алдаж улмаар нас барна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 130-131 дүгээр тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 652 дугаартай “Ч.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай байна. Ч.Ц нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.Ц нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ч.Ц-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна” гэх дүгнэлт /1хх-ийн 133-134 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар арын 12-ны өдрийн 3185 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ч.Ц гэж хаягласан цусанд 1.0 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1.0 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 138-139 дүгээр тал/,
Яллагдагч Ч.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эхнэр Уламбаяр маргааш амралтын өдөр болохоор худаг ажиллахгүй, чи нэг хэдэн удаа усанд явчихаад ир гэхээр нь 60 литрийн цэнхэр хувин, 20 литрийн 2 ширхэг сав аваад усанд явсан. Усаа авчихаад буцаад 11 цагийн орчим гэртээ орох гээд хашаа руугаа дөхөж байхад араас гэнэт нэг хүн гараараа хоолойгоор оруулаад хоолой боож хашаа руу түлхсэн. Тэгсэн хойд талын 140 тоотод амьдардаг Б.Баярцогт байсан. Би хоёр гарыг нь тавиулаад эргэж хараад баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон чинь шууд газар уначихсан. Газар унаад босохгүй байхаар нь усаа түрж хашаандаа оруулчихаад араас орж ирэх вий гээд хашаанаас харж байсан чинь Б.Баярцогт нь босох гэж оролдоод газар түшиж байгаад арай гэж босоод хашаа тулж байгаад гэр рүүгээ яваад орсон. Тэрнээс хойш би дахиж усандаа яваагүй. Би тэр өдөр нэг шил жижиг архи авч уучихаад худаг руу усанд явсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 222-223, 225-226 дугаар тал/,
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтууд /1хх-46-65 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулан 1 дүгээр хэсэг 4 дүгээр гудамжинд хохирогч Б.Баярцогтын зүүн чамархайн тус газарт тохойгоороо цохиж унаган гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулан 1 дүгээр хэсэг 4 дүгээр гудамжны 140 тоот гэртээ нас барсан үйл баримт тогтоогдсон байна.
Ч.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-11 дүгээр тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-16 дугаар тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 17-19 дүгээр тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 06 дугаар сарын 05-ны өглөө 07 цаг 24 минутын орчимд манай эгч Б.Гэрэлмаа утсаар залгаад дүү Баярцогт нас барсан талаар хэлсэн. Талийгаачид хууч өвчин байгаагүй. Хамтран амьдрагч Одгэрэл надад урд орой нь архи уугаад маргааш өглөө нь нас барсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-78 дугаар тал/, гэрч Б.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө унтаж байхад гаднаас Хүрлээ орж ирээд өчигдөр ирж чадаагүй, өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэнэ гэсэн. Би тухайн үед босоогүй хэвтэж байсан. Манай нөхөр Баярцогт, Хүрлээ хоёр гарч яваад 0.75 литрийн хараа архи авч ирсэн. Тэр архийг Баярцогт, Хүрлээ хоёр ууж дуусаад дахиад нэг 0.5 литрийн архи авсан. Тэгээд Хүрлээгийн гэрт очиж хоол унд хийж идчихээд архиа уугаад Хүрлээ тасраад унтсан. Тэгсэн Баярцогт хоёулаа харъя гээд Хүрэлээгийн гэрээс 12 цагийн үед гараад явсан, би түрүүлээд алхсан. Би яг гудамж руугаа орж байхдаа эргээд харахад Баярцогт хойноос алхаж байгаа харагдсан. Хашаа руугаа орж байхад манайхаас 3-4 хашааны цаана байдаг депо Ч.Ц ах хашаа руугаа орж байгаа харагдсан. Би хашаандаа ороод гэрийнхээ хаалгыг онгойлгосон чинь араас Баярцогт ирэхгүй байсан. Тэгэхээр нь буцаж хашаагаараа харсан чинь Баярцогт хашаагаа өнгөрөөд явчихсан Депо Ч.Ц ахын хашаанаас наахан талд газар дээшээ хараад уначихсан депо Ч.Ц ах хашаа руугаа орж байсан. Тэгэхэд Баярцогт руу алхаад очиход депо Ч.Ц ах буцаж гарч ирсэн. Тэгэхээр нь Баярцогтыг татаад бос гээд депо Ч.Ц ах руу уурлаад “та чинь ямар хаашаа юм настай хүн байж согтуу хүнийг” гэж хэлсэн чинь ... цагдаагаа дууд гэж гэсэн. Тэгэхээр нь би Баярцогтыг аваад гэртээ орсон, Баярцогт гэрт ороод подболкоо тайлсан чинь зүүн талын шуу, баруун талын дал хавьцаа зулгарсан юм шиг шалбарсан байсан. Тэгээд Баярцогт орондоо ороод хэвтсэн. Би сандал дээр сууж байхад Баярцогт хурхираад унтсан ... би хороо руу очиж мэдүүлэг өгчихөөд 20 цагийн үед буцаж гэртээ ирсэн. Гэрт нөхөр Баярцогтын хажуугаар ороод унтах чинь ханиалгаад байсан, тэгэхээр нь би газраар ор засаад унтсан. Шөнө 2-3 цагийн хооронд бөөлжих гээд огиод байсан. Тэгэхээр нь яасан бэ гэсэн чинь яагаач үгүй гэсэн. Тэгээд унтаж байгаад 5 цагийн үед аймар огиж бөөлжсөн. Тэгэхээр нь би 05 цаг 40 минутын үед босож бие засчихаад буцаж ороод Баярцогтыг зүгээр үү гээд цаашаа харсан байхад нь эргүүлээд харуулах гэсэн чинь хамраас нь улаан хүрэн өнгийн юм гарсан байсан. Тэгэхээр нь би сандарч гүйж гараад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1хх-80-82 дугаар тал/, гэрч Б.Бадамцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 30 минутын үед дуудлага мэдээлэл өгсөн иргэн Б.Одгэрэлээс мэдүүлэг авах зорилгоор 5 ханатай Монгол гэрт ороход дуудлага мэдээлэл өгсөн гэх Б.Одгэрэл нь нөхөр Б.Баярцогтын хамт гэрийн хойд талын модон орон дээр хамт унтаж байсан. Намайг гэрт орох чимээгээр Одгэрэл сэрээд босож ирсэн. Та нөхөр Б.Баярцогтыг сэрээгээд юу болсон талаар мэдүүлэг өг гэхэд за гэж хэлээд нөхөр Б.Баярцогтыг сэрээх гээд 4-5 удаа дуудахад нөхөр Б.Баярцогт нь сэрэхгүй хурхираад унтаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр тал/, гэрч А.Уламбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Ч.Ц бас энэ Баяраа 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед худгаас ус аваад хашаандаа оруулах гэж байхад өөрийнх нь араас ирээд хүзүүгээр нь боогоод байхаар нь эргэж хараад яагаад байна гэж хэлээд нэг удаа цохисон гэж хэлсэн. Тэгж хэлсний дараа “би гайгүй байлгүй дээ, чи намайг хүртэл түлхээд унагадаг шүү дээ, гэж хэлсэн. Тэгсэн Ч.Ц “би нэг л цохисон гайгүй биз дээ” гэж дахин надад хэлсэн ... Ч.Ц хэлэхдээ миний араас ална шүү гээд хүзүүгээр гараараа боохоор нь баруун гарынхаа тохойгоор цохисон гэж надад хэлсэн. Ч.Ц нь архи уусан үедээ өөрийг нь хэл амаар доромжилбол цохиод авдаг хүн” гэх мэдүүлэг /1хх-ийн 103-106 дугаар тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1229 дугаартай “Гавлын зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тэр хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа 140гр, зүүн чамархайн булчинд цус хуралт, зүүн талын 9-р хавирганы шууд хугарал, хугарал орчмын булчинд цус хуралт, баруун дал, зүүн шуу, зүүн тохой, баруун зүүн өвдөгт зулгаралт, зүүн чамархайн хуйханд цус хуралт, цээж, зүүн мөр, бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Гавлын зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, тэр хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа 140гр, зүүн чамархайн булчинд цус хуралт гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ... амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байх бөгөөд нас барахаас 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлт /1хх-ийн 119-120 дугаар тал/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Атгасан гар болон хөлөөр цохих, мөн шанагаараа мөргөх үед үүсэхгүй. Тухайн хэсэг газарт буюу цөмөрсөн хугарлын орчимд тохойны шөвгөр хэсгээр хүчтэй цохих үед үүсэх боломжтой. ... Зүүн чамархайн цөмөрсөн гэмтэл, зүүн 9-р хавирганы шууд хугарал гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ... Энэ гэмтлийг авсан үед гавлын хөндийд цус алдсаны улмаас тархи дарагдаж толгой өвдөх, дотор муухайрах, гар хөл сулрах, бөөлжих, унтаарах гэх мэт шинж тэмдгүүд илрэхээс гадна алдсан цусны хэмжээ ихсэж, тархи дарагдах тусам ухаан алдаж улмаар нас барна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 130-131 дүгээр тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай “Ч.Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 133-134 дүгээр тал/, яллагдагч Ч.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би ганцхан удаа унатал нь цохьсон. ... Усаа авчихаад буцаад 11 цагийн орчим гэртээ орох гээд хашаа руугаа дөхөж байхад араас гэнэт нэг хүн гараараа хоолой боож хашаа руу түлхсэн. Хашаанд тулахад араас дагз руу хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн хойд талын 140 тоотод амьдардаг Б.Баярцогт байсан. Би хоёр гарыг нь тавиулаад эргэж хараад баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон чинь шууд газар уначихсан. Газар унаад босохгүй байхаар нь усаа түрж хашаандаа оруулчихаад араас орж ирэх вий гээд хашаанаас харж байсан чинь Б.Баярцогт нь босох гэж оролдоод газар түшиж байгаад арай гэж босоод хашаа тулж байгаад гэр рүүгээ яваад орсон.” гэх мэдүүлэг /1хх-ийн 222-223, 225-226 дугаар тал/, гэрч Ц.Уламбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хаалга цохиод байхаар онгойлгоод Одгэрэл, Баяраа, Төмөрөө гэдэг хүмүүстэй уулзсан гэдгээ надад хэлсэн. Би Баянмонголд очиж хүүхэд хардаг учраас өглөө яваад орой ирсэн. Манай гэрт ямар ч хүн орж гараагүй байсан. Баяраа 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн үед худгаас ус аваад хашаандаа оруулах гэж байхад өөрийнх нь араас ирээд хүзүүгээр нь боогоод байхаар нь эргэж хараад яагаад байна гэж хэлээд нэг удаа цохисон гэж хэлсэн. Баярцогттой хамт байгаа эмэгтэйг эхнэр нь гэж хэлэх хэцүү. Хааяа нэг ирж архи ууж зодуулж, цохиулж явдаг байсан эмэгтэй. Гэтэл 6 дугаар сарын 5-ны өглөө Баяраа гэдэг хүн гэртээ бөөлжсөнөөсөө болоод нас барсан гэж хөрш айл хэлсэн. Баяраа эрүүл саруул байхдаа хоол гуйгаад гэмгүй явдаг залуу байсан. Ямар нэгэн өш хонзонгийн асуудал байгаагүй.” шүүгдэгч Ч.Ц-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би усандаа явсан. Тэр үед талийгаач араас ирсэн. Намайг хаалга онгойлгоод зогсож байсан чинь намайг өшиглөөд би усаа асгахаа алдсан. Яаж байгаа юм бэ гэсэн чинь араас хоолой боогоод татаад байсан. Би дийлэхгүй доошоо суугаад гарыг нь аваад мөр рүү нь нэг, хүзүү рүү нэг удаа цохисон чинь талийгаач нэлээн согтуу найгаж явж байснаа бөгсөөрөө унасан. Би талийгаачийг чулуу авах гэж байна гэж бодоод усаа түрээд хашаа руугаа ороод хаалгаа хаасан. Тэгээд цонх хагалчих юм болов уу гээд харж байтал яваад өгсөн. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ё.Эрдэнэсайхан, Н.Алтаншагай, Б.Батхүрэл, А.Төмөр нарын мэдүүлгийг шинжлэн судалж, гэмт хэрэг гарсан байдал буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэлх хугацаанд болсон үйл явдлыг нарийвчлан шалгах, талийгаачийн хавирган тус газарт учирсан гэмтлийг хэн учруулсныг тогтоох зэрэг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаах байр суурьтай мэтгэлцэж оролцсон, шүүгдэгч Ч.Ц гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, иргэдийн төлөөлөгч “ шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.
Өмгөөлөгчийн шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэгт гэмт хэрэг гарахаас өмнө болсон үйл явдал буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болсон үйл явдлыг тодруулбал, шүүгдэгч Ч.Ц, талийгаач Б.Баярцогт, гэрч нар уулзсан, хамт архи уусан, энэ үед шүүгдэгч, талийгаач 2 маргасан, шүүгдэгч талийгаачийн нүүрэн тус газарт цохисон, цагдаад дуудлага өгсөн, дуудлагын дагуу цагдаа очиход талийгаачийн гэр болон хашааны гадна согтуу унтсан байдалтай хүмүүс байсан, шүүгдэгчийг босгож гэрт нь хүргэж өгсөн талаар тусгагдсан.
Харин 2020 оны 06 дугаар сарын 04-ний өглөө талийгаач Б.Баярцогт, хамтран амьдрагч Б.Одгэрэл, гэрч Б.Батхүрэл нар хамт архи уусан, Б.Батхүрэл архиндаа согтоод унтсан, талийгаач Б.Баярцогт, Б.Одгэрэл нар 12 цагийн орчим Б.Батхүрэлийн гэрээс гарч гэртээ харихаар явсан, явах замдаа талийгаач Б.Баярцогт өөрийн хашаагаа өнгөрч шүүгдэгч Ч.Цын хашааны орчим очсон, Ч.Цын биед халдсан, Ч.Ц нь талийгаачийг цохьж унагасан, гэрч Б.Одгэрэл талийгаачийг гэртээ оруулсан, 18 цагийн орчим мэдүүлэг авахаар цагдаагийн ажилтан очиход талийгаач хурхирсан байдалтай унтаж байсан, гэртээ орсноос хойш босохгүй унтсаар байгаад өглөө үүрээр огиж бөөлжиж нас барсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.
Шүүгдэгч Ч.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсээгүй боловч үйлдлээрээ хохиролд хүргэсэн, хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдсан, уг үйлдлийн улмаас хүн нас барч, хүнд хор уршиг учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 2 хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлтэй тохирсон тул шүүгдэгч Ч.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дээрх гэмт хэргийн хувьд ахуйн хүрээнд олон хоног үргэлжлүүлэн архидан согтуурсан байдал, үл ойлголцсон хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлөх шалтгаан нөхцөл болжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаагаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу оршуулгын зардалд 5 307 400 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь бичмэл нотлох баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Цаас 5.307.400 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Б.Баярмаад олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Ц-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ч.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Ц нь “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, түүнийг шүүх гэм буруутайд тооцсон тул “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм бурууг зөвшөөрөхгүй учир тусгайлан гаргах саналгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг шүүгдэгч Ч.Ц-ын 57 настай, хохирогчтой үл ойлголцон цохисон нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ч.Ц-ын 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийт цагдан хоригдсон 229 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хяналтын прокурор нь Ч.Ц-д холбогдох хэрэгт 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 641 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийг шүүхэд ирүүлж хугацаа алдсан, энэ хугацаанд Ч.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг “хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай” гэсэн үндэслэлээр сунгуулсан, 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэл 2 хоног шүүгчийн шийдвэргүйгээр цагдан хорьсон, мөн хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй зэрэг зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Ц-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ц-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Ц-ын урьд цагдан хоригдсон 229 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ц-с гэм хорын хохиролд 5.307.400 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаад олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Ц-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ
ШҮҮГЧИД Г.ХАТАНЦЭЦЭГ
С.ПҮРЭВСҮРЭН