| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0410/и |
| Дугаар | 00411 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 00411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Сод Монгол Групп ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сод Монгол Групп-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын дарга ажилтай, Хөвсгөл аймаг, Мөрөн сумын 28 дугаар байр 1-13 тоотод оршин суух “Орших” Баадайн Лхагваа /РЭ-60021703/,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 08-17 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй “Увашь” овогт Сүхбаатарын Орхон /ФМ-84122574/-д холбогдох,
Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 0221 дугаарын үнэмлэхтэй “Гэгээнтэн” овогт Далайжаргалын Содномдорж /РЭ-87060114/
Газрын төлбөрт шилжүүлсэн мөнгө, алданги нийт 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагваа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сод Монгол Группийн гүйцэтгэх захирал Н.Ганболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани болон иргэн С.Орхон нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд тус төлбөр барагдуулах гэрээний дагуу иргэн С.Орхон нь 16.000.000 төгрөгийг манай компанид 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулахаар байсан. Манай компанийн зүгээс иргэн С.Орхоныг гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй хугацаа өнгөрсөн байдалтай байсаар байна.
Иймд иргэн С.Орхоноос төлбөр барагдуулах гэрээний төлбөр 16.000.000 төгрөг, гэрээний 5 дахь заалтанд заасны дагуу алданги 8.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277.950 төгрөгийн хамт тус тус гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагваа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани буюу “Сод Монгол Групп” 2015 оны 11 дүгээр 16-ны өдөр иргэн Орхонтой төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан ба уг гэрээнд 16.000.000 төгрөгийг 2015 оны 11 сараас 2016 оны 5 дугаар сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг юм билээ. Уг гэрээг яагаад байгуулах болсон талаар бол Сод Монгол Групп нь Хөвсгөл аймаг, Мөрөн суманд шатахуун түгээх станц /ШТС/ байгуулах зорилгоор тухайн үед Сод Монгол Группийн Хөвсгөл салбарын дарга хийж байсан Орхонтой ярилцаж түүний данс руу 16 сая төгрөг шилжүүлсэн боловч Орхон нь тохиролцсон газраа олж өгөөгүй ба тухайн компаниас Орхон нь ажлаасаа гарсан ба тухайн үед газар зарна гэсэн эзэнтэй нь уулзахад Орхон надад өртэй байсан тул өрөө авсан гэж хэлсэн тул түүнтэй төлбөр барагдуулах гэрээ хийсэн байдаг. Ингээд манай компаний зүгээс төлбөрөө барагдуулахыг Орхоноос удаа шаардсан боловч одоо болтол төлбөрөө барагдуулаагүй байгаа тул шүүхэд хандсан.
Иймд Орхоны данс руу шилжүүлсэн 16.000.000 төгрөг, гэрээний 5 дахь заалтад заасан алдангийг тооцоход 8 сая гаран төгрөг болж байгаа боловч хуульд заасны дагуу 50% хэтэрч болохгүй тул алданги 8.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөгийг С.Орхоноос гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.Орхон шүүхэд гаргасан тайлбарлахдаа: С.Орхон би Сод Монгол Групп ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17/172 тоот нэхэмжлэлтэй танилцсан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн газрыг хүнээс 32 сая төгрөгөөр худалдаж авахаар болж Сод Монголын шилжүүлсэн 16 сая төгрөгийг тухайн газрын эзэнд өгсөн боловч Сод Монгол групп нь үлдэгдэл төлбөрөө шилжүүлээгүй байдаг юм. Одоо ч уг газар нь бэлэн байгаа юм билээ. Нэхэмжлэл дээр гүйцэтгэх захирал тамга нь Сод Монгол группийн тамга биш байдаг. Сод Монгол групп нэхэмжлэл гаргасан байгаа боловч Стандарт Нефть ХХК нэхэмжлэл гаргаад байгаа юм. 16.000.000 төгрөгт алданги тооцоод байгаа нь хэлбэрийн алдаатай харагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигч, гэрчийн мэдүүлэг тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сод Монгол Групп ХХКомпани нь хариуцагч С.Орхоноос газрын төлбөрт шилжүүлсэн мөнгө, алданги нийт 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С.Орхон нь 24.000.000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч “Сод Монгол Групп” ХХКомпани нь хариуцагч С.Орхонтой 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан хариуцагч С.Орхон нь Сод Монгол Группийн Хөвсгөл салбарын даргаар ажиллаж байжээ.
Хариуцагч С.Орхон нь Сод Монгол группийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт 2015 онд хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын баримт бичиг бүрдүүлэлт, барилга угсралт, бэлтгэл ажлын төлөвлөгөө, ШТСтанц байгуулах газар авах 2015 оны 4 дүгээр сарын 29-ны ажлын удирдамжийг тус тус гарган Сод Монгол Групп ХХК-аар батлуулсны дагуу “Сод Монгол Групп”-ээс С.Орхоны 5914114551 дугаарын данс руу “Газрын үнэ” гэж 16.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны орлогын баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч “Сод Монгол Групп” ХХКомпани нь Хөвсгөл аймаг, Мөрөн суманд газар авч ШТСтанц барих төлөвлөгөө биелэгдээгүй гэх үндэслэлээр хариуцагч С.Орхонтой 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ, төлбөр барагдуулах график зэргийг байгуулсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба зохигчид нь төлбөр барагдуулах тухай гэрээ, графикийн талаар маргаагүй тул хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзлээ.
Төлбөр барагдуулах гэрээнд 16.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэл төлж барагдуулахаар график гаргасан боловч хариуцагч С.Орхон нь төлбөрийг төлөөгүй гэрээний 3 дах заалтыг зөрчиж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Сод Монгол Групп нь гэрээний 5-д зааснаар алданги нэхэмжлэж, гэрээний 6-д зааснаар гэрээгээ цуцалж шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 24-нд нэхэмжлэл гаргажээ.
Гэрээнд заасан төлбөр төлөх сүүлийн өдөр нь 2016 оны 5 дугаар сар байх тул үүргээ биелүүлээгүй хугацааг 2016 оны 6 дугаар сараас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүртэлх 7 сар 24 хоног буюу 238 хоног хугацаа хэтрүүлсний алданги нь 19.040.000 төгрөг болж байх хэдий ч Иргэний хуульд “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх ба Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх”-аар хуульд заасан ба нэхэмжлэгч нь шүүхэд алданги гэж 8.000.000 төгрөг нэхэмжлэж байгаа нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.
Хариуцагч С.Орхон нь шүүхэд: “....Сод Монгол Групп ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцсан ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэх тайлбараа ирүүлсэн хэдий ч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй “төлбөрт нийт 24.000.000 төгрөг”-ийг төлөхгүй гэдгээ нотолж чадахгүй байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч нь “....одоо ч уг газар нь бэлэн байгаа юм билээ. Нэхэмжлэл дээр гүйцэтгэх захирал тамга нь Сод Монгол группийн тамга биш байдаг. Сод Монгол групп нэхэмжлэл гаргасан байгаа боловч Стандарт Нефть ХХК нэхэмжлэл гаргаад байгаа юм....” гэх тайлбарын тухайд хариуцагчийн өмгөөлөгч Д.Содномдорж нь “уг газар нь одоо бэлэн байгаа болон Сод Монгол Группийн тамга, тэмдэг биш” гэдгийг нотлож чадахгүй, харин хэрэг авагдсан Улсын бүртгэлийн №9011100105 дугаартай гэрчилгээнд “Сод Монгол Групп Нэргүй овогтой Ганболд-г 2007 оны 5 дугаар сарын 18-нд захирлаар томилж” бүртгэж гэрчилгээ олгосон, Сод Монгол группийн албан бланк дээр гүйцэтгэх захирал Н.Ганболд гэж гарын үсэг зурж нэхэмжлэл гаргаснаас дүгнэхэд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий байна гэж үзлээ.
Иймд хариуцагч С.Орхоноос 16.000.000 төгрөг, алданги 8.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сод Монгол Групп ХХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч С.Орхонд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд хойшлуулах тухай хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нар нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 277.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Орхоноос 227.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сод Монгол Групп ХХКомпанид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч С.Орхоноос 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сод Монгол Групп ХХКомпанид олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277.950 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Орхоноос 277.950 /хоёр зуун далан долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Сод Монгол Групп ХХКомпанид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ