Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

2021         01         22                                   2021/ШЦТ/132

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Э-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1939 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны тоног төхөөрөмчин мэргэжилтэй, “Сод-Монгол” шатахуун түгээх станцад түгээгч, ээлжийн ахлах ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүрэг 3 дугаар хороо Замчин 22 дугаар гудамжны 134 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М.Э, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

М.Э нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 16 дугаар хороололд байрлах Сод Монгол шатахуун түгээх станцын ажилчдын өрөөнөөс хохирогч Ж.Одонтунгалагийн эзэмшлийн ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.Одонтунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 07 дугаар 08-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрныхаа хоёр давхарт байрлах инээмсэглэл гэх дэлгүүрээс 18-19 цагийн үед худалдан авалт хийсэн. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 16-ний өдөр миний 5075455637 дугаартай хаан банкны данснаас 14 цаг 41 минутад 370.000 төгрөгийг зарлага гарсан. Би тухайн үед Хаан банкны лавлах 1800-1917 утсанд холбогдож энэ талаар хэлсэн. Миний нөхөр Ж.Одбаатар, эгч Ж.Оюунтунгалаг нар мэднэ өөр хүн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 06-10тал/

Гэрч Э.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би тухайн өдөр 13 цагийн үед Нарантуул зах орох гээд явж байтал миний авга эгч М.Э өөрийн 88977281 дугаараас залгаад манай ажил дээр хүрээд ир гэхэд нь би яваад очиход надад лэндээс залгаад зээлийн хугацаа хэтэрсэн тул шүүхэд хандах гээд байна. Чи энэ хаан банкны картаас мөнгө аваад шилжүүлчхээд ир гэхээр нь би очоод шилжүүлэх гэсэн боловч дансыг нь мэдэхгүй учир байсан бүх мөнгийг нь аваад эгчид авчирч өгсөн. Тухайн үед эгч надад өөр юм хэлээгүй болсон яв гэсэн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 13 хуудас/,

Яллагдагч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би найзалж нөхөрлөж байх хугацаанд Ж.Одонтунгалагийн картыг хэд хэдэн удаа ашиглаж байсан ба тэгээд тухайн өдөр карт нь байхаар нь картыг нь авсан. Тэгээд би дүү Тэмүүлэнг дуудаж энэ данснаас мөнгө аваад лэндийн зээлийг чөлөөлчхөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд тэмүүлэн картыг авч яваад надад картад байсан 370.000 төгрөгийг авч ирж өгсөн. Би Ж.Одонтунгалагаас ичиж санаа зовоод Тэмүүлэнгээр Ж.Одонтунгалагт буцааж өгүүлсэн. Тэгээд намайг битгий хэлээрэй гэж хэлэхэд Одонтунгалаг мэдчихсэн байсан. Би шүүгээний дээрээс авсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 24 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч М.Э-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Э нь 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 16 дугаар хороололд байрлах Сод Монгол шатахуун түгээх станцын ажилчдын өрөөнөөс хохирогч Ж.Одонтунгалагийн эзэмшлийн ХААН банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч М.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ж.Одонтунгалаг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч М.Э-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Э нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Түвшинжаргалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Эд мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. Шүүгдэгч М.Э-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-д  240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Э-д тайлбарлан мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ХАТАНЦЭЦЭГ