Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00420

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Төрийн банкны Хөвсгөл салбарын хүсэлттэй,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Төрийн банкны Хөвсгөл салбар тооцооны төвд менежер ажилтай, “Начин” овогт Мөнх-Эрдэнийн Мөнхбаяр /РБ-91070511/,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Энх-Амгалан, Д.Мөнхдалай нарыг эрэн сурвалжлуулах хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд; Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч С.Энх-Амгалан, Д.Мөнхдалай нар нь Төрийн банктай  2014 оны 3 дугаар сарын 04-нд 2023/56129 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай 1.7 хувийн, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлэн авсан. 2015 оны 7 дугаар сарын 23-нд үлдэгдэл 3.717.668 төгрөг дээр нэмж 2.200.000 төгрөгийн зээл авсан. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны үлдэгдэл 4.529.14 төгрөг дээр нэмж 4.470.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд барьцаат зээлийн гэрээний дагуу цалин, зурагт, антен, ком барьцаалсан. Гэвч зээлдэгч С.Энх-Амгалан, Д.Мөнхдалай нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй улмаар гэрээ байгуулсан үед байсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт байрлах хаягтаа оршин суудаггүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мөнхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч С.Энх-Амгалан болон түүний хамтран зээлдэгч эхнэр Мөнхдалай нарт цалингийн зээл олгосон боловч зээлийн төлбөрөө төлөөгүй ба нөхөр С.Энх-Амгалан нь Хөвсгөл аймгийн Хилийн цэргийн 0257-р ангид ажиллаж байгаад ажлаасаа халагдсанаас хойш зээлээ төлөхгүй сураггүй болсон. С.Энх-Амгалангийн эхнэр болох М.Мөнхдалай нь тус зээлийн хамтран зээлдэгчээр явж байсан боловч мөн сураггүй болсон ба зээл авахдаа Эрдэнэбулган сумын хилийн заставт ажиллаж байсан юм. Одоо Улаанбаатар хот эсвэл Өимнөговь аймагт байгаа сургийг нь Эрдэнэбулган сумын манай тооцооны төвийн ажилтан гаргасан болно.

Иймд харилцагчаар оролцвол зохих этгээд С.Энх-Амгалан, М.Мөнхдалай нарыг эрэн сурвалжилж шийдвэр гаргаж хариуцагч нарыг олж тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын хүсэлттэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Энх-Амгалан, М.Мөнхдалай нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг дараахи үндэслэлээр. Тухайлбал;

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд: “....зээлдэгч С.Энх-Амгалан, М.Мөнхдалай нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улмаар гэрээ байгуулсан үед байсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган 4 дүгээр багт  байрлах хаягтаа оршин суухгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй болсон  тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү....” гэх хүсэлт,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мөнхбаяр: “....хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу Сандагжавын Энх-Амгалан, Дашдэлгэрийн Мөнхдалай нар нарыг эрэн сурвалжилж өгнө үү....” гэх тайлбар мэдүүлэг болон хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Энх-Амгалан, М.Мөнхдалай нар нь зээл авах үедээ оршин сууж байсан хаягтаа одоо байдаггүй болох нь дээрх тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Энх-Амгалан, М.Мөнхдалай нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Энх-Амгалан, М.Мөнхдалай нарыг олж тогтооход шаардлагатай мэдээлэл болон холбоо барих утас. Үүнд; Хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд нь Өмнөговь аймагт байх магадлалтай, Хөвсгөл аймаг, Төрийн банкны Эрдэнэбулган сумын тооцооны төвөөс хамаатан садангийн талаархи мэдээлэл авах боломжтой.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл 133 дугаар зүйлийн 133.1.9,  155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчаар оролцвол зохих этгээд “Олгонууд” овогт Сандагжавын Энх-Амгалан /РД-79100612/, “Манхан” овогт Дашдэлгэрийн Мөнхдалай /РА-69033000/ нарыг эрэн сувалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих С.Энх-Амгалан, М.Мөнхдалай нарыг эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Энх-Амгалан, М.Мөнхдалай нарыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг /иргэний үнэмлэхний хуулбар/ хавсаргаж цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацрал-д мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ