| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0421/и |
| Дугаар | 00421 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох суманд 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Барилгын “Урагшлах” ХХК-д ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн 9 дүгээр баг 37-12 тоотод оршин суух “Шарнууд” овогт Гомбын Даваа /РЮ-62051404/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Г.Даваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Даваа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1979 онд 8 дугаар ангиа төгсөж Завханы аймгийн барилгын ТМСургуулийн ангинд 2 жил суралцаж төгсөөд, Хөвсгөл аймгийн Барилга цахилгаан сантехник засварын ангид 1982 онд хувиарлагдаж ирээд 1991 оныг хүртэл ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Барилга цахилгаан сантехник засварын анги нь татан буугдаж “Бамбар” ББХК-д болоход нь уг компанид үлдэж 1994 оныг дуустал тасралтгүй шаварчин, засварчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим нэг баримт бичиг алга болсон учир шүүхэд хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Барилга, цахилгаан-сантехник засварын ангид 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, “Бамбар” ББХК-д 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын шаварчин, засварчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г.Даваа нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Барилга, цахилгаан-сантехник засварын ангид 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд, “Бамбар” ББХК-д 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгын шаварчин, засварчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөрөн хотын Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1982 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №77 дугаартай “....НААҮ-ний яамны хуваариар ирсэн Гомбын Давааг 8-р сарын 04-нөөс эхлэн барилга засварчнаар авч ажлуулсугай....” гэх Ажилд авах тухай тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №58 дугаартай “....СнЗ-ийн 1990 оны 309 дүгээр тогтоолыг үндэслэн хүүхдээ асрахыг хүссэн эхчүүдэд хавсралтаар чөлөө олгосугай. 1/ Гомбо Даваа 1991-12-01-1992-6-12 хүртэл....” гэх Тэтгэмжийн чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
“БАМБАР” ББХКомпанийн захирлын 1995 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №18 дугаартай “....15/ Г.Даваа 350....” гэх Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын хуулбар,
Завхан аймаг Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нээж олгосон №009713 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №1301 дугаартай “....Барилга цахилгаан сантехник засварын анги 1991 онд Бамбар ББХК 1992, 1993, 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг тодорхойлов....” гэх архивын лавлагаа,
Гэрч С.Гарамдод: “....Г.Даваа нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга цахилгаан сантехникийн засварын ангид 1982 оноос 1994 оныг хүртэл засал чимэглэлийн ажил хийж байсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга цахилгаан сантехникийн засварын анги нь 1992 оноос Бамбар нэртэй болсон....” гэх мэдүүлэг,
Гэрч С.Магнайгийн: “....Г.Даваа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга цахилгаан сантехникийн засварын ангид 1982 онд засал чимэглэлийн ангид ороод 1990 он хүртэл ажилласан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга цахилгаан сантехникийн засварын анги нь 1992 онд хувьчлагдаад Бамбар ХХКомпани болж түүнээс хойш 3 жил ажиллаж 1995 он хүргэсэн....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Г.Даваад холбогдох баримт лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10/138 дугаартай “....тус аймгийн Барилга цахилгаан сантехникийн засварын анги буюу Бамбар ББХК-ны захирлын 1995 оноос хойшхи тушаал манай архивт байхгүй тул Г.Даваад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Г.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Шарнууд” овогт Гомбын Даваа /РЮ-62051404/-г Хөвсгөл аймгийн Барилга цахилгаан-сантехникийн засварын ангид 1982 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, “Бамбар” ББХКомпанид 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шаварчин, засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Даваагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ