| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0085/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/139 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/139
2021 01 25 2021/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 2006041372837 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Д.Э /РД:/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 3-114 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Ариунжаргалыг цохих, базах, хазах зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч М.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед гэртээ Д.Э нь орж ирээд намайг байнга харддаг. Тэр нь эхлээд тухайн үед би сонгино хэрчээд сууж байхад хэрчиж байсан сонгиныг цонхоор гаргаж хаяад би чамайг тэжээж байна. Чи ямар ч орлогогүй янхан, чамайг дүү нар чинь тоодоггүй, чамайг алчихсан байхад хэн ч тоохгүй чи миний аваад суусан авгай биш гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд согтуурхаад би ор луу түлхтэл намайг зуураад авсан. Тэгээд эрүүл мэндийн аппарат орон доороос Д.Э нь авчихаар нь зууралдаад байж байтал миний гарыг тавиулах гээд миний зүүн гараас 1 удаа хазаад зуугаад байсан. Тэгээд салаад байж байтал миний үсийг гартаа ороогоод намайг үсдээд чирээд гэрийн хаалгаар гарах гээд намайг 3 метр орчим үсдэж чирсэн. Тэгээд биеэс зуураад байж байтал миний цээжин дээр гишгээд миний бие хэсгээс зулгаагаад байсан. Би тэгээд аргагүй хамгаалалт хийгээд өөрийг нь 1 удаа хазсан. Миний толгой дүүрээд хүзүү хөдөлж болохгүй, цээжин хэсэг хөндүүр, зүүн гар тохойгоороо нугалахад зовуурьтай байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын сарын 22-ны өдрийн 12036 дугаартай “М.Ариунжаргалын биед зүүн зовхи, цээж, зүүн бугалга, хоёр тохой, хоёр шуу, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхон 3 дугаар байрны 114 тоотод хамтран амьдрагч М.Ариунжаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн зовхи, цээж, зүүн бугалга, хоёр тохой, хоёр шуу, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Э-н “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч М.Ариунжаргалын “2020 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед гэртээ Д.Э нь орж ирээд ... хэрчиж байсан сонгиныг цонхоор гаргаж хаяад би чамайг тэжээж байна, ямар ч орлогогүй янхан, чамайг дүү нар чинь тоодоггүй, чамайг алчихсан байхад хэн ч тоохгүй, чи миний аваад суусан авгай биш гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд согтуурхаад би орлуу түлхтэл намайг зуураад авсан ... зууралдаад байж байтал миний гарыг тавиулах гээд миний зүүн гараас 1 удаа хазаад зуугаад байсан. Тэгээд салаад байж байтал миний үсийг гартаа ороогоод намайг үсдээд чирээд гэрийн хаалгаар гарах гээд 3 метр орчим үсдэж чирсэн. Биеэс нь зуураад байж байтал миний цээжин дээр гишгээд миний бие хэсгээс зулгаагаад байсан ... байнга хэл амаар доромжилдог, ажил хийлгэдэггүй, хардаад гаргачихдаг, гэрт оруулахгүй цоожлохоор цонхоор ороод гэрээс эд зүйл авчихдаг ... Д.Э-тэй 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа ... 01 цаг 30 минутын үед орж ирээд намайг намайг тэвэрч хэвтэж байгаад босоод хэрүүл маргаан болж намайг үсдэж чирээд түлхэж нударсан, шуу базаж хазсан тэгээд гэрээс гарахаар нь цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-6-7, 12-13/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12036 дугаартай “М.Ариунжаргалын биед зүүн зовхи, цээж, зүүн бугалга, хоёр тохой, хоёр шуу, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-16-17/, хохирогч М.Ариунжаргалын бичгээр гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон. Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилнэ.
Шүүгдэгч Д.Э, хохирогч М.Ариунжаргал нар хамтран амьдрагчийн харилцаатай болох нь тогтоогдсон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Д.Эгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Д.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд эхнэр, нөхрийн хоорондох үл ойлголцсон маргаан, хувийн таарамжгүй харилцаа дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Хохирогч М.Ариунжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид гарах гэм хор, хор уршигтай холбоотой хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул Д.Эг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Э нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч Д.Э-н зүгээс гэм буруу дээр маргаагүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Д.Э-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн ажилгүй, орлого тодорхойгүй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй хугацаанаас хамаарч ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Э-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй, биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор, хор уршгийн хохирол болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ