Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00422

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, малчин, ам бүл 10, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Далангийн өвөр гэх газарт оршин суух “Тайван Мөнх” овогт Пүрэвийн Мөнхжаргал /Рв-65051403/-гийн хүсэлттэй

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч М.Гүнтэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Мөнхжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1982 онд хоньчноор ажилд орсон юм. Одоо тэтгэвэрт орох гэтэл Миний хөдөлмөрийн дэвтэр дээр овог солигдоод өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Миний эцгийг Пүрэв гэдэг юм. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт нь Пүрэвжав гэж бичсэн байгаа. Иймд намайг Пүрэвийн Мөнхжаргал мөн болохыг минь өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч П.Мөнхжаргал нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх сумын Соёл нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Пүрэвийн Мөнхжаргал мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгч “Тайван Мөнх” овогт Пүрэвийн Мөнхжаргал /Рв-65051403/ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар,

Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 00/002174 дугаартай Ургийн овог, эцэг/эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 195772 дугаартай “Алдарт эх”...2 дугаар одонгоор шагнуулсан тухай үнэмлэхний хуулбар,

Гэрч П.Мөнхжаргалын 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “....Мөнхжаргалын эцэг нь Пүрэвээ гэж хүн байсан. Өмнө нь хэд хэдэн удаа гэрт нь очиж байсан. Тухайн үед хүмүүс Пүрэвээ гэж дууддаг байсан. Манай нөхөр Пүрэвээгийн Мөнхжаргал гэж ярьдаг байсан. Тухайн үед Баянзүрх сумын 4 дүгээр бригад Агар голын нутгаар Пүрэвээ нэртэй хүмүүс олон байсан талаар ярьдаг байсан. ....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймаг, Баянзүрх сумын Соёл нэгдлээс Пүрэвжавын овогтой Мөнхжаргалд 1982 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн, жинхэнэ эзэмшигч нь “Тайван Мөнх” овогт Пүрэвжавын Мөнхжаргал /Рв-65051403/ мөн болохыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ