| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0425/и |
| Дугаар | 00425 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1948 онд төрсөн, 69 настай, эмэгтэй, тэтгэвэрт, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвд оршин суух “Армагууд” овогт Тавхайн Бямбаа /РХ-48061023/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Т.Бямбаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бямбаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 4 дүгээр ангиа төгсөөд Хатгалын Худалдаа бэлтгэлийн ангид 1966 оноос 1991 оны хооронд бойн дээр толгой шийр хуйхлах, арьс давслах, савлагч, үйлчлэгч зэрэг янз бүрийн ажил хийж байсан. Намайг ажилд орсон тушаалаа авч ир гэж хэлсэн. Гэтэл архиваас тушаал гарч ирэхгүй байгаа учир шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хатгал хот /хуучнаар/ Худалдаа бэлтгэлийн ангид 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл арьс давслагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.Бямбаа нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймаг, Хатгал хот /хуучнаар/ Худалдаа бэлтгэлийн ангид 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл арьс давслагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн Трестээс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Тавхайн Бямбаад нээж олгосон №449069 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Б.Батчулуун: “....Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Худалдаа бэлтгэлийн Триестэд 1966 оноос 1991 оны буюу нэгдэл тарах хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан юм. Би 1966 онд 14 настай байсан ба манай эцэг эх тус Триестэд бойны сахиул хийдэг байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Батмөнх: “....намайг хүүхэд байхад Т.Бямбаа нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Худалдаа бэлтгэлийн Триестэд ажилладаг байсан. Манай хашаанд толгой шийр энэ тэр авч ирж хуйхалдаг байсан санагдаж байна. Тэгэхлээр үйлчлэгч хийдэг байсан байх....” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Т.Бямбаад холбогдох баримт лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10/135 дугаартай “....Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Худалдаа бэлтгэлийн Триестийн даргын тушаал манай архивт байхгүй тул Т.Бямбаад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Армагууд” овогт Тавхайн Бямбаа /РХ-48061023/-г Хөвсгөл аймаг, Хатгал хот /хуучнаар/ Худалдаа бэлтгэлийн ангид 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл арьс давслагч, цэвэрлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ