Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/153

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Д.Хонгорзул,

Шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч ... (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... дүүргийн 16 дугаар хороо, ... байрны ... тоотод түр оршин суух, /РД:.../ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ... овогт ... ....

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ... нь 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” худалдааны төвийн жимсний лангуунаас иргэн ... өмчлөлийн “IPhone-11 Pro” загварын rap утсыг нууцаар, хууль бусаар авч 2.370.000 /хоёр сая гурван зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч ... “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдолд мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5, 6-7 тал/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...00 минут 04 секундэд Баянгол дүүргийн 3 дугаар хороо Барс худалдааны төвийн жимсний лангууны хэсэгт үл таних таяг барьсан ногоон өнгийн куртик, урт түрүүтэй гутал, хар малгайтай эрэгтэй хүн явж байгаа байдлыг сумаар зааж гэрэл зургаар харуулав. ...00 минут 34 секундэд үл таних эрэгтэй нь жимсний лангуу руу орж байгаа байдлыг сумаар зааж гэрэл зургаар харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-15, 16 тал/,

 

Эд зүйл хураан авсан “...Ай фоне 11 Про маркийн гар утас нэг ширхэгийг хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн “...Ай фоне 11 Про маркийн хар өнгөтэй гар утас нэг ширхгийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 28 минутад хохирогч ... хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 19 тал/,

 

Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд миний бие Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Барс захын А7-Б5 лангуун дээр ажиллаж байгаад хажуу талын гурилын лангуу орж хүнээс юм авах зорилгоор гарсан. Гарах үедээ хаалгаа хаалгүй сандлаар таглаж тавиад гарсан. Тэгээд буцаад ирэхэд лангууны ар талын тавцан дээр үлдээсэн өөрийн эзэмшлийн “IPhone-11 Pro” маркийн хар өнгийн гар утас маань байхгүй болчихсон байсан. ...40-50 орчим насны, ногоон өнгийн куртиктэй, хар өнгийн нүдний шил, хар өнгийн малгай, цагаан өнгийн масктай эрэгтэй хүн манай лангуу руу ороод гарч байгаа камерын бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 

2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ1-21-12 дугаартай Дамно ХХК-ийн “...2020 оны 6 дугаар сард худалдан авсан хар өнгийн I Phone 11 маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2.370.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32 тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаартай “... ... нь Тархины өвчин гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. ... нь хэрэг үйлдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг зөв ойлгох чадвартай байсан байна. ... нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. ... нь хэрэг хариуцах чадвартай байна. ... нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх сэтгэцийн шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 34-36 тал/,

 

Гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ... гэртээ гар утас авчирсан байсан бөгөөд би түүнээс асуухад бол надад хэлэхдээ олсон гэж хэлснээс өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/,

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 69, 68 тал/

 

Шүүгдэгч ... мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс” худалдааны төв дотор өөрийн хүнсний хэрэглээний барааг худалдаж авахаар жимсний лангуу байхаар нь ороход тухайн лангуун дотор хүн байгаагүй бөгөөд ширээн дээр гар утас байж байхаар нь авч гараад тэндээсээ шууд гэртээ харьсан. ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, маргах зүйл байхгүй. Гар утсыг буцааж өгсөн. Би 1967 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод Байгалийн том хүү болж төрөөд 4 дүгээр анги хүртэл нийслэлийн 35 дугаар сургуульд суралцаж байгаад унаж татдаг болоод түүнээс хойш байнгын сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг юм. Миний хувьд эхнэр хүүхэд гэх зүйл бол байхгүй. Одоог хүртэл төрсөн эхийн хамт амьдардаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч ... нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

 

 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 51-54 тал/, 80 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57 тал/, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 58 тал/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 22/20 дугаартай “... ... нь СЭМҮТ-ийн Сонгинохайрхан дүүрэг хариуцсан сэтгэцийн эмчийн хяналтад DS:F07.8 тархины гэмтэл үйлийн шалтгаант бие хүний ба төрх үйлийн бусад эмгэгүүд оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон...” гэх албан бичиг /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 62 тал/, гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 63 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ... гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 28-29 дэх талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч ... нь 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” худалдааны төвийн жимсний лангуунаас хохирогч ... өмчлөлийн “IPhone-11 Pro” загварын rap утсыг нууцаар, хууль бусаар авсан байна. Шүүгдэгч Б.Л-н энэ үйлдэл шууд санаатай, шунахайн сэдэлтэй байна.

 

Шүүгдэгч ... нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч ... 2.370.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийнДамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ.  

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ... 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Барс” худалдааны төвийн жимсний лангуунаас хохирогч ... өмчлөлийн “IPhone-11 Pro” загварын rap утсыг нууцаар, хууль бусаар авч 2.370.000 /хоёр сая гурван зуун далан мянга/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

 Иймд шүүгдэгч ... “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч нар нь “гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ... 2.370.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэргийн 31-32 дахь талд авагдсан “Дамно” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн №БГ1-21-12 дугаартай тайлангаар тогтоогдсон.

 

Хэргийн 19 дэх талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн “...Ай фоне 11 Про маркийн хар өнгөтэй гар утас нэг ширхгийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цаг 28 минутад хохирогч ... хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл гэх тэмдэглэл, хохирогч ... Баянгол дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, шүүгдэгч ... мэдүүлэг зэргээр гар утсыг буцаан өгсөн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч ... гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч ... нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах... үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг ... танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч ... үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ... өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ... тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, ... гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ... сануулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ... өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА