Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/156

 

 

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

            шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

            улсын яллагч Ч.Батбаатар,

   шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 4 дүгээр сарын 02-ны өдөр, ... аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Гүнж гоо сайхны салонд гоо сайханч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны 12-4 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити хотхоны 3-14-06 тоотод оршин суудаг, /РД:.../ урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... овогт ... ... .

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ... ... нь 2021 оны 1 дүгээр сарын 16-ны шөнө 02 цаг 40 минутын үед орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Жаст Ойл” шатахуун түгээх станцын зүүн замд “Тоёота камри” маркийн 99-10 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.2-т заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "Жаст Ойл” шатахуун түгээх станцын зүүн замын дагуу байрлалтай гэрлийн шон, төмөр хашааг мөргөж зорчигч ... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, ТЦА, Замын цагдаагийн газар, жижүүрийн шуурхайн удирдлагын хэлтсийн лавлагааны хуудас /хх-ийн 2-3 тал/,

 

Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12 тал/,

 

Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ... манай гэрийн гадаа өөрийнхөө Тоёота камри маркийн 99-10 УНХ улсын дугаартай улаан өнгийн машинтайгаа ганцаараа ирж намайг авсан. ... бид хоёр манай гэрийн гаднаас хөдлөөд гэмтлийн эмнэлгийн ардаас хамт ажилладаг ... гэрээс нь аваад ажил руугаа явах замдаа буюу Гурвалжин гүүр даваад явж байтал ... огцом тоормос гишгэтэл машин нь гулгаад замын хажуугийн шон мөргөөд зогссон. ... машинаасаа буусан, харин ... ард талаас гарч чадахгүй байсан. Тэр үед хажууд танихгүй хүмүүс ирчихсэн эгчээ буугаарай гээд байсан. ... бид хоёрыг уг хүмүүс нэг нэгээр нь машинаас буулгасан. Удаагүй эмнэлгийн машин ирээд ... бид хоёрыг эмнэлэг рүү авч явсан. ... машин дээрээ үлдсэн надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч “Төгс гэрэлтүүлэг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... “...2021 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Жаст Ойл шатахуун түгээх станцын зүүн талын гэрэлтүүлгийн шонг машин мөргөж манай байгууллагад хохирол учруулсан. Уг шонг мөргөсний улмаас доор нь байдаг бетонон суурь амперын боолт зэргийг дахин ашиглах боломжгүй болсон. ...Манай байгууллагад нийт 2.200.000 төгрөгийн хохирол учирсан түүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

Хохирол барагдуулах тухай “Төгс гэрэлтүүлэг” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 21, 63 тал/,

Иргэний нэхэмжлэгч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрлэлийн баруун бүс 1/16100/ тоот хаягт байрлах үйлчилгээний газрын өмчлөгч юм. Ослын талаар мэдээлэл гарсан байхаар нь өөрийн хашаан дээрээ ирээд хартал манай хашаа эвдэрсэн байсан. Манай байгууллагын 3 ширхэг хашаа эвдэрсэн байсан үүний дагуу нэхэмжилж байна. Үнэлгээгээр 354.760 төгрөг гарсан. Харин үнэлгээний мөнгө нь 40.000 төгрөг болсон нийтдээ 394.760 төгрөг хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота камри” маркийн 99-10 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр зээлдэг ... нь манай байгууллагатай гэрээ хийж худалдан авсан. Учирсан хохирлыг манай байгууллага нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

Гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад манай дарга ... намайг гэрээс машинтайгаа ирж авсан. Тухайн үед ... эгч ... эгчтэй хамт явж байсан ба ... эгч машинаа барьж байсан. ...Гурвалжингийн гүүр даваад уруудаад явж байхад ... эгчийн машин бөгсөө хаялаад эргэлдээд замын хажуугийн шон мөргөсөн ба замд явж байсан хүмүүс түргэн дуудсан байх удаагүй түргэний машин ирсэн. ...Надад санал хүсэлт байхгүй миний бие зүгээр...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 806 дугаартай “... ... биед зүүн дал ясны хугарал, баруун бугалганд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 810 дугаартай “... ... биед зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 48-49 тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн “...Баянгол дүүргийн 20 дугаар хороо Жаст Ойл шатахуун түгээх станцын зүүн замын дагуу байрлалтай гэрлийн шонг авто машин мөргөсний улмаас учирсан зардлын хэмжээ шууд зардлын дүн 1.932.500 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-68 тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн “...Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бус орчимд байрлах төмөр хашааг авто машин мөргөсний улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ 354.760 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 74-78 тал/,

 

“Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “Тоёота камри” маркийн 99-10 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ... овогтой ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.2-т заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 82 тал/,

 

Шүүгдэгч ... эрх хасагдсан талаарх баримт /хх-ийн 88-89 тал/,

 

Зам тээврийн хэрэг, осолд холбогдсон хэрэгслийн дугуйнд хийсэн үзлэгийн судалгаа /хх-ийн 95 тал/,

 

Хохирол барагдуулсан тухай Төгс гэрэлтүүлэг ХХК-ийн  “... ... овогтой ... нь ...улсад учруулсан хохирлоо барагдуулсан тул цаашид тус компанитай холбогдох зүйлгүй болно...” гэх батламж /хх-ийн 120 тал/,

 

Монголын эмэгтэйчүүдийн холбооны “...2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журмын 3.1-д заасны дагуу 38 хүнд сургалт явууллаа. ...сургалтанд хамрагдсан жолооч нарын жолоочийн эрх, зөрчлийн оноог сэргээж өгнө үү...” гэх албан бичиг, сургалтанд оролцогчдын бүртгэл /хх-ийн 123, 124-125 тал/,

 

               Тус хэрэгт гаргасан мөрдөгчийн хохирлын тооцоо /хх-ийн 127 тал/,

 

               Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 130, 128, 129 тал/,

 

    Шүүгдэгч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр би өглөө эрт гэрээсээ гараад гадуур ажил амжуулж явахад 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө гадуур үсчин онгойно гэсэн сураг гарахаар нь орой хамт ажилладаг ... гэрээс нь аваад Халиуныг гэмтлийн эмнэлгийн араас авсан. ...Гурвалжингийн гүүр даваад уруудаад явж байтал машины хурд нэмэгдээд байхаар нь би тоормосоо гишгэтэл машин эргэлдэж байгаад замын хажуугийн хашаа болон гэрлийн шон мөргөөд зогссон. ...хохирогч Жавхланчимэг нь надтай хамт ажилладаг бөгөөд надад гомдол санал байхгүй. “Төгс Гэрэлтүүлэг” ХХК-д 1.800.000 төгрөгийг төлсөн. Уг байгууллагын иргэний нэхэмжлэгч ... нь 2.200.000 төгрөгийг нэхсэн боловч тохиролцоод 1.800.000 төгрөгийг аваад санал гомдол байхгүй, хохирол төлсөн талаар бичгээ хийж өгсөн. Хашааны эзэн ... нь хашаандаа үнэлгээ хийлгэхэд 354.760 төгрөг надаас мөнгө авахгүйгээр санал гомдол байхгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2011 оны 12 сард жолооч болсон. Жолоодох эрхээ 7 хоног сургалтанд суугаад сэргээсэн. Багш нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр албан бичиг явуулж сэргээсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон..” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний эгч архи дарсыг баяр ёслолын үеэр л хэрэглэдэг. Хүнд тусархуу, нөхөр нь салаад явсан бөгөөд одоогоор 2 хүүхдийн хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 87 тал/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 91 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 92 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 93 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 107, 108 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэсэн болно. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ... гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 32 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Мөн дээрх гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д тус тус заасан заажээ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ... нь 2021 оны 1 дүгээр сарын 16-ны шөнө 02 цаг 40 минутын үед орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Жаст Ойл” шатахуун түгээх станцын зүүн замд “Тоёота камри” маркийн 99-10 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, уг эрхээ сэргээлгээгүй байх үедээ жолоодон явсан байх ба "Жаст Ойл” шатахуун түгээх станцын зүүн замын дагуу байрлалтай гэрлийн шон, төмөр хашааг мөргөж зорчигч ... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Энэ нь Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ... мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “Төгс гэрэлтүүлэг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Наранцэцэгийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “Нэт капитал авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 806 дугаартай дүгнэлт, Хас үнэлгээ ХХК-ийн дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан, шүүгдэгч ... эрх хасагдсан талаарх баримт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгч ... нарын мөрдөн шалгах өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д “зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал”-ыг зам тээврийн осол гэж тодорхойлсон ба дүрмийн 2.1а-д “жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх үүрэгтэй” гэж, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Гэтэл шүүгдэгч ... нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа 99-10 УНХ улсын дугаартай Тоёота камри маркийн суудлын автомашиныг 2021 оны 1 дүгээр сарын 16-ны шөнө 02 цаг 40 минутын үед орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байх тул түүнийг дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзнэ.  

 

Мөн шүүгдэгч ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Б.Жавхланчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 806 дугаартай дүгнэлтээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинж хангагдсан байна.    

 

Иймд шүүгдэгч ... “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, болохгүй гэдгийг мэдэж байж автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршгийг болгоомжгүйгээр учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.  

Хохирогч ... нь хэргийн 17 дахь талд “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж, иргэний нэхэмжлэгч “Төгс гэрэлтүүлэг” ХХК нь хэргийн 120 дахь талд  “... ... овогтой ... нь ...улсад учруулсан хохирлоо барагдуулсан тул цаашид тус компанитай холбогдох зүйлгүй болно...” гэж, иргэний нэхэмжлэгч “Нэт капитал авто” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нь хэргийн 30 дахь талд “...Учирсан хохирлыг манай байгууллага нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/, иргэний нэхэмжлэгч ... нь хэргийн 129 дэх талд “...хашааг засварлаж хохиролгүй болгосон...” гэж тус тус мэдүүлжээ.

            Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ... гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ... нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг ... танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ

Иймд шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлаж байна. 

            Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Золжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч “Төгс гэрэлтүүлэг” ХХК-д 1.800.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Ж-г, иргэний нэхэмжлэгч ..., иргэний нэхэмжлэгч “Нэт капитал авто” ХХК нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ... шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ... сануулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА