| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/140 |
| Огноо | 2021-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/140
2021 01 25 2021/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Б.Тулга,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж“ танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан холбогдуулан Э.Б-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 04332 0010 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 08 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Хивс сервис” ХХК-д жолооч ажилтай. Ам бүл 6, эхнэр, ээж, дүү нарын хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 34 дүгээр гудамжны ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э.Б /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 3 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Гантулгын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны орой Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо 32-847 тоотод гэртээ байж байтал манай хамаатны дүү 16 настай эмэгтэй Золзаяа залгаад “ахаа хүрээд ир хурдлаарай хурдлаарай гэсэн” тэгэхээр би өөрийн найз Наранбаатарын хамт гэрээс гараад нарийн гудамжинд ирэхэд хамаатны дүү 16 настай эрэгтэй Буянтогтохыг хэдэн хүмүүс тойроод зогсчихсон хашаанд шахчихсан дээрэлхээд байж байсан. Тэгэхээр нь очоод хартал манай тэнд байдаг Баагий гэдэг залуу байсан. Би таньдаг хүн байхаар юу байна, юу болсон юм бэ хөгшөөн гэхэд Баагий гэдэг залуу “чи намайг хөгшөөн гэдэг хэн бэ” гээд миний зүүн талын хацарлуу баруун гараараа цохиод би баруун гар тал руу унасан. Би босож ирээд Баагийд хандаад эвээр асуудлаа шийдье гэсэн чинь миний баруун хойд талаас Баагий гараараа хамарлуу цохиод миний хамраас цус гараад доошоо унахад Баагий миний хамарлуу дахин нэг удаа өшиглөсөн ... Намайг Баагий гэдэг залуу цохисон өөр хүн цохиогүй” гэх мэдүүлэг /хх-н 5-8 дугаар хуудас/,
Гэрч Э.Наранбаатарын “...Тэгээд харахад манай хажууханд байдаг Баагий гэх залуу дунд нь байхаар нь манай найз Гантулга Баагийд хандаад “за юу байна" гэсэн чинь Баагий Гантулгыг “чи намайг юу байна гэдэг болсон юм уу” гээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон ... Гантулгын нүүр цус болсон байсан ... миний биед бэртэл гэмтэл учраагүй, миний биед гэмтэл учраагүй болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээгүй ... Гантулгыг Баагий гэдэг залуу цохисон өөр хэн цохисныг мэдэхгүй ... миний зүгээс ямар нэгэн нэхэмжилж байгаа зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №12753 дугаартай “...Ц.Гантулгын биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух, баруун хацар болон доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын баруун хэсэгт цус хуралт, дотор салстад шарх, духны гол хэсэг, зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-н 17-18 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Гантулгаас гаргасан “хохирол төлбөрийн талаар нэхэмжилсэн зүйлгүй” талаарх, яллагдагч Э.Баас гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” талаарх хүсэлт, тайлбар /хх-н 25, 34 дүгээр хуудас/,
Яллагдагч Э.Б-н “...Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Гантулгад эмчилгээний зардал 700.000 төгрөг өгсөн, хохирол бүрэн барагдуулсан, хэргээ хялбаршуулан шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-н 35-37 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Э.Б-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Гантулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Э.Б-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ц.Гантулга нь шүүгдэгчээс хохирол төлбөрт 664.900 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирол төлбөр төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.Б-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Б нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Б-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б-д мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ