Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Г.Онон,

Шүүгдэгч ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны 7 дугаар сарын 08-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, *** ХХК-д угсралтын инженер ажилтай, ам бүл 2, эхийн хамт ... аймгийн ... сум 1 дүгээр баг *** гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүрэг, *** тоотыг түрээслэн амьдардаг /РД:.../

Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ... овогт ... ....

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ... нь 2018 оны 2 дугаар сарын 03-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны гадна маргааш мөнгийг нь өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч ... “Ай фоне Икс” макс маркийн гар утсыг залилан авч 2.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ... залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Яллагдагч ... нь 2018 оны 2 дугаар сарын 03-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хотхоны гадна маргааш мөнгийг нь өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч ... “Ай фоне Икс” макс маркийн гар утсыг авч 2.760.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...Баянгол дүүргийн *** дүгээр хороонд бусдад гар утсаа алдсан..” гэх тэмдэглэл /хх-ийн 20 тал/,

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан ... гомдол /хх-ийн 21 тал/,

Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед гэртээ байж байхад фэйсбүүкт Монголын мото спортын тамирчид гэсэн групп чат нь дээр ай фоне экс зарна гэсэн зар тавьсан. Тэгтэл тус чатад байдаг ... залуу над руу хувийн чатаар “би гар утсыг чинь авъя, маргааш уулзъя” гэхээр нь “10 дугаар хороололд уулзъя” гэж хэлсэн. Бид хоёр 19 цагийн үед 10 дугаар хорооллын Голден парк хотхоны хашааны гадна уулзсан. Над дээр ирэхдээ саарал өнгийн приүс 30 маркийн машинтай ганцаараа ирсэн. ...Орос руу найздаа өгч явуулах гэж байгаа юм, өглөө мөнгө нь ороод ирэх байх, одоо унаанд өгч явуулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд зарах гэж байсан утсаа өгсөн. Маргааш нь ... ... гэсэн дугаар руу залгахад мөнгө орж ирээгүй байна гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа залгахад нөгөө утас чинь Орост очоогүй байна, Сэлэнгэ аймгийн хил дээр байна, мөнгөө авчихсан, хот ороод залгая гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа залгахад хотод валют сольдог таньдаг ах дээр өгчихсөн байна маргааш өгнө гэж хэлсэн. Маргааш нь залгасан чинь нөгөө валют сольж өгнө гэсэн ах алга болчихлоо гээд байсан. ...Ингэж явсаар 2019 оны 1 дүгээр сард залгахад манай аав нас барчихсан ажил явдал гараад гэж хэлээд утсаа унтраагаад алга болсон. ...Би “Дамно” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ... ... миний хохирлыг барагдуулаагүй надаас авсан гар утас болон утасны мөнгийг надад өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 27-28, 72 тал/,

“Дамно” ХХК-ний 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №БГ2-19-124 дугаартай Хөрөнгийн үнэлгээний “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээгээр 2.760.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 32-33 тал/

Хохирогч ... шүүгдэгч ... фэйсбүүкээр чаталсан талаарх гэрэл зураг /хх-ийн 39-46 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 109, 108 тал/

Шүүгдэгч ... мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... ... фэйсбүүктээ ай фоне 11 маркийн гар утас зарна гэж зар тавьсан байсан. Тэгэхээр нь би ... 11 маркийн гар утас хэд хүрэх вэ гэж асуухад 4 сая төгрөг хүрнэ гэхээр нь Би ... гар утсаа зарах уу хэдээр зарах вэ гэтэл 3 сая төгрөгөөр зарна гэхээр нь маргааш мөнгийг нь өгч болох уу, манай найз гар утас зардаг юм гэж хэлээд ... гар утсыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Голден парк хотхоны гадна машин дотор уулзаж утсыг нь авсан. Би ... гар утас залилсан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 05, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр хохирогчтой тохиролцсон. ...Би тухайн гар утсыг ... гэх хүнд 2.500.000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь тэр даруй аваад банкны зээлээ төлсөн...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор ... эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50, 98 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73, 94 тал/, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /хх-ийн 92 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 93 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 99-101 тал/, Puzzle Haus ХХК-ийн “... ... овогтой ... нь инженер техникийн албанд угсралтын мэргэжилтэн албан тушаалд ажилладаг...” гэх тодорхойлолт /хх-ийн 102 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ... гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 29-30 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

Шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар шүүгдэгч ..., хохирогч ... нар нь бие биенийгээ зүс таних хүмүүс байх ба хэрэг учрал болсон өдөр  хохирогчоос гар утсыг нь худалдаж авъя, мөнгийг нь маргааш өгье гэж хэлж аваад бусдад зарж борлуулсан боловч гар утасны төлбөрийг хохирогчид өгөөгүй, өөрийн банкны зээлийг төлсөн болох нь тогтоогджээ.

Тодруулбал, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ний 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №БГ2-19-124 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч ... шүүгдэгч ... фэйсбүүкээр чаталсан талаарх гэрэл зураг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ... дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ... “Залилах гэмт хэргийг буюу хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ... 2.760.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хэргийн 32-33 талд авагдсан “Дамно” ХХК-ний 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн №БГ2-19-124 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч ... хохирол 2.760.000 төгрөгийг гаргуулж хохирогч ... олгох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ... нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ... танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ... нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч ... овогт ... ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-г 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ... сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ... 2.760.000 /хоёр сая долоон зуун жаран мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч ... олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА