| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 500/2018/0044/Э |
| Дугаар | 362 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 362
Б.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Амарзаяагийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.М-д холбогдох 1708018970427 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн Б-н М, 19.. оны .. дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ........... .-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............ дүүргийн 6 дугаар хороо, ........... байрны .. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: .............../;
Б.М нь 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 58 дугаар байрны дэлгүүрийн хажууд иргэн П.Э-н нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.М-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М нь П.Э-н нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь хохирогч П.Э, гэрч Г.Нямдорж, Г.Хишигжаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12652 дугаартай дүгнэлт, хохирогч П.Э-н гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Б.М-ны сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож, шүүгдэгч нь гэм буруутай гэж үзэх үндэслэл байх боловч түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг оногдуулах 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрөхгүй, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөс торгох ял эхэлж байгааг өмгөөлөгч авч байж мэдлээ, прокурор анх 2.800.000 төгрөгөөр торгох ялын санал тавихад нь би доош буулгах боломжтой эсэх талаар ярилцаж байгаад 1.500.000 төгрөг болгох саналыг хүлээн зөвшөөрсөн нь үнэн боловч одоо би санал болгож буй торгуулийн ялын хэмжээг зөвшөөрөхгүй, ялыг шүүх хөнгөрүүлж өгнө үү гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нь шүүгдэгч Б.М Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, 4.4 дэх заалтад заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийг зөв ойлгосон эсэх нь эргэлзээтэй, шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй” гэж үзэх үндэслэл болж байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор М.Амарзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйл Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгох, 1 дэх хэсэгт “...шүүх хуралдааныг нээлттэй явуулсан бол шүүх хуралдаан даргалагч энэ хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасан асуудал тус бүрээр шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн тул бусдад төлөх төлбөргүйд тооцно” гэж шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны дараа улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлтээ танилцуулж, шүүгдэгч эцсийн үгийг хэлсний дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон. Энэ талаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны тэмдэглэл...” нотлох баримтаар тогтоогдоно гэж заасан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр завсарласны дараа шүүх хуралдаан үргэлжлэхэд шүүх хэргийг буцаах талаар шүүгчийн захирамж гарсныг танилцуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд “...энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх гэм буруугийн зарчмыг зөрчсөнөөс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх... асуудлыг хянан хэлэлцэнэ...”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх... хэлбэртэй байна...” гэдгийг тус тус зөрчиж, хэргийг буцаасан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 03 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Б.М-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон гарсан үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3, 4.4 дэх заалтад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэсэн үндэслэлээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, ял оногдуулах шүүх хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан нь буруу байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар прокурор нь шүүгдэгч Б.М-д ялын талаар саналаар танилцуулсан болох нь тогтоогдож байгаа тул шүүх энэхүү санал болгож буй ялын хүрээнд өөрийн эрх хэмжээний хүрээнд тохирох ял шийтгэж хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд прокурор М.Амарзаяагийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.