Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2020/0717/З |
Дугаар | 221/МА2022/0700 |
Огноо | 2022-11-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2022/0700
У б т з
Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М
Нэхэмжлэлийн шаардлага: Т т т ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас Т т т ХХК-д олгосон үйлдлээ хүчингүй болгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-д уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг даалгах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 561 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2020/0717/З
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч У б т зХувь нийлүүлсэн нийгэмлэгээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Т т т ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас Т т т ХХК-д олгосон үйлдлээ хүчингүй болгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-д уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг даалгах”-аар маргаж байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 561 дүгээр шийдвэрээр:
2.1. “Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, “Олон улсын гэрээний эрх зүйн тухай” 1969 оны Венийн конвенцийн 27 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У б т зХНН-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрт заасан тодорхой газруудын хувьд нэхэмжлэгч У б т зХНН-д газар эзэмших эрхзүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, маргаан бүхий газрыг Т т т ХХК-д олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхээс Бүгд Найрамдах Монгол Ард улс ба Зөвлөлтийн засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр"-ийг баримтлан хучин төгөлдөр олон улсын гэрээний заалт нь тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлэх боломж нь дээрх олон улсын гэрээгээр хязгаарлагдсан гэж үзээд нийслэлийн Засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамжийн “Таван толгой түлш" ХХК-д газар эзэмших эрх олгосон хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн Засаг даргаас захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй байна /шүүхийн шийдвэрийн 10-р тал/ гэж дүгнэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44 1 дэх хэсэгт Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2. 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ гаж заасан бөгөөд газрын тухай хуульд заасны дагуу тухайн асуудал нь Улсын их хурал болон Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудал болно. Тиймээс нийслэлийн Засаг даргын хувьд нэхэмжлэгч "У" ХНН-ээс гаргасан газар ашиглуулах эрхийг шийдвэрлэх үүрэг хүлээхгүй бөгөөд Газрын тухай хуулиар ч тус асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй тул эс үйлдэхүй байна гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй гэж байна. Нэг талаас шүүхээс нийслэлийн Засаг дарга нь тухайн газарт газар эзэмших эрх олгох үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа нөгөө талаар тус газарт газар ашиглах эрх олгоогүй эс үйлдэхүй байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 561 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2.1. Нэхэмжлэгчээс Т т т ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр”-ийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас Т т т ХХК-д олгосон үйлдлээ хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-д уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “... Т т т ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.1. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 дугаар захирамжаар Т т т ХХК-д түлш боловсруулах үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар 22,6 га газар эзэмших эрх олгосон байх боловч 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн маргаан бүхий “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай” А/381 дүгээр захирамжаар газрын хэмжээг нь 12,2 га болгон өөрчилжээ.
“... “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр”-ийн Тавдугаар зүйлийн б/Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ. в/Цахилгааны станц, гидростанц зэргийн техникийн барилга байшин ба тэдгээр туслах чанарын байруудыг босгох, мөн мод зэрэг барилгын материалуудыг бэлтгэх, түүнчлэн чулуун нүүрс нефт, төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээгээр ухаж гаргахад чухал хэрэглэгдэх хэсэг газруудыг дээр дурдсан зурвас газрын гадна талд гаргаж нийгэмлэгт хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ. Энэхүү зүйлд дурдсан газруудын ерөнхий талбай нь 10000 гектар болно ...” гэж, мөн наймдугаар зүйлийн б/ Энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн В-д дурдсан ёсоор нийгэмлэгт шилжүүлэн өгөх газрууд ба гол замын шугам хоёрын хооронд харилцах замуудыг тавих эрхийг нийгэмлэгт олгох ба эдгээр замуудыг тавих газруудыг, М/ хэрэв 5 дугаар зүйлийн “В”-д заагдсан зурвас газруудад байгалийн баялаг ба ой модыг ашиглах хэрэг тохиолдвол газар ба ой модыг хувь нийлүүлсэн нийгэмлэгт тусгай хэлэлцээрүүдээр гарган өгнө ...” гэж заасан байна.
3.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ" гэж, Олон улсын гэрээний эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцын 27 дугаар зүйлд "Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй" гэж, Олон Улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог” хэлэхээр, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Олон улсын гэрээг түүнд заасан журмын дагуу буюу гэрээ байгуулагч нөгөө талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалж болно", мөн хуулийн 27.1-т “Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно” гэж тус тус заасан байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр” нь дээр дурдсан Олон улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар олон улсын гэрээнд хамаарахаар байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэж буй энэхүү цаг хугацаа хүртэл уг гэрээг байгуулагч талууд хэлэлцэн тохирч цуцлаагүй, гэрээ хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ тухайд маргаагүй байх тул Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр олон улсын гэрээний заалтыг түрүүлж хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
3.4. Иймээс нэхэмжлэгч нь тухайн гэрээнд заасны дагуу тус нийгэмлэгт шилжүүлэн өгвөл зохих газрын талаар шаардах эрхтэй, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан эрх хэмжээний хүрээнд аливаа этгээдэд газар эзэмших эрх олгох бүрэн эрхтэй боловч энэ тохиолдолд түүний эрх нь хүчин төгөлдөр олон улсын гэрээний заалтын хүрээнд хэрэгжихээр байх тул анхан шатны шүүхийн “... нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас Т т т ХХК-д газар олгосон захирамж гаргахдаа хариуцагч нь Олон улсын гэрээний заалтыг харгалзан үзэх үүрэгтэй байхад “нэхэмжлэгчийн олон улсын гэрээний дагуу ашиглах эрх бүхий газрыг Монгол улсын Газрын тухай хуулийн /2004 оны/ 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 -д заасныг үндэслэн Т т т ХХК-д эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр олон улсын гэрээний заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр ...” гэж үзэж хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
4. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн “... Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр”-ийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4.1. Нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-ийн зүгээс Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд төмөр замын байгууламжийн зориулалтын болон түүний зурвас газрын эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулж авахаар төрийн захиргааны шат шатны холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж байсан болох тогтоогдсон талаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэстэй зөв дүгнэлт хийсэн байна. Тухайлбал,
4.2. “УБТЗ” ХНН-ийн дүрмийн 1-ийн а/ Наушки суурингийн район дахь Монгол-Зөвлөлтийн хил дээрх хилийн пунктээс Замын үүдийн район дахь Монгол-Хятадын хил хүртэлх 1524 мм өргөн царигтай 1103.3 км урт зам ба Хонхор налайхын хэсгийн 1524 мм өргөн царигтай 13,7 км урт зам; б/ Эрээнцавын районд байгаа Монгол-Зөвлөлтийн хил дээрх хилийн пунктээс Чойбалсан хот хүртэлх 1524 мм өргөн царигтай 237,9 км урт зам; в/ БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа Дархан хотоос Шарын гол хүртэл 1524 мм өргөн цагаригтай 62,7 3 м урт зам эдгээр болно” гэж тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр”-ийн холбогдох заалтыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/4187 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандаж “... үлдсэн газрыг баталгаажуулж өгөх”-ийг хүссэн,
4.3. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 дүгээр “... Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт хууль бусаар газар олгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүчингүй болгох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг газарт хууль бусаар газар олгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүчингүй болгох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, үр дүнгийн нь Засгийн газарт танилцуулах чиглэл баримталж ажиллана уу” гэх албан бичгээр хандсан,
4.4. Зам тээврийн хөгжлийн сайдын, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/4062 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдээлэл хүргүүлсэн, уг мэдээлэлд “...Төв, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Хэнтий зэрэг 9 аймгийн нутаг дэвсгэрт 24938,64 га газрын гэрчилгээ олгогдохоос 24151,04 га газар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож 96,8 хувийн биелэлттэй,...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 81 нэгж талбарын 2242,85 га газрыг гэрчилгээжүүлэхээс 2017 он хүртэл 29 нэгж талбарын 61,7 га газар ашиглах эрхийг баталгаажуулсан нь нийт хийгдэх ажил 2.75 хувийн биелэлттэй,...2018-2020 он хүртэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт олгогдоогүй үлдсэн 52 нэгж талбарын 2181,15 га газрыг гэрчилгээжүүлэх хүсэлт хүргүүлсэн...” дурдсан,
4.5. Монгол улсын Шадар сайдын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах "*******” ХНН-ийн ашиглаж буй төмөр замын зурвас газар, барилга байгууламжийн доорх газрыг асуудлыг шийдвэрлэх, гэрчилгээжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан,
4.6. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "******* нийгэмлэгт олгосон газрыг баталгаажуулах чиглэлээр хийгдсэн ажлын талаар Сайд Л.Х- танилцуулгад “...Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 онд 16 нэгж талбарын 30.2 га, 2018 онд 13 нэгж талбарын 31.5 га газар эзэмших, ашиглах эрхийг тус тус баталгаажуулж, эрхийн гэрчилгээг олгуулсан, тодорхойгүй шалтгаанаар 52 нэгж талбарын 2181 га талбайн газрын асуудал шийдвэрлэгдээгүй гэж дурдсан, үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/823 тоот захирамжаар галт тэрэгний өртөө, зөрлөгийн барилга байгууламж зориулалтаар 36398 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгож эрхийн улсын бүртгэлийн А-2204000111 дугаарт бүртгэсэн” зэрэг үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь төмөр замын байгууламж, түүний зурвас газрыг эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулахыг хүсч холбогдох төрийн захиргааны байгууллагуудад хүсэлт гаргаж байсан, ийнхүү хүсэлт гаргасны үр дүнд 29 нэгж талбарыг 61,7 га газрын эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн, үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.
4.7. Иймд анхан шатны шүүхийн “... дээр дурдсан үйл баримтуудаар “нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газруудаас 52 нэгж талбарын 2181 га газрыг тус байгууллагын эзэмшил, ашиглалтад өгөөгүй, шийдвэрлээгүй үлдээсэн байх тул уг хүсэлтэд хамаарал бүхий газрууд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр”-ийн дагуу нэхэмжлэгч эзэмшихээр заасан газрын хил хязгаарт багтсан. Уг хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч У б т зХНН-т газар эзэмших эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэлийн “Нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас Т т т ХХК-д олгосон үйлдлээ хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-д уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг даалгах” шаардлагын тухайд:
5.1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь 2010 оноос эхлэн шат шатны төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, төмөр замын зориулалтын дагуу гэрээнд заагдсан тодорхой газруудыг гэрчилгээжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагч нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн хүсэлт болгосон зарим газар буюу Т т т ХХК-д олгосон 12,2 га газрын эзэмшлийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасанд хамаарна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт шийдэл үндэстэй байна.
5.2. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тус шаардлагад хамаарах газар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших, төмөр замын “Амгалан” өртөөний зүтгүүрийн толгой эргэх зориулалтын дугуй хэлбэртэй, эргэлтийн зам гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй байх бөгөөд анхан шатны шүүх Т т т ХХК-д уг газрыг олгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/381 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон нь зөв байх боловч уг газрыг У б т зХНН-т зохих хугацаагаар эзэмшүүлэхийг шууд даалгах байдлаар нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... Эс үйлдэхүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч талд даалгах нь нийслэлийн Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд хориг тавьж байна. Шууд даалгаснаар Засаг даргын бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болгож байгаагаараа нь хууль бус ...” гэх тайлбар үндэстэй байна гэж үзлээ.
5.4. Нийслэлийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.1-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна.
Харин иргэн хуулийн этгээд нь газар эзэмшүүлэхэд Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлага, хүсэлтийг гаргах эрхтэй, уг хүсэлтийг үндэслэн хариуцагчид Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, ийнхүү тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт хуульд заасан хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөх, оролцогчийг сонсох зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах журамд нийцүүлэн нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-д төмөр замын “Амгалан” өртөөний зүтгүүрийн толгой эргэх зориулалтын дугуй хэлбэртэй, эргэлтийн зам бүхий газарт Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр”-т заасан хэмжээгээр газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг зохих журмын дагуу судалж шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
5.5. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн “даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг “нэхэмжлэгчид уг газрыг эзэмшүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэсэн агуулгаар өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 561 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... нэхэмжлэгчид уг газрыг эзэмшүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ