Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 580

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, “Ө б х” ХХК-ийн эзэмшлийн MV-009...A дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдөл гаргах боломжтой харилцаа байгааг тогтоолгох, энэ хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хүлээн авч зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ө б х” ХХК-ийн төлөөлөгч Д.Б анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “Ө б х ХХК-ийн эзэмшлийн MV-009... тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах гэрээг байгуулж, 2018 оны Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахыг Ашигт, малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргад даалгаж өгнө үү” гэж тодорхойлжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, түүний үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэг. Засгийн газрын 2011 оны 174 тоот тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагтай манай эзэмшлийн МҮ-009... тоот тусгай зөвшөөрлийн талбайн 76.72 га газар давхцсан тул 2012 онд энэ хэсгийг буцаан өгснөөс хойш “Ө б х” ХХК нь уг тусгай зөвшөөрлийн үлдсэн хэсэгт тасралтгүй үйл ажиллагаа явуулж, уулын ажлын төлөвлөгөө, тайланг цаг тухайд нь хүргүүлж батлуулж ирсэн. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсноор ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах дараах 2 боломж бий болсон. Үүнд:

1. Хэсэгчилэн буцааж өгсөн талбайн зарим хэсэг урт нэртэй хуулийн үйлчлэлээс гарсан тул үйл ажиллагаа шууд явуулах боломжтой болсон.

2. Хэсэгчилэн буцааж өгсөн талбайн зарим хэсэг урт нэртэй хуулийн үйлчлэлээс гараагүй боловч дээрх дагаж мөрдөх журмын тухай хуулиар Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа үргэлжлүүлэх өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргаж, шаардлага хангасан бол гэрээ байгуулан олборлолт явуулах боломжтой болсон.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлж Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор энэ хуулийн хилийн заагийг тогтоосон 2011 оны 174 дүгээр тогтоол, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болгосон.

Хоёр. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “...мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан.

Гэтэл манай компани МҮ-009... тоот тусгай зөвшөөрлийн талбайн 76.72 га газрыг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтооосон урт нэртэй хуулийн хилийн заагтай хэсэгчилэн давхцалтайгаас болж буцаан өгсөн байсан тул энэ дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй байсан нь тухайн үеийн Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр нотлогдоно.

Бид ашигт малтмалын ашиглалтын МҮ-009... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг уг хилийн заагаас гарсантай холбогдуулан өмнө нь хэсэгчлэн буцааж өгснийг бүртгэсэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах гомдлыг Ашигт малтмал газрын тосны газрын даргад 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12 тоот албан бичгийг гаргасан боловч боломжгүй гэсэн хариуг манайд тухайн үед өгсөн.

Манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МҮ-009... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг уг хилийн заагаас гарсантай

холбогдуулан өмнө нь хэсэгчлэн буцааж өгснийг бүртгэсэн Геологи, уул уурхайн

кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийг 2017 онд Нийслэл дэх захиргааны хэрэгийн шүүхэд гаргаж, тус шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0595 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Энэ шүүхийн хүчин төгөлдөр 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0595 дугаартай шүүхийн шийдвэр гарсныг Кадастрын хэлтэс биелүүлж тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах тухай” 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 562 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МҮ-009... дугаартай тусгай зөвшөөрлийн хавсралтад Б******* аймгийн Б******* сумын нутаг А******* нэртэй 458.01 гектар талбайг бүртгэсэн байна.

Гурав. Манай компанийн зүгээс ашигт малтмалын ашиглалтын МҮ-009... тоот тусгай зөвшөөрлийн талбайн 458.01 гектар талбайн усан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд гэрээ байгуулж үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлийг хариуцагч байгууллагын Уул уурхай үйлдвэрлэл технологийн хэлтэст 2017 оны 12 дугаар сард гаргасан боловч хүлээн аваагүй.

Үүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дугаартай гомдлыг тус газрын даргад гаргахад Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын хавсралтад заагдсан солбилцолтой давхцалтай талбайд гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах хүсэлттэй байгаа хэдий ч Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн” 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана гэж заасан гэж манай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн бөгөөд нэхэмжлэлийн хариу тайлбартаа эдгээр үндэслэлийг дурьдсан үндэслэлгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0595 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсноор манай компани Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичигт зааснаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт гаргах эрх хожуу үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсье. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасныг энэ нөхцөлд ашиглах боломжтой гэж үзэж байгаа билээ.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэсэн мөн Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 2.8-д “Хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна” гэснийг баримтлах боломжтой гэж үзэж байна.

Дөрөв. Хариуцагч байгуулагын Уул уурхай үйлдвэрлэл технологийн хэлтсээс хамгийн сүүлд ирүүлсэн нотлох баримтаас “Ө б х” ХХК-ийн эзэмшлийн МV-009...А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжүүлэн явуулах өргөдлийг хүлээн авч Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу гэрээ байгуулах нөхцөл тогтоогдож байна.

Хариуцагч байгуулага нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл болон Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмын 1 дүгээр хавсралтад заасан журмын 2 дугаар зүйлийн 2.7-д зааснаар “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө хориглосон талбайд үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг эрх бүхий байгууллагаар тогтоогдсон байх ёстой гэж тайлбарлахдаа 2009 оноос өмнө тухайн тусгай зөвшөөрлийн талбайн ус сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан уулын ажпын төлөвлөгөө, тайланг ирүүлж байснаар тогтоогдох ёстой гэж тайлбарлаж байгаа.

Гэтэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдсан боловч энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, мөн 2012 оны 06-р сарын 05-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор батлагдснаар энэ хууль хэрэгжиж эхэлсэн.

Мөн хариуцагч байгууллага нь энэ хууль 2009 оноос батлагдснаас хойш болон дээрх хоёр Засгийн газрын тогтоол батлагдснаас хойш ч урт нэртэй хуулийн давхцалтай хэсэг болон давхцалгүй хэсэгт уулын ажлын төлөвлөгөө, тайлан авч байгаа нь шүүхэд сүүлд гаргасан тоо, баримт тайлбараар нотлогдож байна.

 

Түүнчлэн Ашигт малтмалын ашиглалтын МҮ-009... тоот тусгай зөвшөөрлийн өмнөх эзэмшигч “М и” ХХК нь 2011 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг ирүүлж уг тусгай зөвшөөрлийн талбайд усан сан бүхий энгийн хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг оруулан хууль бус олборлолтод өртсөн газарт нөхөн сэргээлт хийсэн байна гэсэн тайлбар, тухайн жилийн уулын ажлын тайлан, төлөвлөгөөг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлсэн нь хууль хэрэгжиж эхлэхээс өмнө усан сан бүхий энгийн хамгаалалттай бүсэд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсныг нотлож байна.

Эдгээр 2011 онд хийсэн тайлан, төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2, 48.9-д заасны дагуу гаргасан болохыг хариуцагч байгууллага зөвшөөрч байна гэж үзэж байна.

Иймд “Ө б х ХХК-ийн эзэмшлийн MV-009...А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдөл гаргах боломжтой харилцаа байгааг тогтоолгох, энэ хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хүлээн авч зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв. 

 Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: 

“Ө б х” ХХК-ийн эзэмшлийн МV-009... тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдөл гаргах харилцаа байгааг тогтоолгох, энэ хэсэгт үйл ажиллагаа явуулах өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүлээн авч зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах гэсэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хийж байна.

Нэг. Б******* аймгийн Б*******, ******* аймгийн З******* сумдын нутаг А******* 1.2 нэртэй 812 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МҮ-88.. дугаартай тусгай зөвшөөрлийг 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Х” ХХК-нд олгож А*******Г-ын ГУУКГ /хуучин нэрээр/-ын даргын 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 490 дүгээр шийдвэрээр “М и" ХХК-нд уг талбайгаас 458 гектар талбайг хэсэгчлэн шилжүүлж ашигт малтмалын ашиглалтын МҮ-009... дугаартай тусгай зөвшөөрөл олгож анх олгосон огноог 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөр тооцсон байна.

Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хилийн заагтай ашигт малтмалын ашиглалтын МҮ-009... дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн давхацсаны улмаас “М и” ХХК нь уг тусгай зөвшөөрлийн Б******* аймгийн Б*******, ******* аймгийн З******* сумдын нутаг А******* 1.2 нэртэй 458 гектар талбайгаас 76.72 гектар талбайг нь буцаан хүлээлгэн өгснийг АМГ-ын ГУУКХ /хуучин нэрээр/-ын даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэрээр бүртгэж хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

АМГ-ын ГУУКХ /хуучин нэрээр/-ын даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаар шийдвэрээр “Ө б х” ХХК-нд бүхэлд нь шилжүүлсэн бөгөөд Засгийн газрын 2012 оны 191 дүгээр тогтоолоор тогтоосон дээрх хилийн зааг болох усан сантай давхцалтай 6.21 га талбайг хасаж солбицолд өөрчлөлт оруулсан АМГ-ын КХ /хуучин нэрээр/-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 233 тоот шийдвэр гарсан.

Үүний дараа урт нэртэй хуулийн хилийн заагийг тогтоосон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол хүчингүй болгож, 2012 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулсан мөн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол гарснаар эдгээр буцаан өгсөн 2 талбай нь энэ хуулийн хилийн заагаас хэсэгчлэн гарсантай холбогдуулан нэхэмжлэгч компани нь талбайгаа буцаан авах нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2017/0595 дугаар шийдвэрээр АМГ-ын ГУУКХ /хуучин нэрээр/-ын даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 7 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

"Ө б х” ХХК-ийн хувьд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын хавсралтад заагдсан солбицолтой хэсэгчлэн давхцалтай талбайд гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа хэдий ч “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасан тул өргөдлийг хүлээж авах хугацаа өнгөрсөн.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “журам, гэрээний загвар батлах тухай" 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.8-д “хориглосон талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй бол Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулж, солбицолд өөрчлөлт оруулна” /ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/ гэж заасан байна.

Гэтэл “Ө б х” ХХК-ийн хувьд дээрх усан сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай байгаа 76.72 гектар талбайдаа өмнө энэ хуульд заасан хугацаанд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтээ тус газрын Уул уурхай үйлдвэрлэл технологийн хэлтэст гаргаагүй тул Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэгч нь Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “журам, гэрээний загвар батлах тухай" 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах нөхцөл тоггоогдож байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Энэ журмын дагуу 2 дугаар зүйлийн 2.1-д заасан дагуу гаргасан Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлийг хүлээж авах нөхцөл тоггоогдохгүй байгаа тохиолдол мөн журмын дагуу 2.8-д заасан нөхцөл бүрдэх боломжгүй юм.

Мөн журмын 2 дугаар зүйлийн 2.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хориглосон талбайтай давхцаагүй хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хүсвэл геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага давхцалтай хэсгийг хасаж солбицолд өөрчлөлт оруулна”, 2.6-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хориглосон талбайд үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран өөрсдийн мэдээллийн санд тулгуурлан тогтооно.” /ЗГ-ын 2015-6-8-ны өдрийн 235-р тогтоолоор өөрчлөн найруулсан/ гэж заасан тул өргөдлийг хүлээн авч эдгээр ажиллагаа хийсний дараа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайд өмнө нь үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоох тул шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Ө б х” ХХК энэхүү хугацаанд зохих өргөдлөө гаргаагүй тул Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчээс гаргасан өргөдлийг хянан үзэх хууль эрх зүйн боломжгүй” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө б х” ХХК нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Ө б х ХХК-ийн эзэмшлийн MV-009... тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах гэрээг байгуулж, 2018 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахыг Ашигт, малтмал, газрын тосны газрын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийн даргад даалгах” гэж тодорхойлсон. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрт тусгайлан олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа “Ө б х” ХХК-ийн эзэмшлийн MV-009...A дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдөл гаргах боломжтой харилцаа байгааг тогтоолгох, энэ хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хүлээн авч зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” гэж өөрчилсөний дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар шийдвэрээ гаргалаа.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “гурван сарын дотор өргөдөл гаргана” гэж заасны дагуу “Ө б х” ХХК гурван сарын хугацаанд өргөдөл гаргаагүй тул өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх эрх Ашигт малтмал, газрын тосны газарт байхгүй гэж мэтгэлцсэн болно.

Шүүх дараах дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэг. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсаны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолын хавсралтаар “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг”-ийг баталсан байна. 

“М и” ХХК-ийн ашигт малтмалын МҮ-009... дугаар тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбайн зарим хэсэг Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцсан тул “М и” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ талбайн давхцалтай зарим хэсгийг буцаан хүлээлгэн өгөх хүсэлтийг гаргажээ. Улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар  шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 76,72 гектар талбайг буцаан өгснийг бүртгэжээ.

Харин Ашиг малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 160 дугаар  шийдвэрээр Б******* аймгийн Б******* сумын нутаг А******* нэртэй 381.29 гектар талбай бүхий ашигт малтмалын МҮ-009623 дугаартай тусгай зөвшөөрлийг “М и” ХХК-иас “Ө б х” ХХК-д шилжүүлэн бүртгэжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Усны сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг шинэчлэн тогтоосон байна. Ингэснээр “М и” ХХК-ийн 2011 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбайгаас зарим хэсгийг буцааж өгөх үндэслэл болсон хилийн заагийг тогтоосон Засгийн газрын шийдвэр хүчингүй болсон байна.

 Хоёр.“Ө б х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0595 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу  Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 562 дугаар  шийдвэрээр “Ө б х” ХХК-ийн ашигт малтмалын XV-009... дугаар тусгай зөвшөөрлийн талбайг 485.01 гектар талбай болгон нэмж бүртгэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0595 дугаар шийдвэрээр энэхүү захиргааны хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, маргаанд хамааралтай дараах үйл баримтуудыг тогтоосон байна. Үүнд: 

• ”Ө б х” ХХК болон “М и” ХХК-ийн буцаан өгсөн 82.93 гектар талбай нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давцалгүй болсон.

• Бодит байдал дээр нэхэмжлэгч “Ө б х “ ХХК-иас өөрөөс нь шалтгаалж биш Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай шалтгаанаар тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа давхцалтай хэсгийг буцаан өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

• Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнхаа зарим хэсгийг буцааж өгөх хүсэл зориг нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоос буюу усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтайгаас шалтгаалж үүссэн байна гэж тус тус.

Гурав. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд  “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана” /энэ зүйлд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулснаар/ гэж заасны дагуу 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон энэхүү хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан хэсэгт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон аж ахуйн нэгжүүд үргэлжлүүлэн үйл  ажиллагаа явуулах боломжтой болж зохих өргөдөл гаргахаар заасан байна.

Хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хуулиар тогтоосон гурван сарын хугацаанд нэхэмжлэгч “Ө б х” ХХК нь Засгийн газраас 2011 онд тогтоосон хамгаалалтын бүсэд орсон талбайн давхцлын улмаас буцаан өгсөн талбайг төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр 2012 онд хасаж бүртгэсэн, энэхүү захиргааны акт гарснаар хуулийн “үргэлжлүүлэн явуулах” гэх томъёололд нийцээгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдөл гаргах боломжгүйд хүргэсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбайдаа холбогдох аж ахуйн нэгжүүд  үргэлжлүүлэн явуулах өргөдөл гаргахаар зохицуулалттай бөгөөд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр эзэмшээгүй талбайд өргөдөл гаргах боломжгүй болно.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0595 дугаар шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 562 дугаар  шийдвэрээр “Ө б х” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын XV-009... дугаар тусгай зөвшөөрлийн талбайг 485.01 гектар болгон нэмж бүртгэсэн өдрөөс хуульд заасан өргөдөл гаргах эрх нээгдсэн гэж үзнэ.

Дөрөв. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино” гэж заасны дагуу хариуцагч нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа үргэлжүүлэн явуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэх боломжтой байсан боловч зайлшгүй шүүхэд маргаан үүсгэж шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэрт үндэслэн өөрийн үйл ажиллагааг явуулах сонирхол агуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэх зарчимд хариуцагч байгууллагын үйл ажиллагаа нийцэхгүй байгааг тэмдэглэж байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, Ашигт малтмал, газрын тосны газрын “Ө б х” ХХК-ийн эзэмшилд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй нь зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн тогтоогдсон гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.5, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, 33 дугаар зүйлийн 33.16, 34 дүгээр зүйлийн 34.4,  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3,  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан “Ө б х” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Ө б х” ХХК-ийн эзэмшлийн MV-009...A дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах өргөдөл гаргах боломжтой харилцаа байгааг тогтоож, энэ хэсэгт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах өргөдлийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 70200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч “Ө б х” ХХК-д олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ