Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2017/00023

 

Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

А.Баасанжавд холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, хариуцагч А.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 138/ШШ2017/00440 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч А.Баасанжавын давж заалдах гомдлоор Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, А.Баасанжавт холбогдох 19000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхрийн хамт 2010 оноос хойш 3 жилийн хугацаанд Баасанжавтай тохиролцон байрыг түрээслэж байсан. Ингээд дээрх байрыг худалдах эсэхийг асуухад худалдана гэсний дагуу бид хоёр авахаар тохирсон. Бид нар гурван удаа гэрээ байгуулсан. Анх 8000000 төгрөгөөр, дараа нь 2011 оны 12 сарын 20-нд гэрээ байгуулж 14000000 төгрөг болсон. Энэ хугацаанд мөнгөө төлж чадаагүй учир 2012 оны 07 сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ хийсэн. Хамгийн сүүлд 2013 оны 10 сарын 13-ны өдөр 19000000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж хугацаандаа мөнгөө төлөхгүй бол хугацаа хэтэрсэн алданги тооцно гэсэн. Тухайн үед Баасанжавын байрны үнэ байнга нэмэгдэж байсан. Бидний хувьд үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байсан учир авахаар тохиролцсон байсан. Ингээд би өөрийн ах, дүү нараасаа мөнгө зээлж мөнгийг бүрдүүлэн 10 сарын 18-ны өдөр 19000000 төгрөгийг Баасанжавын дансанд хийсэн. Тухайн үед гэрчилгээ гараагүй байсныг мэдэж байсан. Гэхдээ худалдаж авснаас хойш 3-4 жил боллоо. Баасанжаваас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ нэхэхээр энд ярьж байгаа зүйлээ л ярьдаг. Гэрчилгээгүй болохоор ямар үйл ажиллагаа явуулах юм бэ. Барьцаанд тавьж болохгүй эдийн засгийн эргэлтэд ч оруулах боломжгүй байна. Баасанжавын надад өгсөн зүйлийг бариад үл хөдлөх хөрөнгийн газар очиж гэрчилгээгээ гаргуулах гэхэд гэрчилгээ гаргахад хамааралгүй гэсэн. Баасанжавт энэ талаар хэлэхээр гэрчилгээ гаргаж өгнө гэдэг. Олон жил боллоо. Өөр хүний нэр дээр байгаа газар дээр обьект барьсан байсныг мэдээгүй. Анхнаасаа л бидний хооронд хийсэн хэлцэл Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл учир 19000000 төгрөгөө нэхэмжилсэн. Баасанжавын яриад байгаа байр обьект нь гэрчилгээ баримттай байж наториатаар батлуулж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох байсан энэ асуудлыг хийгээгүй учир хүчин төгөлдөр бус юм. Баасанжав нь гэрээ хийгээд өөрийнхөө компаний тамгыг дараад байсан нь уг байр гэрчилгээгүй байсных юм. Би анх авахдаа гэрчилгээг удаахгүй гаргаж өгнө гэж байсан учир гэрээ хийсэн. Гэтэл ийм олон жил гэрчилгээгээ гаргаж өгөөгүй учир өгсөн 19000000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч А.Баасанжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэцэцэг нь нөхөр Сувданборын хамт манай СМУ-гийн 27-р байрны зүүн талд орших 2 давхар 25м2 талбайтай байрыг 3 жил түрээсэлж, түрээсийн төлбөр төлж байгаад өөрсдийн хүсэлтээр худалдан авъя гэсэн тул тэдэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж өгсөн. Тухайн үед өөр хүний нэр дээр газрын гэрчилгээ байгааг, нэрээ шинээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжтойг, холбогдох бүх бичиг баримтыг хуулбарлан авсаны үндсэн дээр шийдсэн байх. Миний хувьд нуусан зүйл байхгүй. Би 2000 онд уг газар дээр байшин барьсан. Газрын гэрчилгээ эзэмшигч Өлзийсайхан нь хаана байгаа нь олдохгүй байснаас өөрийн нэр дээрээ шилжүүлж чадахгүйгээс болж асуудал үүссэн юм. Би 2014-2017 оны өнөөдрийг хүртэл хугацаанд ГХБХБГ, аймгийн Засаг дарга, хөгжлийн бодлого знэх мэт газарт хандан нийт 10 удаа, 6 удаа захиргааны хэргийн шүүхээр Засаг дарга Бадамсүрэн, ГХБХБГ-ын дарга Дамдинбазар нарыг өгч шийдүүлсэн. Газрын гэрчилгээ миний нэр дээр гарах шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгэлд байгаа. Энэ асуудал хуулийн дагуу явагдаж байгаа. Энэ асуудлыг Эрдэнэцэцэг, нөхөр Сувданбор нар мэдэж байгаа. Бидний хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.4-т зааснаар хүлээсэн үүргээ бүрэн биелэгдэж дуустал үргэлжилнэ гэсний дагуу гэрчилгээ гартал хүчинтэй байгаа. Газрын гэрчилгээ гарах асуудал миний зүгээс шалтгаалаагүй. Газрын алба болон Засаг даргын үйл ажиллагаанаас болсон учир иргэний хуулийн 249.2-т заасны дагуу миний хувьд үүргээ зөрчсөн асуудал байхгүй, Эрдэнэцэцэг нь гэрээнээсээ татгалзаж болохгүй. Бид харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийсэн. Иргэний хуулийн 56.1.1-д огт хамаагүй, хуурч мэхлээгүй, хууль зөрчөөгүй. Хугацаа алдсан нь миний үйл ажиллагаанаас болоогүй учир Иргэний хуулийн 222.2 дахь заалтыг барьж байна. Иймээс гэрчилгээ нь гарах учир 19000000 төгрөг төлөхгүй гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 138/ШШ2017/00440 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Агвааны Баасанжаваас 19000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Буяндэлгэрийн Эрдэнэцэцэгт олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баасанжаваас 252950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт олгож ... шийдвэрлэжээ.

          Хариуцагч А.Баасанжав давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр илт нэг талыг барьж, шударга бус, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг гаргаж байна. 2013 оны 10 сарын 13-ны өдөр би иргэн Н.Сувданбортой “ажлын зориулалттай байр болон амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байдаг. Уг гэрээнд худалдагчаар А.Баасанжав, худалдан авагчаар Н.Сувданбор нар гарын үсэг зурсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэнэт худалдан авагч нь Б.Эрдэнэцэцэг болсон байна. ...Нэхэмжлэгчээр Н.Сувданбор байтал нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд Б.Эрдэнэцэцэг тогтоогдсон байхад нэхэмжлэгчийг солихгүй шүүх хуралдааныг явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. ...Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.2-т зааснаар хэрэв нэг талын хүлээсэн үүргийн гүйцэтгэл нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар урьдчилан хангагдсан бол нөгөө тал үүргээсээ татгалзаж болохгүй заалтуудыг баримтлахгүйгээр шүүгч нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь хариуцагч А.Баасанжавд холбогдуулан 19000000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, хариуцагч А.Баасанжав нар нь 2013 оны 10 сарын 13-ны өдөр “ажлын зориулалттай байр болон амины орон сууц худалдах, худалдан авах гэрээ“ байгуулжээ. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь /түүний нөхөр Сувданбор нар нь/  2013 оны 10 сарын 18-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 27 дугаар байрны зүүн талд байрлах 2 давхар барилгын 2 дугаар давхарт 25 м.кв талбай бүхий байрыг 19000000 төгрөгөөр хариуцагч А.Баасанжаваас худалдан авч мөн өдрөө үнийг А.Баасанжавын ХААН банкны харилцах дансанд шилжүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байна. /хх-ийн 4-6 дахь тал/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж зохицуулжээ.

Гэтэл хариуцагч А.Баасанжав нь нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт үл хөдлөх эд хөрөнгө худалдсан тухай гэрээгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар одоо болтол бүртгүүлээгүй байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх  Б.Эрдэнэцэцэгт шилжээгүй байна. Иймд нэхэмжлэгч өмчлөх эрхээ шилжүүлэхийг хариуцагчаас шаардах, эсхүл гэрээнээс  татгалзах эрхтэй юм.

Хариуцагч А.Баасанжав нь талуудын хооронд 2013 оны 10 сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-д “Гэрээ, талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болж, хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэж дуустал үргэлжилнэ” /5.4 байхыг 4.4 гэсэн байна/ гэж заасныг гэрээний үүрэг биелэгдээгүй нь надаас шалтгаалаагүй, Аймгийн Засаг дарга, ГХБХБГ-ын удирдлага, ажилтнуудтай холбоотойгоор одоо болтол өмчлөх эрхээ улсын бүртгүүлээгүй гэж тайлбарладаг.

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, чөлөөт байдлаар гэрээ байгуулах боловч ингэж гэрээ байгуулахдаа хуулийн хүрээнд гэрээ хийгдэх ёстой.

Талууд гэрээ байгуулахдаа үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заагаагүй нь өөрсдийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл боловч энэхүү гэрээнд  Иргэний  хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 208.3 дахь хэсгийн зохицуулалт хамаарах юм. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар ... үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч А.Баасанжав нь нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй.

Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.3 дахь хэсэгт зааснаар ... үүрэг гүйцэтгүүлэгч буюу  нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч А.Баасанжав үүргээ гүйцэтгэх үүрэгтэй боловч хариуцагч А.Баасанжав нь гэрээ байгуулагдсанаас хойш 4 жил өнгөрч байхад нэхэмжлэгчид худалдсан үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь гэрээнээс татгалзаж хариуцагчаас худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хууль хэрэглээний алдаа гаргасан тул зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч А.Баасанжав нь нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, би Эрдэнэцэцэгийн нөхөр Сувданбортой гэрээ хийсэн гэж тайлбар гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримт болох гэрээг А.Баасанжав, Б.Эрдэнэцэцэг нар хийсэн, уг гэрээнд зурсан Баасанжав гэсэн гарын үсгийг  хариуцагч үгүйсгээгүй өөрийн гарын үсэг мөн гэсэн, түүнчлэн нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нөхөр Сувданбор нарыг гэр бүлийн хүмүүс мөн гэдгийг хариуцагч нотолдог, мөн хариуцагчид төлөх үүргийн гүйцэтгэлийн үнэ 19,0 сая төгрөгийг нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг өөрийн нэрээр шилжүүлсэн зэрэг баримтуудаар хариуцагч А.Баасанжавын тайлбар үгүйсгэгдэж байх тул Б.Эрдэнэцэцэгийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч А.Баасанжавын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч А.Баасанжавын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 138/ШШ2017/00440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 208 дугаар зүйлийн 208.2, 208.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Баасанжаваас 19000000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт олгосугай“ гэж өөрчилсүгэй.

  1. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Баасанжаваас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Л.НАРАНБАЯР

                   ШҮҮГЧ                                                                 Д.БАЙГАЛМАА     

                                                                                           З.ЭНХЦЭЦЭГ