Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/194

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

Шүүгдэгч: ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ... овогт ... ... холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, Натур худалдааны төвд барилгын ажил хийдэг гэх, ам бүл 1, *** аймгийн *** сум, *** дугаар баг, *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн *** дугаар хороо, *** тоотод  түр оршин суух, /РД:.../ улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,... овогт ... ....

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч ... нь 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30б байрны орцны үүдэнд хохирогч ... биет 25.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ... дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч ... нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** байрны орцны үүдэнд хохирогч ... биет 25.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн авсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-3, 4, 5 тал/,

Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 2 дугаар сарын 14-ний оройн 21 цагийн үед ...Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр *** сургуулийн ар талын *** дугаар байранд амьдардаг ахынхаа гэрт очихоор ганцаараа алхсан. Ахынхаа гэрийн гадаа ирээд, байрных нь доод нэг давхарт байрлах хүнсний дэлгүүр ороод тараг авчихаад орц руу орох гээд нэг гартаа бэлэн 25.000 төгрөг барьчихсан, нөгөө гараараа орцны код хийх гээд зогсож байтал байрны гадна талд байрлах автомашины зогсоол дээрээс нэгэн эрэгтэй хүн ганцаараа миний хажуу талд ирж зогсож байснаа миний гарт байсан 25.000 төгрөгийг булаагаад явсан. Би орцны үүдэнд хэсэг хугацаанд зогсож байтал орцны хаалга онгойн дотроос нь хүн гарч ирэхээр нь би зөрж орцны хаалгаар ороод, ахынхаа гэрт орж болсон явдлын талаар хэлээд удалгүй ахтайгаа хамт гадагшаа гарч тухайн эрэгтэй хүнийг хайсан боловч олдоогүй. ...Намайг цохиж зодож элдэв янзаар доромжилсон зүйл байхгүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, тухайн эрэгтэй надаас авсан мөнгөө буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 35 тал/,

Гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 2 дугаар сарын 14-ны орой Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** хорооллын *** байрны *** тоотод гэрээсээ гарч яваад над руу утсаар яриад байсан эрэгтэй андуудын автобусны буудлын ойролцоо уулзаад юм яриад алхаад байхаар нь яриа таарахгүй болоод намайг нэг үнсье гээд байхаар нь айсандаа энэ хүнтэй удаан уулзаж болохгүй юм байна гэж бодоод зугтаагаад явсан.Би гэр рүүгээ харих явцдаа **** 2 гэх нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүр орж 2 ширхэг 0.5 литр сэнгүр нэртэй пиво, зайрмаг аваад гэр лүүгээ орсон. Би гэр лүүгээ ороод нөгөө над руу залгаад байсан эрэгтэй 99639335 гэсэн утасны дугаарыг нь блок хийгээд орхисон тэр өдрөөс хойш огт холбогдоогүй байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд надтай уулзсан эрэгтэй талаар асуусан би болсон асуудлыг бүгдийг нь тайлбарлаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, баталгаа /хх-ийн 54, 53 тал/,

Шүүгдэгч ... нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 14-ний өдөр миний бие өөрийн түрээслэн амьдардаг Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрандаа ганцаараа нэг шил Хараа нэртэй 750 граммын савалгаатай архийг ууж байгаад Гранд плазагийн орчимд танил эмэгтэй болох ... уулзахаар гэрээсээ гарсан, гарахдаа би үлдсэн тал архиа халаасандаа хийгээд авч гарсан бөгөөд ***гийн орчимд ... уулзаад юм ярингаа алхаж байгаад, ... ажил гарчихлаа гээд яваад өгөхөөр нь би Зурагтын хуучин эцэст гэр нь байрлах талийгаач нагац ах ... гэрт нь очихоор ганцаараа алхсан бөгөөд алхангаа халаасандаа байсан тал шил архиа ууж дуусгаад Монголын үндэсний их сургуулийн ойролцоо байрлах нэгэн байрны гадна талын саадан дотор суугаад тамхи татаж байтал нэг эмэгтэй хүнсний дэлгүүрээс гарч ирээд байрны орц руу орохоор алхахаар нь би тухайн эмэгтэйн араас нь дагаж орцны үүдэнд нь очиход гартаа бэлэн мөнгө барьсан харагдахаар нь, тухайн мөнгийг нь гарнаас нь булааж аваад яваад өгсөн. Тэгээд би тамхи авахаар дэлгүүр ороод тухайн мөнгийг тоолж үзэхэд 2 ширхэг 20.000 төгрөг, 1 ширхэг 5.000 төгрөг нийлээд 25.000 төгрөг байхаар нь нэг хайрцаг клаб ЛД нэртэй тамхи аваад тухайн дэлгүүрээс гараад Зурагтын эцсийн ойролцоо явж байгаад нэгэн дэлгүүр ороод Хараа нэртэй 750 граммын савалгаатай архи худалдаж аваад ганцаараа уусан.Би хэрэг үйлдэхээсээ өмнө нэг шил Хараа нэртэй 750 граммын архи ганцаараа уусан байсан учир нэлээн согтолттой байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ... нь хохирогч ... 25.000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч  ...: “...Би ... ээжийнх нь төрсөн дүү байгаа юм. ... нь 1972 онд *** аймагт айлын том хүү болон төрсөн бөгөөд бага насандаа аймагтаа цэцэрлэг яслиар хүмүүжиж байгаад сургуульд сурах насанд хүрээд *** аймгийн **** дугаар 10-н жилийн сургуульд элсэн орж суралцаад 8 дугаар ангиа төгсөөд *** аймгаас *** дүүрэгт коллежид суралцахаар ирээд том машины жолоочийн сургуульд суралцаж төгсөөд буцаад нутагтаа ирээд ээж, дүү нарын хамт амьдрах болсон. Нутагтаа хувиараа наймаа хийдэг байсан бөгөөд ... гэх эмэгтэйтэй гэр бүл болоод дундаасаа нэг хүүтэй болсон. Эхнэр хүүхэдтэйгээ хамт Улаанбаатар хотод орж ирж амьдрах болсон. Улаанбаатар хотод ирээд хувиараа барилгын ажил хийдэг байсан бөгөөд эхнэр, хүү хоёр нь хоёулаа Солонгос улс руу ажил хийхээр явсан. Миний санаж байгаагаар эхнэр, хүүхэд нь Солонгос улс руу яваад 5-6 жил болж байна. Хувийн зан байдлын хувьд төлөв даруу, миний үгнээс хэр барагтаа гардаггүй. Багаасаа өнчин өссөн учир аливаад их зөөлөн өрөвч зан ааштай хүүхэд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 тал/, шүүгдэгч ... эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 43 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 44 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ... гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 24 дэх талд авагдсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

Шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ... хохирогч ... 25.000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Мөн шүүгдэгч ... нь дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Иймд шүүгдэгч ... “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч ... бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч ... 25.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хавтас хэргийн 35 дахь талд хохирогч ... нь “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, тухайн эрэгтэй надаас авсан мөнгөө буцаан өгсөн...” гэж, хэргийн 53 дахь талд Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...хохирлоо нөхөн төлүүлсэн, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Б-с гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ... нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах... үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах саналыг ... танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч ... үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ... цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ... өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч ... тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, биелэлтэнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч ... тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА