Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2017/00076

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,

Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр баг, Шивээт 6-23 тоотод оршин суух, Самбуу овгийн Ганбатын Цэрэнбатад холбогдох 1.504.000 төгрөг гаргуулахыг хүссэн Өвөрхангай аймаг, Гучин-Ус сум, 1 дүгээр багт оршин суух, Боржгин овгийн Жигмэдийн Хүрэлтогоогийн нэхэмжлэлтэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Хүрэлтогоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч Г.Цэрэнбат нь 2011 оны 11-р сарын 01-нээс 2016 оны 11-р сарын 01-ний өдрийг хүртэл надаас цуварган мөнгө зээлсээр бүгд 1.504.000 төгрөг өгөх үүрэгтэй боловч одоо хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй намайг хохироож байгаа тул түүнээс 1.504.000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Г.Цэрэнбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Миний бие нэхэмжлэгч Хүрэлтогоогийн нэхэмжилж байгаа 1.504.000 төгрөгийг цуварган зээлж авч байсан нь үнэн болно. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа тул нэхэмжлэгчид 2 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна...” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Хүрэлтогоо нь 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Жигмэд овогтой Хүрэлтогоо миний бие иргэн Г.Цэрэнбатад зээлдүүлсэн мөнгөний нэхэмжлэлийн хугацааг 2 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Хүрэлтогоо нь хариуцагч Г.Цэрэнбатаас 1.504.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Цэрэнбат нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч Ж.Хүрэлтогоогийн нэхэмжлэлийн шаардлага 1.504.000 төгрөг /нэг сая таван зуун дөрвөн мянган төгрөг/-ийг хариуцагч Г.Цэрэнбат нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг хүлээн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Цэрэнбатаас 19.507, орон нутгийн төсвийн орлогоос 19.507 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Хүрэлтогоод олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.014 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА