Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/145

 

2021          01          26                                  2021/ШЦТ/145

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Л.Галав,  

шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн 2006 01471 2515 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эгч, хүргэн ах, зээ дүү нарын хамт Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо ........ тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийи хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 8 сар  хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 4 cap хорих ял,  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар ялаар тус тус шийтгүүлсэн, Ж.О /РД:/

 Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Ж.О нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Энхжинг хоолой боох, түлхэж газар унагаах, чирэх үйлдлээр хүзүү, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 00:00 цагийн үед манай хоёр дүү Мөнх-Оргил, Батхүү нар надад орцонд гарч танд юм хэлье гэж хэлэхээр нь би дагаад гартал орцонд Ж.О байсан. Тэгтэл Ж.О намайг хараалын үгээр хэлж дээгүүрх хувцсаа тайлж би гэрт чинь орж хутга авч чамайг алчихаад дараа нь өөрийгөө ална гэж хэлээд гэрт орох гээд байхаар нь би оруулахгүй байсан чинь орцонд байдаг галын хорны хайрцганд байдаг төмрийг авч тэр төмрөөрөө миний хоёр гарын булчин хэсэгт цохиод үснээс зулгааж газарт хэвтүүлээд хоолой боосон. Тэгээд миний цээжин дээр өвдөглөж суухаар нь би орилход миний амыг гараараа дараад байсан. Тэгтэл хөрш айлын ах орцонд орж ирэхээр нь би зугтаагаад гэртээ орсон. Тухайн үед манай хоёр дүү хажууд хараад зогсож байсан. Гэртээ ороход эмээ хоёр дүү чинь хаана байна гараад дагуулаад ороод ир гэхээр нь би буцаж гартал байхгүй байхаар нь би буцаад гэртээ орсон. Гэртээ ороод удаагүй байхад н.Батхүү ганцаараа орж ирэхээр нь би түүнээс н.Мөнх-Оргилыг асуухад хажуу талын орцонд Ж.О-той хамт байгаа гэж хэлсэн. Тэгээд би н.Батхүүтэй хамт хажуу талын орцонд ороход тэр орцны 16 дугаар давхарт Ж.О, н.Мөнх-Оргил хоёр байхаар нь би дүүгээ аваад явах гэтэл Ж.О явуулахгүй миний үснээс зулгааж, хоолой боогоод газарт унагааж нүүрэн дээр хөлөө тавиад нүүрийг чинь бяцална гээд байсан. Тэгээд намайг чирч гадаа гаргаад утасныхаа шилийг хоёр хуваагаад нэг хэсгийг өөрөө амандаа хийгээд нөгөө хэсгийг нь надад өгч идүүлэх гээд байсан. Тэр үед би зугтааж гэртээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3234 дугаартай “Б.Энхжингийн биед хүзүү, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гзмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25 хуудас/,

Яллагдагч Ж.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 1 жил орчим үерхэж байсан найз охин болох Б.Энхжинтэй уулзхаасаа өмнө хэлэхгүй очсон. Тэгсэн гэртээ байхгүй байхаар нь хүлээж байсан чинь Б.Энхжингийн дүү Б.Энхжин эгч тантай уулзахаар явсан. Дөнгөж сая тантай зөрчих шиг боллоо, сая автомашинд суугаад явчихлаа гэж хэлсэн ... Тэгэхээр нь би дүүгээр нь дуудуулаад уулзсан чинь өөр хүнтэй уулзсан буруугаа хүлээхгүй байсан ба намайг цохиод байсан. Тэгээд би уурлаад гар руу нь цохиод хоолойг нь боосон. Тэгсэн гэр рүүгээ ороод гарч ирэхгүй байхаар нь би өөрийгөө ална гэж хэлсэн боловч гэрээсээ гарч ирээгүй ... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах 75а байрны орцонд насанд хүрээгүй хохирогч Б.Энхжинг бусадтай хардсаны улмаас хоолойг боох, гаран тус газарт цохих, үснээс зулгаах, газарт унагах, нүүрэн тус газарт өвдөглөх, чирэх зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь хүзүү, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Ж.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийн “Ж.О намайг хараалын үгээр хэлж, дээгүүрх хувцсаа тайлж би гэрт чинь орж хутга авч чамайг алчхаад дараа нь өөрийгөө ална гэж хэлээд гэрт орох гээд байхаар нь би оруулахгүй байсан чинь орцонд байдаг галын хорны хайрцганд байдаг төмрийг авч тэр төмрөөрөө миний хоёр гарын булчин хэсэгт цохиод үснээс зулгааж газарт хэвтүүлээд хоолой боосон. Тэгээд миний цээжин дээр өвдөглөж суухаар нь би орилход миний амыг гараараа дараад байсан ... Тэгээд би дүү Батхүүтэй хамт хажуу талын орцонд ороход тэр орцны 16 дугаар давхарт Ж.О, Мөнх-Оргил 2 байхаар нь би дүүгээ аваад явах гэтэл Ж.О явуулахгүй миний үснээс зулгааж, хоолой боогоод газарт унагааж нүүрэн дээр хөлөө тавиад нүүрийг чинь бяцална гээд байсан. Тэгээд намайг чирч гадаа гаргаад утасныхаа шилийг хоёр хуваагаад нэг хэсгийг өөрөө амандаа хийгээд нөгөө хэсгийг нь надад өгч идүүлэх гээд байсан” гэх мэдүүлэг /хх-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3234 дугаартай “Б.Энхжингийн биед хүзүү, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-24-25/, яллагдагч Ж.Огийн “би уурлаад гар руу нь цохиод хоолойг нь боосон. Тэгсэн гэр рүүгээ ороод гарч ирэхгүй байхаар нь би өөрийгөө ална гэж хэлсэн боловч гэрээсээ гарч ирээгүй ... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-34-35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.О нь насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон.

Насанд хүрээгүй хохирогч Б.Энхжин нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэгт авагдсан Ж.О-н үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Ж.О-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Насанд хүрээгүй хохирогч Б.Энхжин, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Энхтуяагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.О-н үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил ял оногдуулж,  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг баримтлан нэмж нэгтгэн нийт 5 сар 15 хоногийн хугацаагаар тогтоон нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгч саналыг хүлээн зөвшөөрч оролцсон.

Шүүгдэгч Ж.О-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 75 хоног буюу 2 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан 5 сар 10 хоног хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.О-н 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О-д авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ж.О-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.О-д 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 793 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн ялд, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 8 цагийг ажлын нэг хоногоор дүйцүүлэн 2 сар 15 хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар Ж.О-д оногдуулсан нийт 5 сар 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.О-н 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.                                                                                        

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор, хор уршигтай холбоотой хохирол болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ