Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/170

 

2021        02          02                                   2021/ШЦТ/170

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.А-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906073312987 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн 13 дугаар гудамж ........... тоотод оршин суух хаягтай,

Урьд 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 1992 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн харгалзсан,

2006 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар,

2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар,

2008 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  тус тус ял шийтгүүлж байсан, О.А /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч О.А нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд караокед иргэн Х.Эрдэнэбатыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж “ гар утсаар чинь хүнтэй яриад өгье” гэж Samsung А6 маркийн, хар өнгийн 320000 төгрөгийн үнэтэй гар утсыг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зүс таних Баатартай гадаа таараад найз Наагийгийнд очсон юм. Тэнд анх Анхаа гэх залуутай танилцаад бид дөрөв 1 шил архи уусан. Тэгээд гэрээс нь гараад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” караокед орсон. Тэнд байхдаа Анхаа миний “Самсунг А6” маркийн, хар өнгийн гар утсаар хүнтэй яриад өгье гээд авсан. Би явлаа гэсэн чинь байж бай гээд явуулаагүй юм. Анхаа  миний утсаар яриад орж гараад яваад байснаа нэг мэдсэн чинь явчихсан байсан. Өөрийнхөө 85918873 дугаарт холбогдохоор утсаа авахгүй, мессеж бичихээр эхнэр нь Анхаа хөдөө явсан гэж хариу бичсэн байсан ... Утсыг минь авч ирж өгөх байх гээд хэд хоног хүлээгээд холбогдохгүй болохоор цагдаад хандаж байна. ... тухайн үед О.А миний гар утсыг надаас авахдаа хүнтэй утсаар яримаар байна тэр хүнээсээ мөнгө авах гээд байна гэж хэлсэн. Ингээд тус караокеноос миний утсыг авч гараад тэр чигээрээ явсан байсан. Би гар утсаа О.Ат өгчхөөд ирэхийг нь хүлээгээд ирэхгүй байхаар нь хамт явж байсан хүний гар утсаар О.Аын өөрийнхөн дугаар луу залгуулахад утсаа авахгүй байсан ба би өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан ... О.А надаас гар утсыг минь авахдаа эхнэр дээрээ очоод ирье гэж хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 06-10 хуудас/,

Гэрч М.Лхагвабаатарын “ ...Цайзын уулзвараас урагшаа Офицер руу явдаг замын зүүн талд зам дагуу байх нэг караокед ороод нэг нэг 0.5 литрийн пиво аваад сууж байгаад О.А нь Эркагаас  гар утсаа өгч байгаач утсаар чинь яриад өгье гэж хэлээд гар утсыг нь авч гараад орж ирээгүй. Гар утсыг нь аваад явсан байгаа ... Х.Эрдэнэбатын алдсан гэх гар утас нь “Самсунг” маркын ухаалаг гар утас байсан ба Эрка гар утсаа Анхаад өгөх үедээ цоожийг нь хурууны хээгээ уншуулаад тайлж өгч байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 хуудас /,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б31-20-043 дугаартай “Samsung А6” маркийн хар өнгийн, 2019 оны 02 дугаар сард авч байсан гар утас 320.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч О.А-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.А нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд караокед иргэн Х.Эрдэнэбатыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж “ гар утсаар чинь хүнтэй яриад өгье” гэж Samsung А6 маркийн, хар өнгийн 320000 төгрөгийн үнэтэй гар утсыг авч залилсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч О.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч О.А-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

  Хохирогч Х.Эрдэнэбат нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч О.А-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.А нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ О.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож торгох ялаар солихыг шүүгдэгч О.А-д мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                             

1. Шүүгдэгч О.А-г “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.А-д оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тайлбарлан мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.ХАТАНЦЭЦЭГ