Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2017/00089

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Согинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 9-139 тоотод оршин суух, Боржгино овгийн Санжаагийн Сарнай /РД:ЙК88072102/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Өлзийт сум 3 дугаар баг, “Улаан толгой” гэх газар оршин суух, Боржигоно овгийн Даваагийн Цэрэнтогтох /РД: ЙК86080615/-д  холбогдох,

“Дундын эд хөрөнгө болох 43.252.500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч С.Сарнай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Сарнай миний бие Д.Цэрэнтогтохтой 6 жил гэр бүл болон амьдарч байгаад Д.Цэрэнтогтох байнга архи ууж гэр бүлдээ дарамт үзүүлдэг байдлаас шалтгаалж 2016 оны 05 дугаар сараас өөрийн хүү Сангарагчаа, охин Бадамханд нарын хамт Улаанбаатар хотод эгчийндээ амьдрах болсон. 2016.09.02-нд Д.Цэрэнтогтохоос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Д.Цэрэнтогтохыг үр хүүхдээ бодоод тодорхой эд хөрөнгийг өгөх байх гэж тухайн үед эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлээгүй юм. Гэтэл Д.Цэрэнтогтох нь чамд юу ч өгөхгүй гэж байгаа, эд хөрөнгөөсөө зарж байгаа тул гэр бүл болсноос хойш хамтран бий болгосон хөрөнгөө Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлсэн. Д.Цэрэнтогтохоос өөрт оногдох болон хүү Сангарагчаа, охин Бадамханд нарт оногдох хөрөнгийн үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний бие Д.Цэрэнтогтохтой 2010 оноос 2016 оны хооронд гэр бүл болон амьдарч байхдаа Өлзийт сумын Ерөнхий Боловсролын сургуульд Түүх нийгмийн багш хийж ажиллаж цалингаа гэр бүлдээ зарцуулж ирсэн. Д.Цэрэнтогтох бидний хамтын хөдөлмөрөөр бий болсон эд хөрөнгө буюу байшингийн торх, портер маркийн машин, 4, 5 ханатай гэр, банзан хашаа, блокон саравч, адуу, үхэр, хонь, ямаа зэргийн нийт үнийн С.Сарнай надад оногдох болон 2 хүүхдэд оногдох үнэ буюу 43.252.500 төгрөгийг /дөчин гурван сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуу/ хариуцагч Д.Цэрэнтогтохоос гаргуулж өгнө үү...” гэжээ.

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “1.С.Сарнай миний бие Д.Цэрэнтогтохоос дундын эд хөрөнгө болох дөчин гурван сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуун /43.252.500/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд бид арван сая /10.000.000/ төгрөг авахаар эвлэрч байна. Үлдэх гучин гурван сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуун /33.252.500/ төгрөгөөс татгалзаж байна. 2.Д.Цэрэнтогтохоос арван сая /10.000.000/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын дотор авахаар тохиролцов. 3.Хариуцагч Цэрэнтогтох нь улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 186.106 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулахаар эвлэрлээ. 4.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 5.Анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл болон гомдол гаргах эрхгүй болохыг ойлголоо” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Сарнай нь хариуцагч Д.Цэрэнтогтохоос “дундын эд хөрөнгө болох 43.252.500 төгрөгийг гаргуулахаар” тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 43.252.5000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 33.252.500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 10.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сард өдөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Шүүхээс зохигчид эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч С.Сарнай нь хариуцагч Д.Цэрэнтогтохоос 10.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Цэрэнтогтохоос 186.106, орон нутгийн төсвийн орлогоос 186.106 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Сарнайд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374.212 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН