Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/208

 

2021        02           05                                  2021/ШЦТ/208

  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Э.Ариунболд,

Шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Н-д холбогдох эрүүгийн 2006 04024 2753 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймаг Баян-Уул суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Нарантуул зах дээр ачаа зөөдөг, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймаг Баян-Уул сум 4 дүгээр баг Жавар хошуу гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 14 хороо Цагаан хуарангийн ард талын нийтийн байрыг түрээслэн түр оршин суух,

Урьд Дорнод аймгийн сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 666 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 802 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1822 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 704 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, Ө.Н /РД:/

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ө.Н нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул ОУХТ-ийн хойд хаалган дээр "машины гэрэл хагалсан мөнгө өгөхгүй" гэх шалтгааны улмаас Э.Орхонтуултай маргалдан улмаар хоолойг нь боож, зүүн талын хавирга руу нь 1 удаа өшиглөж, уруулны доод хэсэгт нь гараараа 1 удаа тус тус цохиж биед нь тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, буйланд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Орхонтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны хойд талын хаалган дээр 80-32 УНИ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинтайгаа явж байхад машины арын гэрлийг нь тэрэг түрж байсан хүн мөргөөд хагалчихсан. Тэгээд буугаад очиход эмэгтэй хүн байсан. Бид хоёр замаа чөлөөлөөд зогсож байсан. Тэгээд байж байхад нөхөр нь бололтой нэг залуу ирээд эхнэрлүүгээ уурлаад байсан. Тэгээд над руу ирээд намайг боогоод чи эхнэрээс мөнгө нэхдэг хэн бэ гэж хэлээд байсан. Тэгээд нэг мэдсэн газар унаад куртикнээс татаад зүүн талын хавирга руу 1 удаа өшиглөсөн, баруун гарын ядам хуруу хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд босоод иртэл уруулны доод хэсэгт гараараа 1 удаа цохиж доод шүдний буйл хэсэгт язарсан байсан. Машины гэрэл хагалсан 80,000 төгрөг, нийтдээ уг хүнтэй 200,000 төгрөгний хохирол төлж өгөхөөр ярилцаж тохирсон байсан. Би төлбөрөө барагдуулмаар байна гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 хуудас/,

Гэрч Б.Өлзийтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Уг хүн би Ө.Н-г үлдээчихээд ачаа буулгаад буцаад ирнэ гэж хэлсэн. Гэтэл уг хүн явуулахгүй байсан бөгөөд тэргэн дээр байсан ачааг багажиндаа хийх гээд зүтгээд байсан ба Ө.Н гүйж ирээд цохиод авсан юм. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож маргалдсан юм. Маргааш нь очоод үзүүл гэхэд ерөөсөө очиж үзүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11772 дугаартай "...Э.Орхонтуулын биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, буйланд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ө.Н нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн хойд талын хаалган дээр “тэргээр машинд гэмтэл учруулсан хохирлоо төлнө, төлөхгүй” гэсэн маргааны улмаас хохирогч Э.Орхонтуулын хоолойг  боох, нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, буйланд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Ө.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Э.Орхонтуулын “... Тэгээд над руу ирээд намайг боогоод чи эхнэрээс мөнгө нэхдэг хэн бэ гэж хэлээд байсан. Тэгээд нэг мэдсэн газар унаад куртикнээс татаад зүүн талын хавирга руу 1 удаа өшиглөсөн, баруун гарын ядам хуруу хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд босоод иртэл уруулны доод хэсэгт гараараа 1 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 хуудас/, гэрч Б.Өлзийтөгсийн “...Ө.Н гүйж ирээд цохиод авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож маргалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11772 дугаартай “Э.Орхонтуулын биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, буйланд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгтхамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Н нь хохирогч Э.Орхонтуулын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа гэм буруу дээр маргахгүй байр суурь илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Ө.Н-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд нэг талаас ачаа түрдэг тэргээр машины гэрэл мөргөж хагалж гэмтээсэн хохирлоо төлөхийг шаардаж, нөгөө талаас эхнэрээ өмөөрч, хохирлыг төлөх эсэх дээр маргаж үл ойлголцсон хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдэгджээ.  

Хохирогч Э.Орхонтуул нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар учирсан 120 000 төгрөг нэхэмжилсэн, хор уршиг, гэм хортой холбоотой хохирол нэхэмжлээгүй байна.

Гэм буруугийн шүүх хуралдаан дууссаны дараа шүүгдэгч Ө.Н-н өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж завсарлага авсан ба хохирогчийн эзэмшлийн дансанд 120 000 төгрөг шилжүүлсэн баримтаар түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Ө.Н-н эхнэр Б.Өлзийтөгсийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирол энэ гэмт хэргийн хохиролд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ө.Н-н үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгальмаагаас торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулах, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлсэн ба торгох ялыг биелүүлэх хугацааны талаар тусгайлан санал гаргаагүй тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Ө.Н-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Ө.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Нарантуул олон улсын худалдаан төвд ачаа зөөж хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлого олох боломжтой байдал, удаа дараа ял шийтгүүлсэн, сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял түүнээс үл хамаарах шалтгааны улмаас биелэгдээгүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ө.Н нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1822 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 704 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байна.

Хэрэв шүүхээс энэ хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэсэн тохиолдолд ял нэмж нэгтгэх хуулийн шаардлага гарч ирэх бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 704 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх, ингэхдээ нийт ялын хэмжээг 720 цагаас хэтрүүлж болохгүй гэсэн зохицуулалтаас үзэхэд нийтэт тустай ялыг хэрэглэх нь тохиромжгүй юм.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зохицуулсан байна.

Ө.Н-д торгох ялыг сонгон хэрэглэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ө.Н-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Н-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ