| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0177/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/209 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/209
2021 02 05 2021/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч М.Отгонжаргал,
Хохирогч С.Оргилбаяр,
Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э-д холбогдох эрүүгийн 2106 00000 0047 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаанбаатар их сургуульд багш ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Happy town хотхон ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж.Э /РД:/
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Э нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их сургуулийн хичээлийн байранд хувийн таарамжгүй харилцааны улмаас хамт ажилладаг багш С.Оргилбаярыг зодож эрүүл мэндэд нь дээд, доод уруул баруун завжинд шарх, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун завьж, дээд, доод уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан эмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч С.Оргилбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би сургуулийн 00-д Ж.Этэй таарсан. Нөгөө тайлангийн ажил юу болж байна гэхэд би хийхгүй гэж хэлэхэд нь өөрөө хийе, би хийж чадахгүй биш гэж хэлээд тэнхимийн эрхлэгч рүү орж хэлээд өрөөндөө орсон. Гэтэл Ж.Э хаалганы гадаанаас сонссон байсан. Тэгээд Ж.Э миний өрөөнд орж ирээд хаалга түгжээд намайг 7-8 удаа цохисон. Гүйж гараад тэнхимийн эрхлэгчид намайг зодоод байна гэдэг талаар орж хэлсэн. Тэгээд өрөөндөө буцааж орж иртэл дахиж орж ирээд намайг зодсон. Би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн. Би чамайг цохилцохыг хүсэхгүй байна гэдгээ хэлсэн. Гэтэл Ж.Э тэгвэл цагдааг чинь иртэл би чамайг үхтэл чинь зодоод цагдааг чинь ирэхээр би бүх хэргээ хүлээн гэж хэлсэн. Толгой руу нэлээн цохисон. Хөл рүү өшиглөснийг нь би хаасан. Заамдаж аваад цонх руу мөргүүлсэн, ширээ рүү түлхсэн. Тэгээд цагдаа орж ирээд аваад явсан. Одоо хаана явж байгаад хэнд зодуулж үхэх ээ би мэдэхгүй байна. Зүгээр ахаа гээд явж байсан хүн ингэсэн болохоор хэцүү байна. Эхний ээлжид гэмтлийн эмнэлэг дээр аман дотроо оёдол хийлгэсэн, гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийлгэсэн. 2 хоногийн дараа нүдэнд цус хурсан. Нэгдүгээр эмнэлэг болон Гуравдугаар эмнэлэг, Болор эмнэлэгт үзүүлсэн. Нүдэнд цус харвасан байна гэж хэлсэн. Толгой байнгын дүйнгэтэй байгаа. Бариа хийлгэж болохгүй гэсэн учраас толгойны эм ууж байгаа. Цаашид ямар нэгэн эмчилгээний талаар зардал гарч болзошгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч С.Оргилбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Улаанбаатар их сургуульд багш ажилтай. Тухайн өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 16-нд 14 цаг 30 минутын орчимд 00-д Ж.Э гэх эрдэм шинжилгээний ажилтантай таараад тэнхимийн тайлан юу болж байна гэхэд миний ажил биш чиний ажил гэсэн. Тэр үед би чи хийж чадахгүй бол би өөрөө хийнэ гээд эрхлэгчийн өрөөнд орж тайлан хийж чадахгүй гэж байна. Би өөрөө хийнэ гээд тайлангийн хавтас аваад өрөөндөө орсон. Тэр үед Ж.Э үүдэнд сонсож байсан юм байна. Өрөөндөө ороод ажлаа хийж эхлэх үед Ж.Э дагаж орж ирээд хаалга түгжээд нүдний шилээ авч тавиад зодож эхэлсэн. Миний хүзүү шанаа орчимд баруун гараараа 5-7 удаа цохисон. ... цагдааг чинь ирэх хүртэл үхтэл чинь зодоод хэргээ хүлээнэ гээд дахиад зодоод байсан. Миний нүүрний зүүн баруун тал болон хамар луу хэдэн удаа цохисон мэдэхгүй маш олон удаа цохисон. ... Тархи хөдөлсөн, толгой өвдөж байна, хацар нүүр хэсэгт тэр чигээрээ өвчин, аман дотор хэд хэд сэтэрсэн оёдол тавиулсан, нүдэнд цус хурсан, хамар дотор жаахан өвчтэй байна. ...Одоогийн байдлаар 200.000-300.000 төгрөг гарсан. Би баримтаа бүрэн цуглуулаад шүүх хурал дээр аваад очно” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуудас/,
Гэрч Э.Мижиддоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр багш Ж.Эрдэнийн гэрт түүнтэй хамт пиво угаад 14 цагийн орчим байх ажил дээрээ ирсэн шиг санаж байна. Тэгээд тус тусын ажлаа хийж байхад 2 давхарт дуу чимээ гараад хүн орилж хашхираад байхаар нь очиход багш Оргилбаярын өрөөнд Идэрхангай Эрдэнийг барьсан, Оргил ширээнийхээ ард уруул нь хавдсан байдалтай байсан. Тэгээд Оргилбаяр надад хандаж энэ намайг зодчихлоо гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Т.Идэрхангайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Оргилбаяр багшийн өрөөнд хэрүүл зодоон болохоор нь би очоод хаалгыг нь татахад хаалга дотроос нь түгжсэн байсан ба хэсэг хугацааны дараа онгойхоор нь ороход Ж.Э Оргилбаярыг заамдаад зогсож байсан ба тухайн үед Оргилбаяр нь утсаар ярьж байсан. Намайг харахад Оргилбаяр хэд хэдэн удаа цохиулсан бололтой шанаа толгойн бомбойсон шүд ам нь цус болсон харагдсан. Юу болоод байгаа юм бэ гэхээр хэн ч юм ярихгүй хоорондоо ална тална гээд байсан” /хх-ийн 40-42 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай дүгнэлт “...С.Оргилбаярын биед дээд, доод уруул баруун завжинд шарх, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун завьж, дээд, доод уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 13-14 хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн хохирол төлбөрийн талаарх 2 хуудас баримт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч нь Ж.Э нь согтуугаар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их сургуулийн хичээлийн байранд тайлан бичсэнгүй гэснээс буюу хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч С.Оргилбаярыг биед халдан зодож эрүүл мэндэд нь дээд, доод уруул баруун завжинд шарх, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун завж, дээд, доод уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э-н өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч С.Оргилбаярын өгсөн “... Ж.Э миний өрөөнд орж ирээд хаалга түгжээд намайг 7-8 удаа цохисон ... Ж.Э тэгвэл цагдааг чинь иртэл би чамайг үхтэл чинь зодоод би бүх хэргээ хүлээнэ гэж хэлсэн. Толгой руу нэлээн цохисон. Хөл рүү өшиглөснийг нь би хаасан. Заамдаж аваад цонх руу мөргүүлсэн, ширээ рүү түлхсэн. Толгой байнгын дүйнгэтэй байгаа. Бариа хийлгэж болохгүй гэсэн учраас толгойны эм ууж байгаа. Цаашид ямар нэгэн эмчилгээний талаар зардал гарч болзошгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс хохирогч С.Оргилбаярын “... Миний хүзүү шанаа орчимд баруун гараараа 5-7 удаа цохисон ... цагдааг чинь ирэх хүртэл үхтэл чинь зодоод хэргээ хүлээнэ гээд дахиад зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-9-11/, гэрч Э.Мижиддоржийн “... тус тусын ажлаа хийж байхад 2 давхарт дуу чимээ гараад хүн орилж хашхираад байхаар нь очиход багш Оргилбаярын өрөөнд Идэрхангай Эрдэнийг барьсан, Оргил ширээнийхээ ард уруул нь хавдсан байдалтай байсан. Тэгээд Оргилбаяр надад хандаж энэ намайг зодчихлоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-37-38/, гэрч Т.Идэрхангайн “... Ж.Э, С.Оргилбаярыг заамдаад зогсож байсан ба тухайн үед Оргилбаяр нь утсаар ярьж байсан. Намайг харахад Оргилбаяр хэд хэдэн удаа цохиулсан бололтой шанаа толгойн бомбойсон шүд ам нь цус болсон харагдсан” /хх-40-42/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай “С.Оргилбаярын биед дээд, доод уруул баруун завжинд шарх, хоёр нүдний доод зовхинд цус хуралт, баруун завж, дээд, доод уруул, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-3-14/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос гаргаж өгсөн 2 хуудас баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э нь хохирогч С.Оргилбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцсон.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Ж.Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Ж.Э, С.Оргилбаяр нар хамт ажилладаг, багш ажилтай, тайлан бичсэнгүй гэх асуудлаас болж үл ойлголцон С.Оргилбаярын биед хүч хэрэглэн халдаж хохироосон байна. Ж.Э нь дээрх гэмт хэргийг үл ялих зүйлээр шалтаглан үйлдсэн ба ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажлын байранд согтуугаар ирсэн нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Прокуророос гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг арилгуулах, дахин ийм төрлийн гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургуулийн захиргаанд мэдэгдэл бичсэн нь зөв зүйтэй байна.
Хохирогч С.Оргилбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 280 365 төгрөг нэхэмжилсэн, цаашид гарах гэм хор, уршгийн хохирлоо нэхэмжлэхээ илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-с 280 365 төгрөг гаргуулан хохирогч С.Оргилбаярт олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.Э-н үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Ж.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Ж.Э-н зүгээс торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ж.Э-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Ж.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Оргилбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж.Э-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Э-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Э-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Э-с 280 365 төгрөг гаргуулж, хохирогч С.Оргилбаярт олгосугай.
7. Хохирогч С.Оргилбаяр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Ж.Э-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ